ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ХӨЛГӨӨС ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГИЙН САЙХНААР ХАРЖ БОЛНО.
Ерөнхий зориулалтын агаарын хөлгөөр нисэж сурах нь энгийн хүмүүс бидний боломж бололцоо, чадвараас хэтэрсэн зүйл огт биш юм.
Ерөнхий зориулалтын нисэхийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт маш сайн бөгөөд жил бүр өсч ирсэн. Дэлхийн 2-р дайны дараах хувийн болон бизнесийн нислэгийн тоо эрс нэмэгдсэн үеэс хойшхи хугацааг авч үзвэл нийт ослын тоо 85 гаруй хувиар буурч 100,000 нислэгийн цагт 7 осол ноогдож байна. Хамгийн сүүлийн үеийн статистикаас харахад ерөнхий зориулалтын агаарын хөлгөөр жилд 20 саяас их цагийн нислэг үйлдэж байна.
АНУ-д бүртгэлтэй 220,000 орчим агаарын хөлгийн 90 гаруй хувь нь ерөнхий зориулалтын агаарын хөлөг бол 600,000 орчим нисгэгчийн 500,000 гаруй нь ерөнхий зориулалтын нисгэгч байна. Түүнчлэн олон арилжааны агаарын хөлгийн нисгэгчид чөлөөт цагаараа
Ерөнхий зориулалт нь дэлхий даяар маш олон агаарын хөлөг, тээвэрлэгч болон нисгэгчид оролцдог, жилд нийт 20 тэрбум долларын орлого, 150 тэрбум долларын эдийн засгийн эргэлт бий болгодог томоохон салбар болжээ. Ерөнхий зориулалтын нислэгийн орлого нь орон нутгийн нисэх буудлуудын хөгжил, цаашлаад орон нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХ ГЭЖ ЮУ ВЭ?
Хамгийн энгийнээр тодорхойлбол авиакомпанийн үзүүлдэг зорчигч тээвэрлэх хуваарьт нислэгээс бусдыг ерөнхий зориулалтын нисэх гэж ойлгож болно.
Гэвч нөгөө талаас нь авч үзвэл шуудан хүргэх, амралтын өдрөөр гэртээ зочлохоос эхлээд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх, алслагдсан бүс нутагт явагдаж байгаа барилгын ажлын явцыг шалгах, бордоо цацах, агаарын эргүүл хийх гэх мэт олон төрлийн нислэгийг агуулдаг маш өргөн хүрээтэй ойлголт билээ.
Ерөнхий зориулалтын нисэх нийгэмд маш олон эерэг нөлөөг үзүүлдэг учраас бүгдийг нь энд дурдахад хэцүү юм.
Ерөнхий зориулалтын нислэгүүдийн 65 орчим хувийг авиакомпаниудын үзүүлэх боломжгүй уян хатан агаарын тээврийн үйлчилгээ шаардлагатай бизнесийн болон төрийн үйлчилгээнүүд бүрдүүлдэг. Энэ нь бизнесмэн хүн төрсөн хотдоо жижиг уулзалт хийхээр 1000 километрийг 1 хоногийн дотор туулж нисэхээс эхлээд том компанийн захирал уулзалтанд оролцохоор явах замдаа 10,000 метрт 5 ажилтантайгаа хуралдах ч байж болно. Авиакомпанийн хуваарьт нислэгээр аялсан тохиолдолд эхний уулзалтыг хийгээд ирэхэд 4 хоног зарцуулж 3 зочид буудал дамжиж болох бол хоёрдахь уулзалтыг зохиох ч боломжгүй юм.
Гэр бүлийн машинтай адил өөрийн эзэмшдэг эсвэл түрээсэлдэг гэр бүлийн онгоцтой бол хүссэн газраараа хамтдаа аялах боломжтой. Түүнээс гадна газраар аялахаас нисэх нь ямагт илүү зугаатай байдаг. Замын түгжрээний талаар санаа зовох шаардлагагүй. Мөн мэдээж гэр бүлийн онгоцоороо ажил төрлөө богино хугацаанд амжуулах боломжтой.
Жижиг оврын бизнесийн онгоцыг зөвхөн баян хүмүүс худалдаж авах боломжтой гэсэн буруу ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ зарим дундаж давхаргын хүний хувьд гэр бүлийн шинэ үнэтэй машин авахаас жижиг онгоц авах нь хямд байж болно.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТ ХҮНИЙ АМЬ АВАРДАГ
Өдөр тутамд ерөнхий зориулалтын нислэгээр хүнд өвчтөний амийг аврах донорын цус, шилжүүлэн суулгах эрхтэн тээвэрлэдэг бол эмнэлгийн түргэн тусламжийн нислэгээр хамгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг хүргэдэг. Газраар тээвэрлэх боломжгүй өвчтөнийг алс зайтай эмнэлгүүдэд өөрийн онгоцоор хүргэж өгөх тохиолдолд олон байдаг. Ийм үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг орон нутгийн сайн дурын нисгэгчийн холбоод хүртэл байдаг.
Осол аваарт орсоны дараах эхний хамгийн чухал ‘алтан цаг’-т багтаан нисдэг тэргээр эмнэлэгт хүргэснээр тухайн хүний амьд үлдэх магадлалыг 2 дахин өсгөдөг.
БИЗНЕСИЙН БА ХУВИЙН АЯЛАЛЫГ ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХЭЭР ШУУРХАЙ, УЯН ХАТАН ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ
Ерөнхий зориулалтын нислэг хурдан шуурхай, үр ашигтай, аюулгүй бөгөөд маш олон шинэ боломжийг бий болгодог гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс улам бүр олширч байна. Бизнесийн эсвэл хувийн аялалын аль алинд ерөнхий зориулалтын нислэгээр хүссэн газраа (зөвхөн авиакомпанийн нисдэг чиглэлд биш) хүссэн үедээ (нислэгийн хуваарьт баригдахгүй) хүрдэг учраас тээврийн бусад хэлбэрээс илүү шуурхай, үр ашигтай бөгөөд уян хатан хэлбэр юм. Ерөнхий зориулалт нь эдийн засгийн хөгжлийг дэмжиж, зайлшгүй үйлчилгээг иргэдэд хүргэж байдаг учраас бүх хүмүүст үр өгөөжөө өгч байдаг.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛДАГ
Зэрлэг байгалийн судалгаа явуулах, газар орны зураглал хийх, шувуудын нүүдлийг дагах, дархан цаазтай газрын байгаль хамгаалах, нефть дамжуулах хоолойн цоорлыг илрүүлэх гээд олон үйл ажиллагааг тусгай тоноглогдсон улсын болон хувийн ерөнхий зориулалтын агаарын хөлгөөр хамгийн үр дүнтэй бөгөөд зардал багатай гүйцэтгэдэг.
Ой хээрийн түймэртэй тэмцэх хамгийн гол арга хэрэгсэл ерөнхий зориулалтын нисэх байсаар ирсэн. Ус тээвэрлэж асгах саваар тоноглогдсон нисдэг тэрэг болон агаарын хөлгүүд жил бүр олон сая га ой мод, байшин барилгыг шатаж дуусахаас хамгаалдаг.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТ АВТО ТЭЭВЭРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ
Ерөнхий зориулалтын нисгэгчид радио болон телевизээр агаарын мэдээ өгч зам дээр гарсан аваар осол, түгжрэл зэргийг сая сая иргэд болон цагдаа, түргэн тусламж, гал сөнөөгчдөд мэдээлж байдаг.
Агаарын зургуудыг ашиглаж боловсруулсан газрын зургийг хот төлөвлөлт, инженерийн салбаруудаас эхлээд засгийн газрын агентлагуудад ашиглаж бүтээн байгуулалт хийгддэг.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТ ТАНЫГ УНТАЖ БАЙХАД АЖИЛЛАЖ БАЙДАГ
Ерөнхий зориулалтын нислэгүүдээр бүтэн шөнийн турш банкны төрөл бүрийн чек, тооцооны баримтуудыг дараагийн ажлын өдөр эхлэхээс өмнө тээвэрлэж хүргэснээр банк, худалдааны салбарт маш их хугацаа, зардал хугацаа хэмнэж өгдөг.
Түүнээс гадна томоохон авиакомпаниуд хуваарьт нислэг үйлддэггүй газруудад яаралтай бичиг баримт, илгээмжүүдийг байгууллага, хувь хүн, үйлдвэр, банкуудад өдөрт нь хүргэх үүргийг ерөнхий зориулалт хүлээдэг.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛД ТУСЛАДАГ
Хөдөө аж ахуйн нисгэгчид жил бүр 75 сая га тариалангийн талбайг хамгаалсанаас ургацын хэмжээг нэмэгдүүлдэг. Тариалалтын явцад ч мөн агаараас ихээхэн тусламж үзүүлдэг ба АНУ-ын хэмжээнд тариалдаг нийт цагаан будааны 95 хувийг агаараас тарьдаг. Малчид, фермерүүд өвс тарих, малаа хариулахдаа ч ерөнхий зориулалтын онгоц ашигладаг.
Тиймээс ерөнхий зориулалтын нисэх ба хөдөө аж ахуй бол эртнээс хамтран ажиллаж ирсэн, цаашид илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах салбарууд юм.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТ ХУУЛЬ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСЛАДАГ
Ерөнхий зориулалтын онгоцыг улсын хэмжээнд болон орон нутагт хууль сахиулах үйл ажиллагаанд ашигладаг. Жишээ нь хурдны зам дээр хяналт явуулах, сэжигтнийг барих, газрын нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, улсын хилийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэгт нисдэг тэрэг болон хөнгөн агаарын хөлгүүдийг ашиглах боломжтой.
Ганцхан жилийн дотор АНУ-ын Лос Анжелес хотын нисдэг тэрэгтэй цагдаа нар 30,000 гаруй зөрчил (цагт 3.8) мэдээлж, үүний үр дүнд 3500 баривчилгаа хийж 1354 сэжигтнийг илрүүлсэн байдаг. Мөн 747 хулгайлагдсан машиныг олж оршин суух болон хотын төвийн бүсэд гарсан 205 галыг мэдээлжээ.
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТ БОЛ АРД ТҮМНИЙ ТЭЭВЭРЛЭГЧ
Хуваарьт нислэг үйлддэг авиакомпаниудаас ялгаагүйгээр ерөнхий зориулалтын нисэх бол улс орны агаарын тээврийн амин судас юм. Яагаад гэвэл хуваарьт нислэггүй хэдэн мянган жижиг хотоос жижиг хотын хооронд иргэд захиалгат нислэг болон агаарын таксигаар зорчдог. Бизнесийн, ачаа тээврийн болон хувийн нислэгүүд улс орны өнцөг булан бүрт хэрэглэгчийн хүссэн үед хүрч үйлчилдэг.
Томоохон авиакомпаниудын үйлддэг нислэгүүдийн 75 хувийг ердөө 46 том хотоос үйлддэг. Авиакомпанийн зорчигчдын 70 хувь нь 30 томоохон hub нисэх буудлын хооронд зорчдог. АНУ-аар жишээ авахад ердөө 560 нисэх буудал 30-аас дээш зорчигчийн суудалтай агаарын хөлгөөр хуваарьт нислэгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй байдаг. Харин ерөнхий зориулалт хувийн болон улсын нийт 19,600 ширхэг буултын талбай, нисэх буудлуудыг хамрах боломжтой.