“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн “Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба”-ны хамт олон оролцлоо.
НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭРГЭЭН ЗАСАХ АЛБА
Танай алба ямар чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Албаа товч танилцуулна уу?
Д.Гантулга
/Дарга/
Иргэний нисэхийн хөгжлийн чиг хандлага, нийт ажилтнуудын хэрэгцээнд нийцүүлэн эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлж, олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг ажилтныг төлөвшүүлэх, салбарын ээлжийн зохион байгуулалтаар ажилладаг болон ажлын хэвийн бус нөхцөлд олон цагаар ажилладаг ажилтнуудыг амрааж, эрүүл ахуй, үйлчилгээний стандарт шаардлагыг хангасан сувилгаа, спортын арга хэмжээ, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус алба нь Эрүүл мэнд, спорт сургалтын тасаг, Санхүү, хангамжийн тасаг, Амралт, сувилал, үйлчилгээний тасаг гэсэн 3 тасаг, Захиргааны 2 мэргэжилтэн, ХАБЭА хариуцсан 1 мэргэжилтэн, нийт батлагдсан орон тоо 61, гэрээт 16 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Шинэ спорт цогцолборын ашиглалтыг жигдрүүлэхэд нилээд ажил хийж хэрэгжүүлсэн байх. Айл шинэ гэр бариад тохижуулдаг шиг шинэ газрыг төвхнүүлж байх үед танд төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Н.Энх-Амгалан
/Үйл ажиллагаа хариуцсан менежер/
Спорт заалны шалны угсралт болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн ажил 2023 оны 4 дүгээр сард дууссанаар спорт цогцолбор маань бүх танхимдаа үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Спорт цогцолбор заал, фитнесс, йог, усан бассейн гэсэн 4 том танхимтай бөгөөд бид нөөц боломжоо ашиглан ширээний теннис, дартс, бильярдын ширээг байрлуулж ажилчиддаа илүү хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхийг хичээдэг. Мэдээж бүх зүйлийг нэг мөр төгс тохижуулах боломж бололцоо байхгүй ч бид жил бүрийн төлөвлөгөөндөө тусгаж улам сайхан орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ажилтнууддаа зориулан үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм. Тиймээс иргэний нисэхийн нийт хамт олон маань энэ боломжийг ашиглаад байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, өөриймсгөөр хандан үйлчлүүлж, оюуны болон биеийн алжаалаа тайлж чадвал ирээдүйдээ оруулж буй юутай ч зүйрлэшгүй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно гэж боддог.
Албандаа хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ? Сэтгэл ханамж хэр байдаг вэ?
Д.Ариунзаяа
/Захиргааны мэргэжилтэн/
Тус алба анх үүсэн байгуулагдах үеэс эхлэн буюу 3 дахь жилдээ ажиллаж байна. Манайхыг зорин ирж үйлчлүүлж буй ажилтнууд болон хүмүүс сэтгэл ханамжтай, инээд цацруулан гарахад үнэхээр сайхан байдаг. Спортоор эрүүлжүүлж, эрүүл сайхан хоолоор үйлчилж, эрүүл мэндэд нь анхаарч ажиллах нь ажлын минь бахархал юмаа.
Нисэхийн салбарынхан спорт цогцолборын усан бассейнаар хэр өргөнөөр үйлчлүүлж байна вэ?
О.Уламбаяр
/Эрүүл мэнд, спорт сургалтын тасгийн биеийн тамирын аргазүйч мэргэжилтэн/
Манай спорт цогцолборын усан бассейн нийт 5 замтай, 25 м урттай, 11 м өргөнтэй, 1,5-2м гүнтэй. 1 цагт 15-25 хүн хичээллэх боломжтой юм. Өдөртөө 25-35 хүн тогтмол усан бассейнд хичээллэж байна. Бид салбарын ажилтнууддаа үнэ төлбөргүй усан бассейн, саун, душээр үйлчилж байгаа ба энэ жил нийт 234 хүн бүртгүүлж, 3590 удаа /давхардсан тоогоор/ үйлчлүүлсэн байна.
Таны ажил хэр ачаалалтай байдаг вэ? Нисэхийн салбарынхны эрүүл мэндэд онцлог зүйл ажиглагддаг уу?
Ю.Одгэрэл
/Эрүүл мэнд, спорт сургалтын тасгийн их эмч/
Би 23 жил нисэхийн салбарт ажиллаж байх хугацаандаа нийт 3 алба салбар нэгжид эмчээр ажилласан. Ингэж ажиллаж байх хугацаанд ажилтнуудын өвчлөлийн байдал нь тухайн байгууллагын ажил үүргийн онцлогоос хамааран янз бүр байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, Ээлжийн цагийн хуваариар ажилладаг хүмүүст хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл дотоод шүүрэл, зүрх судасны өвчлөл тэр дундаа артерийн даралтын хэлбэлзэл архаг нойргүйдэл илүү байхад удаан хугацаагаар зогсоо, суугаа ажил хийдэг хүмүүст таргалалт, нурууны булчин чангарал болон захын мэдрэлийн үрэвсэлт өвчин давамгай байх хандлагатай байна. Мөн түүнчлэн жил ирэх тусам илэрч байгаа өвчлөлийн байдал харилцан адилгүй байгаа нь нийгэм, хүрээлэн буй орчин, хоол хүнсний хэрэглээ, цаг уурын өөрчлөлт зэрэг нөлөөлж байгаа хэдий ч хамгийн гол хүчин зүйл нь хувь хүний амьдралын хэв маяг, ажил амралтыг хэрхэн зөв зохистой өнгөрүүлж байгаа зэрэгтэй салшгүй холбоотой учраас манай спорт цогцолбороор тогтмол үйлчлүүлж, хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл байгаасай гэж хүсдэг дээ.
Ойрын үед хэрэгжүүлэх томоохон ажлууд юу байгаа бол. Хийж хэрэгжүүлэхсэн гэсэн мөрөөдлөөсөө хуваалцаач.
Э.Оюунцэцэг
/Санхүү, хангамжийн тасгийн хангамжийн мэргэжилтэн/
2023 онд манай алба үндсэн хөрөнгө худалдаж аваагүй ба 2024 оны төсөвт нилээд тоног төхөөрөмж худалдаж авахаар тусгаж өгсөн. Энэ бүхэн маань биеллээ олж, олон хүн фитнесс заал, иогийн танхимаар үйлчлүүлэн, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж, эрүүл чийрэг хамт олон бүрдээсэй гэж боддог. Мөн бид цаашид зардлаа бууруулан орлогоо нэмэгдүүлж үйлчилгээний хүрээгээ илүү тэлж ажиллах мөрөөдөлтэй.
Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө үйлчлэх хүнд байх ёстой хамгийн гол зан чанар юу бол.
Ш.Хандмаа
/Амралт, сувилал, үйлчилгээний тасгийн тогооч/
Би нисэхийн салбарт 28 дахь жилдээ тогоочоор ажиллаж байна. Үйлчилгээний ажил тэр дундаа тогооч хүнд байх ёстой хамгийн чухал зан бол энэрэнгүй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой гэж боддог.
Өдөрт дунджаар хэдэн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ?
Б.Баяржаргал
/Амралт, сувилал, үйлчилгээний тасгийн зохион байгуулагч/
Бид спорт цогцолборт өдөрт дунджаар 80-100 хүнд үйлчилгээ үзүүлдэг. Тэмцээн уралдаантай үед хэдэн төрлийн тэмцээн гэдгээс хамаарч 200-400 хүн, түүнээс ч олон байх тохиолдол байдаг.
Та ур чадвараа дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг бол.
У.Алтанчимэг
/Амралт, сувилал, үйлчилгээний тасгийн зөөгч бармен/
2006 оноос хойш Жаргалант амралтанд тасралтгүй 17 жил ажиллаж байна. Хэрэглэгчдийн зан төлөв, хэрэглээ өөрчлөгдөж буй энэ цагт ур чадвараа ахиулахын тулд podcast сонсож, мэргэжлийн ном сэтгүүл байнга уншиж, харилцаа хандлага болон зочлох үйлчилгээний сургалтанд жилдээ 1-2 удаа хамрагддаг. Ер нь байнга суралцсаар ирсэн дээ.
Нисэхийн салбарт ажиллаж буй таны бахархал юу вэ?
Ч.Долгорсүрэн
/Амралт, сувилал, үйлчилгээний тасгийн угтах үйлчилгээний ажилтан/
ИНЕГ-ын харьяа Жаргалант амралтын газрын босгыг 2006 онд алхан орж байлаа. Ард иргэд болон Иргэний нисэхийн салбарынхаа ажилтнуудад цэвэр агаарт, амт чанартай хоолоор үйлчлэн, ая тухтай орчинд тав тухтай амрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаагаараа маш их бахархаж явдаг.