Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/230 дугаар тушаалаар Э.Төрбаярыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар томилж, өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хүлээн авлаа. ИНҮТ-ийн дарга асан Н.Батсайхан ажил хүлээлцэх үедээ “Та бүхэнтэйгээ 1,8 сар ажиллаж, аюулгүй ажиллагааны KPI, бүтээмжийн тогтолцоог хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилласан. Энэ үйл ажиллагаагаа цаашид хэрэгжүүлээд, үргэлжлүүлээд явна гэдэгт итгэж байна. Одоогийн байдлаар Иргэний нисэхийн үндэсний төвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 96,6 хувьтай байна. Энэ биелэлтээ он дуустал шинэ даргатайгаа 100% болгох хэрэгтэй. Бүгдээрээ эв найртай, хүлээцтэй ажлаа хийж, нэгнээ хүндэтгэж ажиллана гэж итгэж байна. Залуу, өндөр ур чадвартай, харилцааны өндөр соёлтой, шинэ сэтгэлгээтэй хүнд ажлаа өгч байгаадаа баяртай байна. Төрбаяр даргадаа ажилд нь амжилт бүтээл, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Харин шинээр томилогдсон Э.Төрбаяр дарга ажлаа хүлээж авахдаа “Миний бие анх 2006 онд иргэний нисэхийн салбарт ажилд ороод инженер, Холбоо навигацийн үйлчилгээний албаны хэсгийн дарга, тус албаны даргаар 2019 онд ажиллаж байгаад 2020 онд Иргэний нисэхийн үндэсний төв байгуулагдахад АНҮГ-ын даргаар томилогдон өнөөдрийг хүртэл 3 жил ажиллаж ирлээ. Та бүхний итгэлийг хугалахгүйн төлөө ажиллах болно. ИНҮТ байгуулагдсан цагаас хойш гурван жилийн хугацаанд амаргүй давааг туулсан. 2020 онд цар тахал гарч, энэ хүнд цаг үеийг даван туулахын тулд багаараа маш сайн ажилласан. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил, дутагдал, асуудал гараагүй. Одоо миний хамгийн эхний төлөвлөх ажил бол хүний нөөцийн асуудлыг маш сайн төлөвлөж, хүний нөөцийг чадавхжуулах, хүний нөөцийн бодлогын бичгийг батлуулж авах юм. ОХУ, Украйны асуудалтай холбоотойгоор орлого ойрын жилдээ хуучин 2019 оны үетэйгээ ижил болох асуудал хүндрэлтэй байгаа учир бид бүхэн аэродромоо хөгжүүлж, аэродром дагасан уул уурхай, аялал жуулчлал, БНХАУ, ОХУ болон бусад улсын аялал жуулчлалыг орон нутгийн нисэх буудлууд руугаа татах ажлыг мөн бусад салбарын уялдаа холбоог сайжруулж, хөгжүүлэх гарц гаргалгаа руу шилжих зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Батсайхан даргаасаа маш их зүйл сурч авсан. Таны ирээдүйн ажил амьдрал, гэр бүлд эрүүл энх, сайхан бүхнийг хүсье. Цаашдаа багаараа хамтдаа энэ ачааллыг давж, ИНҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах болно” гэж хэллээ.