Ангилал
Хэзээ
2023-12-05
Үсгийн хэмжээ
“AVIATION PHOTO NEWS”-XXIII

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудлын хамт олон оролцлоо.

 “ӨЛГИЙ” НИСЭХ БУУДАЛ

1958 оны 7 дугаар сарын 25-нд “Өлгий” нисэх буудлын суурь тавигдаж, 1962-1963 онуудад Ан-2 онгоцоор Ховд-Өлгий чиглэлд зорчигч, шуудан, тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 1963 онд Ил-14 онгоцоор, 1970 оноос Ан-24 онгоцоор Улаанбаатар-Өлгий чиглэлд зорчигч, шуудан, тээврийн нислэг, 1983 оноос Ан-2 онгоцоор алслагдсан сумдад зорчигч, шуудан тээвэр, тусгай үүргийн нислэг үйлдэж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газар Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өлгий-Алматын хооронд Олон улсын агаарын шугам нээгдсэн.

1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 58 дугаар тогтоолоор “Өлгий” нисэх буудлыг Олон улсын боомтын зэрэглэлтэй болгосон.

2004 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нийт 838м/кв талбайтай, цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай нисэх буудлын цогцолбор барилга ашиглалтад орсон.

2011 оны 9 дүгээр сард хөөрч, буух хатуу хучилттай зурвас ашиглалтад орсон ба зурвасын урт нь 2850м, өргөн нь 30м, 45тн даацтай, онгоцны зогсоол нь 120х90м хэмжээтэй, 4 онгоц хүлээн авах багтаамжтай юм.

Тус нисэх буудал нь үндсэн 27, гэрээт 2 ажилтантайгаар 3 хэсэгтэй, хил, гааль, хилийн мэргэжлийн хяналтын газартай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын нисэх буудлын аэродром нь аймгийн төвөөс баруун хойд талд 4.5 км-ийн зайд байрлана. Ил хараагаар нислэг үйлддэг.

“Өлгий” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд орчин үеийн стандарт шаардлага хангасан, гадаад, дотоодын нислэгийн хоёр урсгалтай ачаа, тээш авах, тараах конвейр (ремен)-тэй, цагт 100-150 хүнд үйлчлэх хүчин чадалтай буудал болох юм.

 

“Өлгий” нисэх буудалд хийж хэрэгжүүлж буй томоохон ажлууд юу байгаа бол. Нисэх буудлынхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

К.Ержан

/Дарга/

Монгол орны баруун хязгаар сүрлэг сайхан Алтай таван богд, Цамбагарав зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газарт орших Баян-Өлгий аймагт Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд түүхэндээ томоохон өөрчлөлт шинэчлэлт хийгдэж, бүтээн байгуулалтын он жилүүд хөвөрсөөр байна.

Би иргэний нисэхийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн “Өлгий” нисэх буудлын даргаар томилогдон ажиллаж байна. Ажил хүлээж авч байх үед хамт олон маань хэчнээн мэргэжлийн чадварлаг баг ажиллаж байгаа ч материаллаг бааз нь дутмаг тоног төхөөрөмж нь хуучин, шинэчлэлт хийх шаардлагатай юм шиг санагдсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр холбогдох газруудад уламжилж шийдвэрлүүлэн ажиллалаа.

“Өлгий” нисэх буудалд сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс дурдвал:

  • Улсын хөрөнгө оруулалтаар “Өлгий” нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгыг цагт 150 хүнд үйлчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын зорчигчдод үйлчлэх 2 урсгалтай барилгын өргөтгөлийн ажил хийгдэж байна.
  • Монгол улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 304 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудлын аэродромын Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 4С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах чадалтай болгон өргөтгөх ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулагдсан.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар:

  • Нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайд 100 автомашины авто зогсоол шинээр хийгдэж ашиглалтад орсон.
  • Орчин үеийн харилцаа холбооны дэвшилтэт технологи шилэн кабелд холбогдсон.

ИНЕГ-ын хөрөнгө оруулалтаар:

  • Ирэх зорчигчдын ачаа, тээш тараах конвейр /ремен/ суурилуулсан.
  • Аюулгүй байдлын үзлэгт Heaman 7555i X-Ray аппарат шинээр тавигдсан.
  • FidoХ3 тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх төхөөрөмж зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Агаарын навигацийн мэдээлэл дамжуулах IP VSAT системийг суурилуулсан ба 11 дүгээр сараас Агаар-газрын хоёр сувгийн IP RCAG/ Jotron7000 станц болон агаарын навигацийн үйлчилгээний “Газрын дамжуулах байгууламжийн нэгдсэн VPN” сүлжээг 138-р радио реле станцад суурилуулж ашиглалтад оруулсан.
  • 2023 оны 12 дугаар сард алсын удирдлагын ажиглалтын систем буюу ADS-B системийг шинээр суурилуулахаар ажиллаж байна.
  • TDL GPU 28/115V газрын тэжээл
  • Уурын зуухны халаалтын нам даралтын зуух шинэчлэгдсэн.

Дараагийн гол асуудал Ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх, аймаг, сум хооронд бага оврын агаарын хөлөг Онцгой байдал, түргэн тусламж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэн 6 суманд аэродром сонгох координатыг тогтоож, газрыг орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авах талаар санал хүргүүлсэн. Ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлснээр хөдөө орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, нутгийн иргэдэд орон нутагт амьдрах таатай боломжийг олгох, хот суурин газарт төвлөрөх чиг хандлагыг бууруулах ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотой аймгийн баруун хязгаар Алтай таван богд, Цамбагарав уул, Ёлтын сав газар, Сыргалын Хотон болон Хурган нуур гээд олон сайхан байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялж сонирхох, гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.

“Өлгий” нисэх буудалд МИАТ, Аэромонголиа, Хүннү эйр, Монголиан эйрлайнс, Геосан зэрэг агаарын тээвэрлэгчид нислэг үйлдэж байна. 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 430 гаруй нислэг хүлээн авч, 27500 гаруй зорчигчид тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэн нисэхийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг ханган ажилласан.

Цаашид Монгол Улсад нислэг үйлдэж буй BOEING 787, AIRBUS 320 зэрэг том оврын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай хөөрч, буух 4С ангиллын зурвастай болох, гэрэл суултын систем тавих, орчин үеийн навигацийн тоноглолтой, Олон улсын нислэгээ сэргээсэн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвартай, Эко нисэх буудал болох зорилт тавин ажиллаж байна.

 

Орон нутгийн нислэг сэргээд “Өлгий” нисэх буудал ачаалал хэр байна вэ?

З.Болат

/Холбоо, навигацийн техникч/

Дэлхий нийтээр тархсан цар тахал болон хөрш оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд манай агаарын тээврийн салбар амаргүй цаг үеийг туулж, орон нутгийн нислэгүүд хэсэг хугацаанд зогсох хүртэл хүндрэл бэрхшээл тохиолдсон ч Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-аас бодлогоор дэмжиж, алслагдсан 9 аймагт татаастай нислэг үйлдэж байгаа. 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 7 хоногт хоёр удаа “МИАТ” ТӨХК нислэг үйлдэж байна. Мөн “Аэромонголиа” ХХК “Ковид-19" цар тахлаас хойш тогтмол нислэг үйлдэж байсан. Манай аймгийг зорьж байгаа жуулчид, ажлаар болон амарч зугаалж яваа хүмүүсийн урсгал тогтмол нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Golden eagle-2023" бүргэдийн фестивальд гадаад, дотоодын олон жуулчин амжилттай оролцож, дотоодын авиакомпаниуд өдөрт 4-6 нислэг үйлдэж, нийт 2000 гаруй гадаад, дотоодын жуулчинд таатай сайхан үйлчилгээ үзүүлсэн.

“МИАТ” ТӨХК-ийн нислэг эхэлсэн цагаас эхлэн УБ-Өлгий-УБ чиглэлд зорчигчийн урсгал тогтвортой, суудал дүүргэлт сайн байгаа бөгөөд тийзний үнийг бууруулж ,тогтмол нислэг хийж байгаа нь агаарын тээврийн эрэлт хэрэгцээг хангасан цагаа олсон ажил болж байгаад ард иргэд талархалтай байна.

 

“Өлгий” нисэх буудлын бусад нисэх буудлаас ялгарах онцлог юу бол?

Т.Жандос

/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/

“Өлгий” нисэх буудал нь Монгол орны баруун хязгаар Мөнх цаст уулс болон байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудаар баялаг, казах, урианхай, дөрвөд, тува ястнууд эвтэй сайхан аж төрдөг нутаг юм. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын жуулчид ихээр сонирхон ирж, жил ирэх тусам зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна.

“Өлгий” нисэх буудал нь Олон улсын боомтын статустай учир Олон улсын нислэгийг сэргээх, хүлээн авах боломжтой цөөхөн нисэх буудлуудын нэг юм.

 

Хамт олныхоо уур амьсгалыг та хэрхэн үнэлдэг вэ? Танай хамт олны бахархал гэвэл?

У.Батдорж

/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/

Миний бие тус нисэх буудалд 2012 оноос Аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх ажилд ороход нисэх буудалд нисэхийн чиглэлээр мэргэшсэн олон сайхан ах, эгч нар ажиллаж байлаа. Одоо тэдгээр хүмүүсийн ихэнх нь гавьяаныхаа амралтад гарсан байна. Тухайн ажилд орсон үеэс одоог хүртэл манай хамт олон бие биеэ гэсэн халуун, дулаан сэтгэлтэй хүмүүс байсаар ирсэн. Үүнд нь миний бие маш их баярлаж талархаж явдаг юм.

Манай Баян-Өлгий аймгаас олон сайхан алдар цуутай Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгчид төрөн гарсан байдаг. Тэр дундаа аав, хүү гавьяат нисгэгчид болох Т.Дашдуан гуай, Д.Ауез болон бусад нисгэгчдээр бахархаж явдаг.

 

Нисэх буудлынхаа хөгжилд таны оруулж буй хувь нэмэр юу бол. Илүү ихийг хийхсэн гэсэн мөрөөдлөөсөө хуваалцаач?

С.Ахболат

/Сантехникийн слесарь/

Миний бие өөрийгөө хөгжүүлэх гэхээс илүүтэй байгууллагын удирдлагын зүгээс ажилтнуудаа их дэмждэг. Өнгөрсөн жилд Улаанбаатар хотод агаарын хөлгийн техникийн сургалтад хамрагдаж гэрчилгээ эзэмшсэн.

Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал ахмад үеэсээ байнга асуyна. Зөвлөж тусалдаг ААДХБ-ийн ахлагч М.Хуанбек, холбоо, навигацийн техникч З.Болат, НХУ Ө.Абай, Агаарын хөлгийн техникч Т.Ибилгабас ах нартаа баярлаж талархаж явдаг.

Нисэх буудлын залуу боловсон хүчний хувьд сурч боловсрох, нисэх буудалд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Агаарын хөлгийн гал унтраах, аврах бүлэгт гал сөнөөгчөөр давхар ажилладаг тул энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцах төлөвлөгөөтэй байна.

Удахгүй “Өлгий” нисэх буудлын аэродром нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 4С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах чадалтай нисэх буудал болж өргөжин гадаад, дотоодын том том агаарын хөлөг хүлээн авч, Монгол Улсын аялал жуулчлалын томоохон төв болж хөгжинө гэдэгт итгэж явдаг.

 

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Ажлын ачаалал хэр байдаг бол?

Т.Ибилгабас

/Агаарын хөлгийн техникч/

Миний бие 2011 оноос хойш тус нисэх буудалд аэродромын техникч, агаарын хөлгийн техникчээр 13 дахь жилдээ ажиллаж байна. Ажилдаа ирмэгц хариуцаж буй тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг шалгаж, перронд ажиллах жолооч нарт хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг. Тоног төхөөрөмжүүдэд гэмтэл гарвал ИТА нартай хамтран засварлаж, хэвийн ажиллагаанд оруулна.

Өдөр бүр перронд үзлэг шалгалт хийх, цэвэрлэх, газрын тэжээлийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг хангах, тухайн өдрийн цаг агаарын онцлог, перроны ачаалалтай холбогдуулан байрлалыг сонгох, агаарын хөлөг хүлээн авч үзлэг хийх, ямар нэгэн үл тохирол илэрвэл даруй мэдэгдэх зэргээр ажилладаг.

Агаарын хөлөгт үйлчлэх ачаа тээшний чирэгч, сумлагч автомашин, ачигч нар болон зорчигчдыг агаарын хөлгөөс буух, суухад хяналт тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Агаарын хөлгийн сумалгаа болон ачаа тээш ачиж дуусгаж, зорчигчдыг бүрэн суулган хаалга хаахад хяналт тавьж, агаарын хөлгийг асааж, газрын тэжээл болон хүчдэлийг салгаж, агаарын хөлгийг үдэн гаргах хүртэлх маш хариуцлагатай ажлыг хийдэг чухал хэсэг юм.

Нислэгийн дараа перронд үзлэг хийж, машин механизмыг гаражид байрлуулснаар ажил дуусна. Зарим тохиолдолд өдрийн нислэг, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой уртасгасан цагаар ажилладаг. Мөн нисэх буудлын даргын өгсөн үүрэг даалгавар болон бусад ажилд тусалж ажилладаг.

5-10 дугаар саруудад гадаад, дотоодын аялал жуулчлалын хөл хөдөлгөөн их байдаг тул зуны улиралд ажлын ачаалал их. Өвлийн улиралд харьцангуй ачаалал бага байдаг.

 

Нисэх буудал байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хамгийн их ачаалалтай ажиллаж байсан үе хэдийд байв?  Дурсамжаасаа хуваалцаач.

Ө.Абай

/Нислэг хөдөлгөөний удирдагч/

1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий-Алматы хооронд Олон улсын агаарын шугам нээгдэж, 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 58 тоот тогтоолоор тус нисэх буудал Олон улсын боомтын статусыг албан ёсоор авсан.

Энэ үед Монгол-Казахстан улс хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монголоос ажиллах хүчнийг онгоцоор тээвэрлэж эхэлсэн. Тухайн үед 7 хоногийн 6 өдөр нь өдөрт 4-6 онгоц, хажуугаар нь тогтмол рейс нисч манай хамт олон амсхийх ч завгүй ажиллаж байв.

Нисэх буудал байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хамгийн их ачаалалтай ажиллаж байсан ойрын үеийг дурдвал 2019 он хүртэл гадаад, дотоодын аялал жуулчлалын хөл хөдөлгөөний ид үе буюу 5-9 дүгээр саруудад зуны нислэгүүд ихсэж, зорчигчдын тоо нэмэгдэж эхэлж байлаа. 2020 онд дэлхий дахинд тархсан "Ковид-19" цар тахлын үед нислэгийн эрчимжилт буурсан ч 2022 оноос дахин сэргэж эхэлж байна.

Казах үндэсний “Бүргэдийн баяр”-тай холбоотой 9, 10 дугаар сард гадаад, дотоодын жуулчид ихээр ирж, өдөрт 6-8 удаагийн нислэг авч нисэх буудал маш их ачаалалтай ажилласан.

 

Та өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд хэр анхаардаг вэ? Ямар арга хэрэглэдэг бол?

К.Ахжол

/Нислэгийн хөдөлгөөний удирдагчаар дадлагажигч/

Өөрийгөө хөгжүүлэн мэдлэг боловсролоо бататган ажиллах нь миний зорилго. Нисэхийн салбарт ажиллаж байгаа болохоор өдөр бүр ажилдаа ирмэгц тухайн өдрийн ажлаа төлөвлөн алдаа, дутагдал гаргахгүйн тулд төлөвлөсөн ажлуудаа амжуулж, анхаарал болгоомжтой ажиллахыг хичээдэг. Тэр тусмаа нисэхийн байгууллагын хариуцлага цаг минутаар хэмжигддэг учраас байнга сонор сэрэмжтэй, давтан хяналт тавьж ажилладаг.

Нисэхийн салбараас зохион байгуулж буй сургалт, семинаруудад тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгт орох, зэрэглэлээ хамгаалах зэргээр өөрийгөө болон мэргэжлийн чадвараа бататгадаг.

Олон улсын хууль, ИН-ийн тухай хууль, дүрэм, журмын хүрээнд мэдлэгээ сайжруулж, аливаа мэдээ мэдээллийг уншиж танилцдаг. Мэргэжлийн дагуу Олон улсын хэмжээнд гарсан осол зөрчлүүдийн талаарх бичлэг болон нийтлэлүүдтэй танилцаж өөрийгөө хөгжүүлж ажиллахыг хичээдэг.

 

Баян-Өлгий аймаг аялал жуулчлал ихээр хөгжиж байгаа. Агаарын тээвэр ашигласан аялал жуулчлал хөгжих боломж хэр байна гэж та үзэж байгаа вэ? Өнгөрч буй зун жуулчин ихтэй байв уу?

М.Хуанбек

/Цахилгаан, дизелийн техникч/

Баян-Өлгий аймаг нь мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг бөгөөд энэхүү үзэсгэлэнт онгон байгаль, түүхийн дурсгалууд, олон төрлийн ховор ургамал, амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдыг татдаг баруун хязгаарын аялал жуулчлалын бүс нутаг юм.

Баян-Өлгий аймгийн газар нутгийн онцлогоос хамааран аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн сум хооронд газраар зорчиход цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулагддаг, бартаа ихтэй тул алслагдсан сумдад ерөнхий зориулалтын нислэг хөгжих бүрэн боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тогтоолоор “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр" батлагдсан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Алтай, Баяннуур, Ногооннуур, Дэлүүн зэрэг 5 суманд Ерөнхий зориулалтын нисэхэд ашиглах агаарын хөлөг хөөрч, буух түр зурвасыг сонгосон. Орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд дээрх сумдын Засаг дарга нарт Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын “Төлөвлөгөө батлах тухай” 170 дугаар тушаалыг танилцуулан, агаарын хөлөг хөөрч буух зурвас, хашаа хамгаалалт байгуулах зардлыг тодорхойлох, газар зүйн байршлыг сонгох, байгуулах, цаашдын арчлалт, тоног төхөөрөмж, ажилтнуудын цалин хангамж, ашиглалтын зардлыг тооцоход хамтран ажиллаж, орон нутгийн төсөвт суулгах арга хэмжээг авах, дээрх сумдад бага оврын онгоц хөөрч буух зурвасын координатыг тогтоон ажиллаж байна. 

 

Өлгий нутагт ажиллаж амьдрахын давуу болон сул талыг та юу гэж хардаг бол? 

М.Уранчимэг

/Шатахууны лаборант, нярав/

Баян-Өлгий аймагт ажиллахын давуу талуудаас дурдвал:

  • Төрсөн газар нутагт ажиллаж, амьдрах
  • Орон нутагт цэвэр агаар, их хотын түгжрэл стрессгүй орчинд амьдрах.
  • Байгалийн үзэсгэлэнт газруудтай /Алтай таван богд, Цамбагарав уул, Ёлтын ай сав газар, Сыргалын Хотон болон Хурган нуур, Толбо нуур, Ачит нуур г.м/

Зарим сул талуудаас дурдвал:

  • Улсын нийслэлээс алслагдмал байрладаг учир онгоцны зардал үнэтэй, авто тээврээр зорчиход цаг хугацаа их зарцуулдаг.

Манай аймагт сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчид ихээр ирж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан бизнес эрхлэгчдэд хувь нэмэр оруулж, аймгийн эдийн засаг, аж амьдрал дээшлэн хөгжиж байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
6
0
0
0
0
2
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв