Ангилал
Хэзээ
2023-11-09
Үсгийн хэмжээ
“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ
“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

“Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Чөлөөт агаарын зай” олон улсын форум өнөөдөр эхэллээ.

2023 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд болох тус форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо, Дэлхийн банк, Евроконтрол, агаарын навигацийн систем хөгжүүлэгч компаниуд, агаарын тээвэрлэгчид гэх мэт 24 улсын төлөөлөгчид, мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид оролцож байна.

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” олон улсын форумыг нээж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэллээ.

“Агаарын тээврийн тогтвортой өсөлтийг хангахад уян хатан, аюулгүй, найдвартай, тогтвортой, өндөр гүйцэтгэлтэй, харилцан ажиллах боломжтой, хүрээлэн буй орчинд ээлтэй дэлхийн агаарын навигацийн системийг бий болгох хэрэгцээ, шаардлага үүсэж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас “ДЭЛХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г гаргасан байдаг. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулж Монгол Улс төлөвлөгөөний нэг чухал хэсэг болох “ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” сэдвээр өнөөдрийн энэхүү олон улсын форумыг зохион байгуулж байна.

2022 оны аравдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орнууд 2050 он гэхэд агаарын тээврээс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг (CO2) тэг түвшинд ойртуулах урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн бидний зохион байгуулж буй “ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” олон улсын форум чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Дэлхий даяар үйлдэгддэг нийт нислэгийн 30 гаруй хувь зөвхөн Ази/Номхон далайн бүсэд үйлдэгддэг, дэлхий дээрх нийт нислэгийн мэдээллийн бүс буюу FIR-ийн 40% нь Ази/Номхон далайн бүсэд байдаг. Гэвч Олон улсын иргэний нисэхийн байгууллагын хамгийн том бүс болох Ази/Номхон далайн бүсэд өнөөдрийн бидний хэлэлцэх гэж байгаа чөлөөт агаарын зай бүрэн хэрэгжээгүй байна.  

Ази/Номхон далайн бүсэд чөлөөт агаарын зайг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, чөлөөт агаарын зай хэрэгжүүлж буй улс орнууд харилцан туршлага солилцох, улмаар тулгарч буй сорилтуудаа даван туулах арга замыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөд нь туслах зорилгоор Монгол Улс өнөөдрийн энэхүү “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг эх орондоо зохион байгуулж байгаа” гэдгийг ИНЕГ-ын дарга онцоллоо.

Мөн “Монгол Улс агаарын тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн дүрмүүд гэх мэт эрх зүйн баримт бичгүүдээ шинэчилсэн, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн, агаарын тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч, концессын гэрээгээр орон нутгийн 4 нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулж олон улсын нисэх буудал болгох ажлыг эхлүүлсэн, агаарын зайн зохион байгуулалт, агаарын навигацийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Үүний үр дүнд сүүлийн 10 жилд нислэгийн чиглэл 114%, нислэгийн тоо 50%, нислэгийн давтамж 160%, зорчигчийн тоо 52%-аар өссөн үзүүлэлттэй байна. 2023 оны олон улсын нислэгийн тоо цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 7.5% өссөн үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн бидний зохион байгуулж буй энэхүү олон улсын форум Монгол Улсад төдийгүй, Ази/Номхон далайн бүсэд чөлөөт агаарын зай хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаагаа ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа илэрхийлээд “Чөлөөт агаарын зай” олон улсын форумыг хамтран зохион байгуулж байгаа Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо болон өөрийн мэдлэг, чадвар, туршлагаа хуваалцаж буй илтгэгч нарт талархал илэрхийлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
1
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв