Ангилал
Хэзээ
2023-03-07
Үсгийн хэмжээ
"AVIATION PHOTO NEWS"-IX

 

"AVIATION PHOTO NEWS"-ийн энэ удаагийн дугаарт Нисэхийн сургалтын төвийн хамт олны төлөөлөл оролцлоо. 

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВ

Иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтнуудын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1978 онд байгуулагдсан Байнгын курс нь өнөөгийн Нисэхийн сургалтын төв юм.
Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудад тусгай мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, дадлага туршлага олгох үйл ажиллагаануудыг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг.

СУРГАЛТЫН ТӨВИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Сургалт, дадлагын үйл ажиллагаанд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт, шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник, технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах чадварлаг хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд оршино.

НСТ-ИЙН ЧАНАРЫН БОДЛОГО:

Үйл ажиллагаандаа олон улсын нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэхийн төлөө чанарын удирдлагын тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажилтнуудынхаа ур чадварыг байнга дээшлүүлэн, хэрэглэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан чанартай сургалтуудыг зохион байгуулна.

Нисэхийн Сургалтын Төвийн үндсэн сургалт нь нийт 8 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Нисэхийн сургалтын төв нь ИНД-141 “Иргэнийн нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон “Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ”-ээр гэрчилгээжсэн ба иргэний нисэхийн болон түгээмэл мэргэжлийн чиглэлээр анхан, давтан, дадлага сургалт, мэдээлэл олгох, танилцах сургалтуудыг зохион байгуулдаг, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн Жинхэнэ гишүүн, нисэхийн мэргэжлийн сургалтын байгууллага юм.

ИНЕГ-ын даргын “Орон тоог шинэчлэн батлах тухай” 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/419, 2023 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсанаар НСТ нь өнөөдрийн байдлаар 20 орон тоотойгоор ажиллаж байна.

 

Нисэхийн сургалтын төвийн өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн онцлох

ажлуудынхаа талаар сонирхуулаач.

Б.Урантөгс

/Нисэхийн сургалтын төвийн захирал/

Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй (CATC) хамтран “STP 052-Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-д орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16 суралцагчдыг сонгон шалгаруулж, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Амжилттай төгсөгчдөд Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн “Аэродромын нислэгийн удирдагч”-ийн гэрчилгээг гардан авлаа. Тэд ийнхүү орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчийн дадлага хийн, дараагийн буюу ойртолтын нислэгийн удирдлагын сургалтад хамрагдах эрхтэй болсон.

Одоо Тайландын хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвд “Ойртолтын процедурын нислэг хөдөлгөөний удирдлагын сургалт”-д (Approach Control Procedural STP 053) 6 суралцагч хамрагдаж байна.

Нисэхийн сургалтын төв нь 2012 онд ИКАО-ын “Trainair plus” хөтөлбөрт элсэн орж, 2016 оноос ЖИНХЭНЭ ГИШҮҮН байгууллагын шаардлагыг ханган гэрчилгээжиж, олон улсын сургалтуудыг зохион байгуулах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Олон улсын сургалтын байгууллага (GAT)-аас гэрчилгээ сунгах аудит шалгалтыг тус байгууллагын дарга Диаго Мартинез 2022 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд ирж 10 бүлэг, 170 орчим асуулгын хүрээнд биечлэн шалгалаа. Шалгалтаар тус төвийн үйл ажиллагаанд ямар нэгэн үл тохирол илрээгүй, “Хангалттай сайн” гэсэн үнэлгээ авч, гэрчилгээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл амжилттай сунгуулсан.

Иргэний нисэхийн ерөнхий газар, БНСУ-ын “Хансео” их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Хансео их сургуулийн агаарын тээврийн удирдлагын тэнхимд суралцаж байгаа оюутнууд ирж “Ажлын байрны танилцах сургалт”-д хамрагдлаа. Тус сургалтыг Нисэхийн сургалтын төв 4 дэх удаагаа зохион байгуулж байна.

Нисэхийн сургалтын төв нь цахим сургалтыг зохион байгуулах, орон зайнаас үл хамааран онлайнаар суралцах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор  "Онлайн сургалт, шалгалт, цахим номын сангийн систем" нэвтрүүлсэн ба бүртгэлтэй суралцагчид онлайнаар суралцах, онлайнаар шалгалт өгөх, сургалтын гэрчилгээгээ онлайнаар авах, иргэний нисэхийн салбарын ном товхимлыг онлайнаар унших боломжийг бүрдүүлсэн. Та https://news.mcaa.gov.mn/training/book хандаж иргэний нисэхийн салбарын ном, товхимлыг унших боломжтой.

Мөн Нисэхийн сургалтын төв нь 2021 оноос сургалтын чанарыг улам сайжруулах, суралцагчдын оролцоог түлхүү болгох, ажлын байранд ажилчдын ур чадвар, хандлагыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрүүдийг “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр”- т шилжүүлэн боловсруулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 2022 оны эцсийн байдлаар хүчин төгөлдөр нийт 96 хөтөлбөрөөс 22 хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт шилжүүлэн боловсруулсан. Цаашид 3 жилийн хугацаанд НСТ-д ашиглаж байгаа хөтөлбөрүүдийг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр болгох зорилт тавин ажиллаж байна.

 

Буянт-Ухаа” ОУНБ-ыг түшиглэн нисэхийн сургалт, дадлагын төв болгох томоохон зорилт тавьсан. Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилт ямар шатандаа яваа бол.

Б.Золбоо

/Менежер/

Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 онд ИНЕГ болон ИНҮТ-өөс “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг сургалт, хүмүүнлэгийн зориулалтаар ашиглах ажлыг төлөвлөж улмаар Нисэхийн сургалтын төв болон НБҮГ, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал хамтран сургалт, хүмүүнлэгийн зориулалтаар ашиглах төсөл боловсруулж ИНЕГ-т хүргүүлсэн. ИНЕГ-аас “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нисэхийн сургалтын төв болон  хүмүүнлэгийн хариу арга хэмжээний төв байгуулах ажлын төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 01/1655 тоот албан бичгээр ЗТХЯ-ны ИНБХЗГ-т хүргүүлсэн.

Дээрх тогтоолын хүрээнд Нисэхийн сургалтын төв нь 2022 оны хоёрдугаар сард “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 2 давхарт шилжин ирж сургалтын 3 анги, 2 дадлагажуур, 1 компьютерийн танхимтай сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

 

Гадаадад өндөр үнээр мэргэжилтнээ бэлтгэдэг сургалтуудыг дотооддоо хийх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

Э.Ундраа

/Сургалтын мэргэжилтэн/

Нисэхийн сургалтын төвөөс өнгөрсөн хугацаанд олон улсын багш нартай хамтран Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Trainer plus  хөтөлбөрийн хүрээнд Нислэгийн мэдээллийн үйлчилгээний ажилтны сургалт, Аюулгүй ажиллагаа, удирдлагын тогтолцооны сургалт, ИКАО-ын сургагч багш бэлтгэх сургалт болон Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Цаашид ч дээрх сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

 

Өндөр хариуцлагатай ажлын байранд ажиллах мэргэжилтнийг бэлтгэнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Та хэдэн жил багшилж байгаа вэ?

С.Бадрал

/Багшлагч мэргэжилтэн/

Би иргэний нисэхийн салбарт 16 дах жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бүсийн нислэгийн удирдагчдыг сургаж, дадлагажуулах дадлагажуурын нисгэгчээр ажиллаж, ерөнхий болон нисэхийн нарийн мэргэжлийн англи хэлний хичээл зааж, ИНД 61, 65-ийн дагуу олон улсын агаарын орон зайд нислэг үйлдэх нисгэгч, нислэг хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх нислэгийн удирдагч нараас хэлний ур чадварын шалгалтыг олон зуун удаа авсан. Аюулгүй ажиллагааг үр ашигтайгаар удирдан явуулах нь иргэний нисэхийн салбарын гол онцлог тул тоног төхөөрөмж, техник технологи, эрх зүйн зохицуулалт, салбарын хөгжлийн чиг хандлага, хөгжлийг дагаад хүний нөөцийн ур чадвар илүү хурцаар хөндөгддөг. Иргэний нисэхийн салбар, мэдээллийн технологи, хувь хүний хөгжил, бусад нарийн мэргэжлийн чиглэлээр өсөж дэвших, судалгаа хийх, суралцах, наад зах нь гадаад түнштэйгээ албан мэйл бичихэд гадаад хэл, тэр дундаа англи хэл чухал үүрэгтэй. Өөрөө хэл сайн мэддэг байх нь нэг хэрэг ч, бусдад зааж ойлгуулна гэдэг өөр хэрэг тул багагүй хугацааны туршлага, багш хүний байнга өөрийгөө сайжруулах хүсэл эрмэлзэл, уйгагүй хөдөлмөр шаардсан, хариуцлагатай ажил гэж боддог.

 

Та эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Энэ баярын талаар таны бодол?

О.Хулан

/Захиргааны мэргэжилтэн/

Би ихэвчлэн эмэгтэйчүүдийн баяраар эх орон, нийгэмд гаргасан гавьяа зүтгэлтэй, зориг тэвчээртэй, ур ухаантай эмэгтэйчүүдийн талаар ном юм уу кино үзэж бусдад түгээх дуртай. Учир нь үүнээс би урам зориг, итгэл хүчийг олж авдаг. Мөн мэдээж өсгөсөн ээж, 2 эмээгээ баярлуулдаг. Миний хувьд Мартын 8 бол эмэгтэйчүүд нэгдэж өөрсдийн эрх тэгш байдлын төлөө өөрчлөлтийг шаардаж нийгэмд тулгарч буй өрх толгойлсон ээжүүд, удирдах шатны хүйсийн тэнцвэрт бус байдал, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд гэх мэт асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэж бусдыг уриалж нийгэмд өөрчлөлт авчрахад чухал ач холбогдолтой өдөр гэж боддог.

 

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ ? Бусдадаа санал болгох таны зөвлөмж.

С.Энхчимэг

/Сургалтын хөтөлбөр, стандарт хариуцсан мэргэжилтэн/

Ажлын ачаалал болон бага насны олон хүүхдүүдтэй болохоор өөртөө зориулсан чөлөөт цаг зав өмнөх үетэйгээ харьцуулахад бага гардаг болжээ. Гэхдээ өөртөө чөлөөт цаг бий болгохыг хичээдэг. Жишээ нь ажилдаа ирэх, явах замдаа жижиг цахим ном уншдаг. Ажилчдаа сайхан боломжоор хангасан Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албанд цайны цагаараа  усанд сэлэх болон бусад спортоор хичээллэдэг. Гэрээ цэвэрлэх, хоол хийж байх үедээ хувь хүний хөгжлийн талаар эсвэл сонсох дуртай сэдвээрээ подкаст сонсдог. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх боломж хүн бүрт байдаг бөгөөд хэзээд өөртөө цаг зав гаргаж байгаарай.

 

Сургалтын төв хичнээн төрлийн хэдэн номтой вэ? Ажилтнууд номын сангаар

хэр их үйлчлүүлдэг бол.

С.Батдэлгэр

/Номын санч – мэргэжилтэн/

 Манай номын сан өнөөдрийн байдлаар хэвлэмэл-3300, цахим 1060 нийт 4360 номтой. Дараах төрлүүдээс бүрдэнэ.

- Нисэхийн мэргэжлийн ном, хэвлэл

- Уран зохиол

- Хувь хүний хөгжил

- Англи хэл

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

- Санхүү, эдийн засаг

-Мэдээлэл технологи

-Сургалт, заах арга зүй

-Хүний эрх

-Хууль, эрх зүй

-Анагаах ухаан

-Менежмент

-Бусад.

Өнгөрсөн жил давхардсан тоогоор цахим 3300, танхим 412 ном олгох  үйлчилгээг үзүүлсэн байна. 

 

Та мэдлэг чадвараа хэрхэн дээшлүүлдэг вэ?

И.Гэрэлтуяа

/Сургалт, заах арга зүйн ахлах мэргэжилтэн/

Миний хувьд энэ салбарт орж ажиллаад 18 жил үүнээс Нисэхийн сургалтын төвд 4 дэх жилдээ ажиллаж байна. Нисэхийн сургалтын төв нь өөрөө салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байрны дадлага сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг тул сургалтад хамрагдаж байгаа ажилтнуудтайгаа зэрэгцээд хөгжөөд явж байгаа гэж боддог. Мөн ихэнх цаг хугацаагаа ажлын байрандаа  өнгөрүүлдэг болохоор хамт олноосоо их зүйлийг суралцдаг.

 

Таны ажлын нэг өдрийг зураглавал.

Б.Уянга

/Дотоод хяналт, чанарын удирдлагын ахлах мэргэжилтэн/

Миний ажлын нэг өдөр ажилдаа 7 цаг 30 минутад бэлэн байхын тулд өглөө 5 цаг 30 минутад босч хувийн болон хүүхдийнхээ бэлтгэлийг хангаж, ажилдаа явах замаараа хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөс эхэлдэг.

Ажилдаа ирээд өрөөнийхөнтэйгээ тухайн өдрийн хийх ажил болон өөрсдийн сонин сайхныг ярилцаж, аяга кофе уугаад ажилдаа ордог доо. Сургалтын төвд зохион байгуулагдаж буй сургалтууд болон боловсруулж буй сургалтын хөтөлбөрт хяналт хийх зэрэг мөн нэмэлт бусад ажилтай холбоотой ажил үүргээ хийж гүйцэтгэдэг.

 

Та номын сандаа хэр суудаг вэ ? Таны хамгийн сүүлд уншсан ном.

А.Золжаргал

/Багшлагч мэргэжилтэн/

Оюутан байхдаа Монгол Улсын Үндэсний номын санд сууж хичээлээ давтдаг байсан. Чөлөөт цагаараа Нисэхийн сургалтын төвийн цахим номын сангийн мэргэжлийн чиглэлийн ном хэвлэл болон хувь хүний хөгжлийн талаарх ном уншдаг.

Хамгийн сүүлд уншсан ном маань Бразилийн уянгын зохиолч Пауло Коэльо де Соузагийн “Алхимич” ном. Энэ номонд Андалузийн хоньчин хүү Сантъяго ам дамжин яригдсан нууцлаг эрдэнэсийг олох аялалд мордож байгаа тухай өгүүлдэг. Мөрөөдөл хүсэл нь түүнийг төсөөллөөс нь ч илүү баян болгоно гэдэгт тэр итгэдэг бөгөөд түүний аялал нь хүүд зүрх сэтгэлээ сонсох, зөн совингоо дагахын үнэ цэнийг мэдрүүлж, өөрийгөө нээх, хамгийн чухал нь хүсэл мөрөөдлөө олоход нь тусалдаг тухай өгүүлдэг.

 

 

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
11
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв