Шалгалтын нислэгийн хэсэг нь тус албаны үндсэн чиг үүргийг 2 ажлын нэг болох шалгалтын нислэгийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Монгол улсын агаарын зайд болон нисэх буудлуудад ашиглагдаж буй холбоо навигаци, гэрэл суулт, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийг заагдсан хугацаанд нислэгээр шалган баталгаажуулахаас гадна Монгол улсын нутаг дэвсгэр дээр байрлаж буй бүх нисэх буудлуудад ашиглагдаж буй хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Шалгалтын нислэг нь нислэгийн журмын зохиолт болон холбоо, навигацид ашиглаж буй ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн цацаргаж буй дохионы чанар ба үзүүлэлтүүд нь стандарт шаардлагын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тусгай шаардлага хангасан шалгах баг, агаарын хөлөг ашиглан шалган баталгаажуулдаг технологи ажиллагаа юм.
Энэхүү технологи үйл ажиллагаа нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үндэс суурь нөхцөл болдогоороо онцлог бөгөөд өнөөгийн байдлаар
- Хэрэглэлээр буулт үйлдэх систем (Instrument Landing system);
- Бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч (Doppler Very High frequency Omnidirectional Radio Range);
- Зай хэмжигч төхөөрөмж (Distance Measurement Equipment);
- Чиглүүлэх радио станц (Non Directional Beacon);
- Гэрэл суултын систем (Airfield Lighting System);
- Ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч (Precision Approach Path Indicator);
- Маркерын радио дохиологч (Marker);
- Ажиглалтын хоёрдогч радиолокатор (Secondary Surveillance Radar);
- Автоматаар чиглэл тогтоогч (Direction Finder);
- Нэвтрүүлэг бүхий автомат хамааралтай ажиглалтын систем (Automatic Dependent Surveillance – Broadcast) зэрэг тоног төхөөрөмжүүдийн хүлээн авах, ээлжит болон тусгай шалгалт тохируулгын нислэгүүдийг хийж гүйцэтгэж байна.
Дээрхээс гадна тус алба нь нисэн ирэх хэрэглэлийн журам (STAR), нисэн гарах хэрэглэлийн нислэгийн журам (SID), оролт үйлдэх хэрэглэлийн нислэгийн журам (APCH), – нарийвчлалтай/нарийвчлалтай бус, ил харааны нислэгийн журам (NPA), сансрын навигацийн нислэгийн журам (RNAV, RNP буюу PBN) төрлийн нислэгийн журмуудыг зохиож боловсруулан, газарт болон нислэгээр шалган баталгаажуулах ажлыг гүйцэтгэж байна.
Шалгалтын нислэгийн төрөл:
Шалгалтын нислэг нь тухайн тоног төхөөрөмжийг ашиглагч байгууллагын хүсэлтийг үндэслэн хийгддэг бөгөөд дараах 3 төрлөөр ангилан үздэг.
1. Хүлээн авах шалгалтын нислэг
Агаарын навигацын үйлчилгээний навигаци болон ажиглалт, гэрэл суултын тоног төхөөрөмж, байгууламжуудыг шинээр, эсхүл шилжүүлэн суурилуулсан тохиолдолд техникийн тодорхойлтоор тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах үүднээс энэ төрлийн шалгалтын нислэг заавал хийгдсэн байна.
2. Хуваарьт шалгалтын нислэг
ICAO-ийн стандарт шаардлагууд хангагдаж байгааг баталгаажуулах үүднээс суултын тоног төхөөрөмж, байгууламжуудад энэ төрлийн шалгалт, тохиргооны нислэг заавал хийгдсэн байна.
3. Тусгай (захиалгат) шалгалтын нислэг
Навигацийн болон ажиглалтын тоног төхөөрөмж, байгууламжуудын сигналын гаргалтанд ямар нэгэн өөрчлөлт орохоор , засвар, өөрчлөлт хийгдсэн эсхүл нисгэгчийн мэдээллийн дагуу осол, зөрчлийн дараа баталгаажуулалт хийх үүднээс ашиглагч байгууллагаас хүсэлт гаргасан, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын эрх бүхий байгууллага, Нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанаас шаардсан тохиолдолд энэ төрлийн шалгалтын нислэг хийгдэнэ.