“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны хамт олон оролцлоо.
НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА
Нислэгийн төлөвлөлт гээд ярихад л шууд танай алба харагддаг. Нарийн тооцоололтой, хянуур ажил санагддаг. Нислэгийн төлөвлөлтийг хэрхэн хийдэг вэ?
Г.Мөнгөлдэй
/НТЗХ-ийн дарга/
Манай алба бусад албадаас онцлог талтай. Бид Монгол улсын агаарын зайд үйлдэгдэж буй олон улсын өнгөрөлт, хөөрөлт буулт болон орон нутгийн нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хийж, харьяа алба салбаруудыг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж ажилладаг.
Нислэгийн урсгал төлөвлөлтийг хийхдээ нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчдээс нислэгийн хүсэлтийг тусгай маягтын дагуу болон тухайн нислэгтэй холбогдолтой шаардлагатай мэдээлэл, баримт бичгийн хамт хүлээн авч хянан, нисэх буудал болон агаарын зайн багтаамжид нийцүүлэн нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хийдэг.
Таны ажлын онцлог? Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
Д.Энхмаа
/Нислэгийн урсгал төлөвлөлтийн мэргэжилтэн/
Өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд цахим шуудангаа шалгаж, нислэгийн захиалгуудаа хүлээн авч ангилснаар миний ажлын өдөр эхэлдэг. Хийж байгаа ажлын маань онцлог нь гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчдээс олон улсын хуваарьт болон хуваарьт бус хөөрөлт/буулт, хуваарьт өнгөрөлтийн нислэгийн хүсэлтийг хүлээн авч холбогдох баримт бичгийн бүрдэл бусад шаардлагатай мэдээллийг нягтлан нислэгийн төлөвлөлт хийдгээрээ онцлогтой.
Жилд дунджаар онцгой болон албан захиалгат хэдэн нислэг үйлдэгддэг вэ? Хамгийн сонин содон нислэг юу байв?
Д.Бүрэнтогтох
/Нислэгийн урсгал төлөвлөлтийн мэргэжилтэн/
Жилд дунджаар зөвхөн онцгой үүргийн нислэг гэхэд 200 гаруй, албан захиалгат нислэг 250 орчмыг төлөвлөж ажилладаг. Хамгийн содон нислэг гэвэл гадаад улсын төрийн өндөрлөгүүдийн зарим нислэг багц нислэгээр үйлдэгддэг. Мөн Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх хэт хөнгөн агаарын хөлөг болон Авто Раллид оролцож байгаа нислэгүүдийг тус тус төлөвлөж байсныг хэлэх байх. Мөн дээд хэмжээний бүхий л нислэгүүдийг төлөвлөн, аюулгүй ажиллагааг хангахад тодорхой хувь нэмрээ оруулдаг ажлаараа бахархаж явдаг.
Ажлын бус цагаар нислэгийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Б.Цэцэгдэмбэрэл
/Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн/
Ажлын бус цагаар дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс олон улсын өнгөрөлт, хөөрөлт буултын нислэгийн хүсэлт, түүнд холбогдох баримт бичгийг хүлээн авч Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журамд заасан хугацааг баримтлан нэмэгдэл болон нэмэгдлийн нэмэгдэл төлбөртэйгөөр нислэгийн зөвшөөрөл олгодог.
Орон нутгийн хуваарьт бус нислэгийн хүсэлтийг нислэг эхлэхээс 2 цагийн өмнө хүлээн авч шуурхай төлөвлөлтийг хийж нислэгийн зөвшөөрөл олгоно.
Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалтыг урьдчилсан болон шуурхай төлөвлөлтийн үе шатуудад хэрэгжүүлэн дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн төлөвлөгдсөн нислэгийн өөрчлөлтийг баталгаажуулан холбогдох алба, салбар, нэгжийг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж, олон улс болон орон нутгийн нислэгийн гүйцэтгэлийн мэдээллийн санг бүрдүүлж ажилладаг.
Та хэдэн жил ажиллаж байна вэ? Ажилдаа сэтгэл ханамж хэр байдаг бол?
Ж.Одгэрэл
/Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн/
Миний бие Ж.Одгэрэл нь 2013 оноос иргэний нисэхийн салбарт ажиллаж эхэлсэн. НУТА-ны Шуурхай төлөвлөлтийн хэсэгт өнөөдрийг хүртэл 10 дахь жилдээ ажиллаж байна.
Бид бүгдийн хоёр дахь гэр бүл болсон ажлын хамт олондоо, мөн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун явдаг. Энэхүү завшааныг ашиглан хамтран ажилладаг нисэхийн хамт олондоо ажлын амжилт, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Улсын агаарын хөлгийн болон ерөнхий зориулалтын нислэгийн төлөвлөлт хэрхэн хийгддэг вэ?
Ө.Тамир
/Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн/
Улсын агаарын хөлөг гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлгийг хэлнэ. Улсын агаарын хөлгийн нислэгийг Агаарын зайг нисэхэд ашиглах хууль, Улсын нисэхийн тухай хууль, Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журмын дагуу зохицуулна.
Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Зэвсэгт хүчний 337 дугаар анги болон Хилийн цэргийн 0253 дугаар анги, Онцгой байдлын 111 дүгээр ангийн нислэгийн хүсэлтийг хүлээн авч, AFTN сүлжээгээр алба салбаруудад нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангаж ажилладаг. Улсын агаарын хөлөгт нислэгийн зөвшөөрөл олгодоггүй онцлогтой.
Ерөнхий зориулалтын нислэгийн хувьд, хяналттай агаарын зайд нислэг үйлдэх бол нислэгийн хүсэлтийг холбогдох журмын дагуу НУТА-нд ирүүлнэ.
Та мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг бол? Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
Б.Оргил
/Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн/
Би хийж байгаа ажлынхаа хүрээнд шуурхай, үр ашигтай, нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэн мэдлэг, боловсролоо дээшлүүлэх зайлшгүй шаардлага гардаг тул холбогдох хууль дүрэм, журамд нийцүүлэн хэрэглэх арга зүйд байнга суралцаж байх шаардлагатай байдаг.
Олон улсын агаарын тээвэрлэгчтэй нислэгийн хүсэлт болон өөрчлөлтийн талаар англи хэлээр харилцан ярилцдаг тул гадаад хэлний мэдлэгээ сайжруулж өөрийгөө хөгжүүлэх талаар TALK TALK ENGLISH болон ИНҮТ-ийн сургалтын төвийн англи хэлний ярианы сургалтад хамрагдаж хэлний мэдлэгээ хангаж ажилладаг.
Мэргэжлээ дээшлүүлэх тал дээр төлөвлөлтийн анхан болон давтан сургалтад 2 жил тутам ур чадвараа дээшлүүлж хамт олонтойгоо хамтарч багаар ажиллах, алдаа оноогоо ярилцаж дүгнэлт хийдэг.
Манай улс агаарын замууддаа шинэчлэлт хийсэн. Нислэгийн хөдөлгөөний урсгалд хэрхэн үр дүнгээ өгч байгаа бол?
С.Бат-Эрдэнэ
/Агаарын зайн мэргэжилтэн/
Монгол Улс нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр агаарын замын сүлжлээ бүрэн шинэчилж, үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий RNAV5 төрлийн 6 агаарын зам нэмж 16 агаарын замтай болсон ба агаарын замын илтгэх цэгийн 5 үсгийн кодын давхцалыг арилгаж, нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглах заавал илтгэх 42, хүсэлтээр илтгэх 91, нийт 133 цэгийг тогтоож өгсөн. Эдгээр цэгүүдээс 94 цэгийн таван үсгийн нэршлийн кодыг шинээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын “ICARD” систем ашиглан бүртгүүлсэн ба нийтдээ 159 хүсэлт явуулан байсан. Мөн дээд доод агаарын замуудыг нэгтгэн агаарын замын сүлжлийг багсгасан үр ашигтай шинэчлэл байсан.
Нисэхийн салбарт ажиллах онцлогийн талаар таны бодол? Та энэ салбарын юугаар бахархдаг вэ?
Т.Энхчимэг
/Дотоод хяналтын мэргэжилтэн/
Миний бодлоор “Нислэг” гэсэн ганцхан үгний ард агаарын хөлгийг зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх үйл явцыг маш нарийн зохион байгуулалттай, дүрэм журам, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн аюулгүй ажиллааг бүрэн хангасан, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадвартай хослуулан гүйцэтгэх цогц үйл ажиллагааг явуулж байгаа бүхэл бүтэн систем учир үүний нэг эд, эс, хэсэг нь болж өөрийн хувь нэмрээ оруулж яваадаа бахархдаг.
Нислэгийн төлөвлөлт гээд ярихад зайлшгүй системтэй холбогдоно. Энэхүү системийн талаар болон онцлог ажлуудаасаа сонирхуулбал?
Д.Халиунаа
/ТСХ-ийн автоматжуулалт сүлжээний мэргэжилтэн/
НУТА нь нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагааг автоматжуулах үйл ажиллагааг шат дараатай нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Манай алба үйл ажиллагаандаа 2001 оноос 2019 он хүртэл Нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэл бүртгэлийн “АПИС” программыг ашиглаж байсан бөгөөд системээ автоматжуулах, сайжруулах, бусад гадны системүүдтэй мэдээлэл солилцох, нислэгийн онлайн захиалгыг бий болгохоор 2019 оноос Нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэл бүртгэлийн “ATFMS” системийг өөрсдийн нөөц бололцоогоор хөгжүүлэн үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн.
Бид нислэгийн захиалга, төлөвлөлт, гүйцэтгэлийн томоохон өгөгдлийн сангаас шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, байгууллага, салбар нэгж хооронд харилцан мэдээллийг автоматжуулсан байдлаар солилцох боломжийг бүрдүүлэн ажилладаг. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн хүрээнд системийг хэрэгжүүлэх үе шат бүрт нарийвчлан судлах, тооцож загварчлах, үйл ажиллагаанд анхаарч ажилладаг.
Мөн системийг нэвтрүүлэхдээ баримталж буй зарчмуудаас гадна томоохон хэмжээний мэдээллийн системийг "Enterprise Architecture" аргачилал ашиглан хөгжүүлсэн системүүдийг гадны байгууллагаас авч үйл ажиллагаандаа дотоод болон гадаад системүүдийг уялдуулан ашиглахаар зорьж байна.