Монголын Иргэний Агаарын Тээврийн Удирдах газраас Монгол улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтаж “Нисэхийн түүхийн музей”-г анх 1995 оны 5 сарын 25 -нд байгуулсан билээ. Музей байгуулсан барилга нь1936 онд ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан “Добролёт”-ын барилга бөгөөд манай улсын нисэх байгууллагад 1956 онд 5ш ИЛ-14 онгоцны хамт бэлэглэсэн анхны Олон улсын нисэх буудал юм.
Ард түмний хандиваар анхны Ю-13 онгоцыг худалдан авч, ЗХУ-ын иргэн цэргийн нисгэгч А.А.Лапин, 2-р нисгэгч В.А.Соловьев нарын нисгэх баг 1925-05-25-нд жолоодон ирж консулийн дэнж дэхь аэродромд буулгаснаар нисэх хүчний түүх эхэлсэн юм.
Тус музейд нисэхийн түүхэн цаг үеийг харуулсан 200 гаруй фото зураг,10 гаруй уран зураг,уран сийлбэр,нисэхийн үе үеийн ажиллагсдын тухай 1945-2020 он хүртэлх чухал баримт бичиг,билэг дурсгалын зүйл,үзмэр, эд билгийн зүйл монгол улсад нисч байсан онгоцны макетууд зэрэг 400-гаад зүйл хадгалагдан байдаг.