“AVIATION PHOTO NEWS”-ийн 2024 оны эхний дугаарт Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн хамт олон оролцлоо.
БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТЭС
Бодлогын хэрэгжилтийн хэлтэс ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ? Хэлтсийнхээ талаар товч танилцуулна уу?
Ч.Одгэрэл
/Дарга/
Стратегийн зорилтын хүрээнд Иргэний нисэхийн салбар тэр дундаа Агаарын навигаци, нисэх буудлуудын үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бодлого, чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх, үйлчилгээний үр ашиг, чанар хүртээмжийг сайжруулах, хууль тогтоомж, дүрэм, журам болон норм нормативын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлтийн дагуу төсөл, хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, чиг үүрэгтэй ажилладаг.
Тодруулбал, манай хэлтэс нь иргэний нисэхийн салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, салбарын хөгжлийн талаар бодлогын санал боловсруулах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэж буй олон улсын болон орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, агаарын зайн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, нислэгийн зөвшөөрлийг уян хатан олгох, нисэх буудлын хүчин чадалд тулгуурлан тогтмол нислэгийн цагийн хуваарийг нэгтгэх, батлах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох томоохон ажлуудаасаа дурдвал?
2023 он маань Иргэний нисэхийн салбарт амжилт бүтээл арвин жил болж өнгөрлөө. Бидний зүгээс Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслийн хүрээнд “Ховд”, “Гурван сайхан” “Чойбалсан”, “Мөрөн” олон улсын нисэх буудлуудыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 253 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмж тусгуулан төслийн концессын урьдчилсан шалгаруулалтыг эхлүүлээд байна. Эдгээр нисэх буудлуудыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын шаардлагыг хангасан 4С, 4D хяналтын кодтой аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий Олон улсын нисэх буудал болгон үйл ажиллагаа, менежментийг төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр ажиллаа. Энэхүү ажлыг концессын “Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах–ашиглах–шилжүүлэх” төрлөөр гүйцэтгэх ажлын даалгавар боловсруулан олон улсад зарлаад байна.
Монгол Улсын агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд агаарын тээвэрлэгчдийг аюулгүй, эдийн засгийн үр ашигтай нислэгийн чиглэл, өндөрт хэрэглэгчийн сонголтоор уян хатан, чөлөөтэй нислэг үйлдэх боломжийг олгох зорилгоор “Free route airspace” буюу Чөлөөт агаарын зай концепцийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсын хурлыг Монгол Улсад 2023 оны 11 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд анх удаа амжилттай зохион байгуулсан. Олон улсын болон дотоодын 30 орчим иргэний нисэхийн болон бусад байгууллагуудын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцсон томоохон арга хэмжээ боллоо.
Иргэний нисэхийн хамтын ажиллагааны хамтын ажиллагааны хүрээнд Ази номхон далайн бүсийн Аюулгүй байдлын хөтөлбөрийн /CASP-AP/ хурлыг 2023 онд Монгол Улс даргалан Тайланд Улсын Бангкок хотод зохион байгуулсан ба уг хурлын үр дүнд аюулгүй байдлын сургагч, болон бусад сургалтуудыг зохион байгуулж оролцож хамтран ажиллаж буй бөгөөд 2024 оны 4 дүгээр сард Монгол Улсад аюулгүй байдлын сургагч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар тогтсон.
Мөн Олон улсын нислэгийн чиглэл, давтамж нэмэгдүүлэх, Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн батлуулах, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн Байнгын хяналтын аргачлалын хүрээнд зохион байгуулагдсан аудит шалгалтад хамрагдах, Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, Агаарын тээврийг хялбаршуулах журамд нэмэлт өөрчлөлт тусгах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллалаа.
Тэгвэл 2024 онд танай хэлтсийн өмнөө тавьсан зорилт юу вэ? Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаасаа дурдвал?
Б.Энх-Амгалан
/Бодлого, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн/
Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслийн хүрээнд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, “Ховд”, “Гурван сайхан” “Чойбалсан”, “Мөрөн” олон улсын нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын шаардлагыг хангасан 4С, 4D хяналтын кодтой аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий Олон улсын нисэх буудал болгох төслийн үйл ажиллагаа, менежментийг төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах томоохон ажил биднийг хүлээж байна.
Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр Нийгэм, эдийн засгийн хувьд төрийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээг тогтворжуулах, олон улсын агаарын харилцааг өргөжүүлнэ, 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг өргөжүүлж, аялал жуулчлал, экспортын шинэ боломжийг нээх, агаарын тээврийг төрөлжүүлж 4-5 агаарын тээврийн боомтыг бий болгох замаар аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх, олон улсын шууд нислэг гүйцэтгэх, Бүс нутгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах, улмаар шилжилт хөдөлгөөнийг сааруулахад дэмжлэг болно гэж үзэж байна.
Мөн Иргэний нисэхийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө эцэслэн гаргаж батлуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг хангуулах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааг шилжүүлэх, Иргэний нисэхийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, АНУ болон Монгол Улс хооронд шууд нислэг эхлүүлэх, Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан зохион байгуулах арга хэмжээг төлөвлөх гээд олон арга хэмжээ биднийг хүлээж байна.
Агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
Х.Одхүү
/Агаарын навигацийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын гишүүн улсуудын дунд агаарын навигацийн чиглэлээр баримтлах бодлогын баримт бичгүүд болох Global air navigation plan (GANP) DOC9750, Aviation system block upgrade (ASBU)-д үндэслэн Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын навигацийн үйлчилгээнд шаардлагатай техник технологи, хүний нөөцийн бодлого шийдвэрийг тодорхойлж, харьяа байгууллагууд болон төрийн захиргааны төв байгууллага, төр, хувийн хэвшлийн агаарын зайн оролцогч талуудын уялдаа холбоог ханган ажиллаж байна.
Агаарын навигацийн чиглэлээр ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудаасаа дурдаач?
Агаарын навигацийн үйлчилгээний хураамж тооцох аргачлалыг шинэчлэх, Монгол Улсын агаарын зайд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажиглалтын үйлчилгээний хамрах хүрээг 100 хувьд хүргэх, БНХАУ-ын талтай хамтран шинэ агаарын хаалга нээж, шинэ чиглэлүүдийг тогтоох, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зайчлалыг олон улсын стандартад нийцүүлэн багасгаж агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх, нислэгийн хөдөлгөөний удирдлагын автомат системийг дэвшилтэт технологид тулгуурлан шинэчлэх, Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр дахь төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Чөлөөт агаарын зам (Free route) олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа. Олон улсын төлөөлөгчид ирж оролцсон. Үр дүн нь юу байв?
Монгол Улсын агаарын зайд “Free route airspace” буюу Чөлөөт агаарын зай концепцийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын үндэс суурь болгон 2023 оны 11 сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг амжилттай зохион байгуулсан. Форумын үеэр Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны газар (EUROCONTROL), Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA), олон улсын агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож чөлөөт агаарын зайг хэрэгжүүлсэн туршлага, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтуудын тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн Монгол Улсын агаарын зайд чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх талаар мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой байлаа. Чөлөөт агаарын зай олон улсын форумын үр дүнд үндэслэн Монгол Улсын агаарын зайд чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга баталсан бөгөөд харьяа байгууллагууд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Нисэх буудлуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ. Тухайлбал, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, олон улсын статустай болгох ажил ямар шатандаа яваа бол?
Э.Мөнх-Эрдэнэ
/Нисэх буудлын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 253 дугаар тогтоолоор “Ховд”, “Гурван сайхан” “Чойбалсан”, “Мөрөн” нисэх буудлуудын төслийг “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмж тусгуулан Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг энэ онд үргэлжлүүлэн Шалгарсан хуулийн этгээд, түүний нэгдэлтэй концессын гэрээ байгуулахаар эрмэлзэж байна. Мөн Хэнтий аймаг дахь “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”, Дадал сумын Дэлүүнболдог нисэх буудлын зорчигч үйлчилгээний цогцолбор шинээр барьж, байгуулах төслүүд 40, 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд уг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тус хэлтсээс хяналт тавьж ажиллаж байна. 2024 онд манай хэлтсийн зүгээс Нисэх буудлуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Завхан аймгийн “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4С ангиллын аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор болгон өргөтгөх төслийн ТЭЗҮ боловсруулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн онд эхлүүлсэн олон улс болон орон нутгийн нисэх буудлуудын газрыг тусгай хэрэгцээнд авах, ашиглуулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд Орон нутгийн 5 нисэх буудал (“Ховд”, “Мөрөн”, “Чойбалсан, “Дэглий цагаан”, “Гурвансайхан”)-ын аэродром орчмын тусгай бүсийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, “Чингис хаан” болон “Буянт Ухаа” олон улсын нисэх буудлын улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон түүхээ бидэнтэй хуваалцаач.
П.Золзаяа
/Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн/
Дотоодын эрх зүйн баримт бичгийг олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын хавсралт, стандарт, зөвлөмжийн шаардлагад нийцүүлэх зорилгын хүрээнд Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, Агаарын тээврийг хялбаршуулах журмын хэрэгжилтийг хангуулах, Чикагогийн конвенцын хавсралтад орсон нэмэлт өөрчлөлтийг үндэсний баримт бичгүүдэд тусгах, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөлт, тогтоол, шийдвэр тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах чиглэлээр өдөр тутмын үйл ажиллагаагаа төлөвлөн ажилладаг.
Аливаа байгууллагын ажлын бүтээмж, амжилтад чухал нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг нь яах аргагүй хамт олны уур амьсгал байдаг. Та бүхэн хэлтсийнхээ дотоод уур амьсгалаа сайжруулахад хэрхэн анхаардаг вэ?
Хүний амьдралын 24 цагийн хамгийн идэвхтэй 8 цагийг, ихэнхдээ түүнээс ч илүү цагийг энэ хамт олонтойгоо хамт, буцалсан их ажлын ард гарахын төлөө тэмцэлдэх цаг хугацаа маань биднийг хамгийн сайн уур амьсгалтай хамт олон болгож, бие биеэ ойлгох, дэмжих үндэс суурь болж өгдөг. Бусдаар уур амьсгалаа сайжруулъя, салхинд гаръя, бүжиг хийе гэдэг юм уу ямар нэг зохион байгуулалттай арга хэмжээ хийдэггүй ээ. Бид нарын ажил, амьдралын нөхцөл байдал тийм цаг заваар хомс байдаг.
Иргэний нисэхийн салбарт ажиллахын сайхан нь юундаа байдаг вэ. Салбарынхаа юугаар бахархдаг вэ?
П.Солонго
/Аэродромын төлөвлөлтийн мэргэжилтэн/
Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай тогтвортой үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилгыг хангах ажлын хүрээнд тус салбарт ажиллаж байгаа хүн бүр өглөө эртлэн ажилдаа ирж, цаг минутаар хэмжигддэг нарийн мэргэжил шаарддаг энэ салбарт бахархах зүйлтэй ихтэй. Манай салбар бүх шатандаа салбарын хөгжлийг түүчээлэх нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлого барьж, хэрэгжүүлдэг салбаруудын нэг гэдгээр нь би хамгийн их бахархдаг би өөрөө ч тэдгээр мэргэжилтнүүдийн нэг юм.
Томоохон сум, суурин газруудад ерөнхий зориулалтын агаарын хөлгийн байнгын болон түр ажиллагаатай хөөрч буух зурвас, вертодром барихад мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, ерөнхий зориулалтыг хөгжүүлэх ажлын хүрээнд 2023 онд 9 байршилд хэлипорт талбай байгуулахад дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажилласан бөгөөд ерөнхий зориулалтын хөгжүүлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
Aviation photo news-ийн 2024 оны эхний дугаарт оролцсон Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн хамт олон та бүхэндээ баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.