ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төв нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ИКАО/, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /АСI/, Холбооны нисэхийн захиргаа /FAA/, Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, Европын Холбоо, ЖАЙКА, КОЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг сургаж дадлагажуулах ажлуудын хүрээнд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж байна.
Иргэний нисэхийн үндэсний төв байгуулагдсантай холбоотойгоор салбарын болон дотоодын байгууллагуудад мэдээлэл өгөх зорилгоор цахим сонин ба иргэний нисэхийн танилцуулгыг нэгтгэн англи, монгол хэл дээр боловсруулан хүргүүллээ.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
Иргэний нисэхийн үндэсний төвийн үйл ажиллагааг таниулах, мэдээллэх зорилгоор Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, Монгол Улс дахь Франц улсын элчин сайдын яамдтай танилцах уулзалтуудыг зохион байгуулж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцсэн. Цаашид бусад дипломат төлөөлөгчийн газруудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, нисэхийн салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх юм.
ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Иргэний нисэхийн үндэсний төв нь хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэхэд онцгой анхаардаг. Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын Дэлхийн иргэний нисэхийн сургалтын байгууллага, Олон Улсын агаарын тээврийн байгууллага, Олон улсын нисэх буудлуудын зөвлөл болон улс орнуудын иргэний нисэхийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд тогтмол хамрагддаг. 2020 онд Коронавирусын халдвар дэгдсэнтэй холбоотойгоор гадаад сургалтууд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 5 ажилтанг Сингапур Улсын Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сингапур Улсын Нисэхийн академийн аюулгүй ажиллагааны мэргэшүүлэх сургалтуудад хамруулаад байна.