Ангилал
Хэзээ
2023-10-17
Үсгийн хэмжээ
“AVIATION PHOTO NEWS”-XX

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын хамт олон оролцлоо.

ХЭНТИЙ АЙМГИЙН “ӨНДӨРХААН” НИСЭХ БУУДАЛ

 

“Өндөрхаан” нисэх буудлын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцуулаач.

Д.Цэрэндондов

/Нисэх буудлын дарга/

Их хааны минь хүй цөглөсөн халуун голомт, Их Монголын түүх эхэлсэн өлгий нутагт “Өндөрхаан”-аараа овоглосон манай нисэх буудал түүхэндээ томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлсэн бүтээн байгуулалтын он жилүүд хөвөрсөөр байна.

Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын зорилт 4-ийн I үе шат /2016-2020/ “…, аймаг болон томоохон сумдын нисэх буудлыг хөгжүүлэх,…” гэж, Монгол Улсын Их хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6.2.5-т “Алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттайгаар өргөтгөж, техник, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлнэ” гэснийг үндэслэн 2016 оноос хойш Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг 3,5 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлж байгаа юм. Үүнээс хөөрч буух зурвасын ажил үндсэндээ дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Зорчигч үйлчилгээний /авто машины гарааш, уурын зуух, гүний худаг, харуулын байр зэрэг/ барилгын ажил нийтдээ 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй. 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр, засгийн бодлого шийдвэрт үндэслэн, Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дадал суманд байрлах “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг эхлүүлсэн. Тус барилгын ажлыг “Биг Монголиа билдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тэнхлэгээрээ 46,5м х 46 метр хэмжээтэй, гурван давхар, төмөрбетон каркасан хийцлэлтэй, үйлчилгээний зориулалттай уг барилгын угсралт, дээврийн болон гадна тохижилтын ажлуудыг хийх юм.

Аялал жуулчлал хэр их өргөжиж байна. Тэр дундаа “Өндөрхаан” ”нисэх буудлаар үйлчлүүлэгчид хэр өсөж байна вэ?

Их эзэн Чингис хааны нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласантай холбоотой Батноров, Биндэр, Дадал, Норовлин, Дэлгэрхаан сумдад түүхэн дурсгалт цогцолборууд баригдаж, эхнээсээ ашиглалтад ороод байна. Үүнтэй ч холбоотой сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байна. Манай нисэх буудлын хувьд бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаатай холбоотойгоор нислэгийн үйл ажиллагаа одоогоор хязгаарлагдмал байна.

 

Их хааны өлгий нутагт ажиллаж амьдарч буй гэдгээрээ танд төрдөг бахархал юу вэ?

Л.Сансармаа

/Холбооны техникч/

Их хааны өлгий нутаг болох Хэнтий аймагт ажиллаж амьдардагтаа сэтгэл хангалуун байдаг. Нутгаараа үргэлж бахархдаг. Хэнтий аймаг нь сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хөгжин цэцэглэж байгаа бөгөөд ажиллаж амьдрахад таатай орчныг ихээр бүрдүүлж байгаа нь залуучууд бидэнд маш их давуу тал болж байна. Мөн аялал жуулчлалын томоохон бүс нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт газрууд болон аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор бүтээн байгуулалтыг ихээр хийж байгаа нь нутагтаа чөлөөт цагаа өнгөрөөж, амарч аялахад тааламжтай байгаа. Үр хүүхдүүдээ эрүүл, аюулгүй, бухимдал, бохирдолгүй орчинд өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ өөрийн мэргэжлийн дуртай ажлаа, хийж амьдарч байгаа нь орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа залуучууд бидний хамгийн эрүүл, зөв сонголт юм.

 

 

“Өндөрхаан” нисэх буудлын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

Г.Болортуяа

/Нислэгийн мэдээллийн ажилтан/

Манай нисэх буудал нь Дорнод, Сүхбаатар аймгийг холбосон гол зангилаа зам дээр байрладаг бөгөөд Улаанбаатар хотын нислэгийн мэдээллийн төвийн зүүн талдаа нөөц ажлын байраар ажилладаг.

Эзэн Чингисийн өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй байдаг тул жилд дунджаар 200 гаруй районы нислэг үйлдэгддэг.

SERNA, POLHO-г холбосон олон улсын өнгөрөлтийн зам дээр байрладаг тул агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон нисэх буудал юм.

 

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Бусдадаа санал болгох таны туршлага.

Р.Батхишиг

/Аэродромын/агаарын хөлгийн/ техникч/

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би чөлөөт цагаа аль болох гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ хашаандаа тарьсан хүлэмжийн ногоо (өргөст хэмх, улаан лооль) болон жимсний (гүзээлзгэнэ, үхрийн нүд, монос, чацаргана, алим, чавга) мод бутнуудыг арчилж, тордож ургуулах дуртай. Мөн унадаг дугуйгаар гэр бүлээрээ ойр зуур аяллаар явахыг эрмэлздэг. Байгаль дэлхий, газар шороотой харьцаж, амьд байгалийг хайрлаж сурахыг хүүхдүүддээ үлгэрлэхийг хичээдэг. Аль болох цахим орчноос хол байлгахыг бусдадаа санал болгож байна.

 

 

Нисэхийн салбарт ажиллаж буй таны бахархал юу вэ?

Г.Энхсүрэн

/Холбоо, навигацийн инженер/

Би 2005 онд ШУТИС-ийн салбар ХМТС-ийг мэдээлэл технологийн инженер мэргэжлээр төгсөөд тэр намраа ИНЕГ гэдэг том айлын алтан босгыг алхан орсон билээ. Анх мэргэжлийн дагуу “Өндөрхаан” нисэх буудалд холбооны техникчээр томилогдон ажилд орж байх үед сүрдмээр ч юм шиг, энэ өндөр хариуцлагатай ажлыг хийж чадах болов уу, яах бол гэсэн түгшүүр дунд ажлын гараагаа эхэлсэн гэж хэлэхэд болно. Гэвч өдийг хүртэл ажилласан хугацаагаа эргэн харахад бахархах сэтгэл төрдөг юм. Учир нь холбоо, навигаци, цахилгаан хангалтын тоног төхөөрөмжөөр олон зуун нислэгт нислэгийн аюулгүй байдлыг 24 цагаар тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллаж яваадаа баяртай байдаг. Манай салбар бусад салбарын ажил мэргэжлээс өөр, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага учир маш өндөр хариуцлага шаарддаг. Удирдах дээд байгууллага боловсон хүчнийхээ мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч дэмжиж ажилладаг тул 2022 онд “Утасгүй холбоо” чиглэлээр техникийн ухааны магистрын зэргийг хамгаалсан. Системийн хамт олондоо ажил үйлс нь тэнгэрт тэтгэгдэж, газарт дархлагдаж явахыг хүсэн ерөөе.

Үлийн цагаан оготнын устгал, хамхуул гээд орон нутгийн нисэх буудлуудад хүндрэл багагүй бий. “Өндөрхаан” нисэх буудалд тохиолддог хамгийн хүндрэлтэй нь юу вэ? Та бүхэн асуудлыг хэрхэн зохицуулдаг бол.

Тэгэлгүй яахав. Шороон зурвастай нисэх буудлуудын хамгийн том бэрхшээл бол үлийн цагаан оготно. Оготнотой тэмцэх олон аргыг судалж, туршиж, хэрэгжүүлж байна даа. Хавар, зуны цагт хор цацна /хорыг яг нүхэнд нь нэг бүрчлэн хийхгүй бол ил байгааг нь жижиг бор шувууд түүж иднэ, түүнээсээ болж үхнэ/, өвлийн улиралд үлийнд нь ус хийж хөлдөөнө. Хүнд хэлэхэд зэрлэг балмад юм шиг боловч манай салбарын хувьд аюултай зүйлсийн нэг нь  агаарт шувуу бол газарт оготно юм даа. Устгахаас өөр арга байхгүй.

 

 

Таны ажлын ачаалал ихтэй нэг өдрийг зураглавал хэрхэн өнгөрдөг бол.

Л.Аюурзана

/Нягтлан бодогч/

Байгууллагын нягтлан хүний хувьд өглөө ажилдаа ирээд компьютероо асаахаас эхлээд л өдөр тутмын тайлан тооцоо, гүйлгээ, удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, төсөв төлөвлөгөөний гүйцэтгэл гаргах гээд өдөр бүр адилхан даа. Манай нисэх буудлын хувьд ажиллах хүч цөөнтэй учир байгууллагын дотоод ажилд ч оролцон, нарийн мэргэшлээс бусад ажлыг бас хийнэ л гэж үзнэ дээ.

 

Хамт олныхоо онцлогийг та юу гэж хардаг вэ? Танай хамт олны амжилтын үндэс юу бол.

Э.Машбат

/Аэродромын гэрэл суултын системийн /цахилгаан-дизель, дотоод хяналт/ техникч/

Манай хамт олон хэдий цөөхүүлээ ч бие биеийнхээ ажилд тусладаг, аливаад атгасан гар шиг байж чаддаг нэг сэтгэл, зорилготой хамт олон доо. Тиймдээ ч өнөөдрийг хүртэлх 60 гаруй жилийн түүхийг бүтээлцэж яваа гэж боддог.

“Өндөрхаан” нисэх буудлын ирээдүйн хөгжлийг та хэрхэн харж байна вэ? Хөгжих боломжийн талаар таны бодол.

“Өндөрхаан” нисэх буудлын хувьд 2024 онд 3С ангиллын нисэх буудал ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил ид дундаа явагдаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн авиа компаниуд, ААН, бизнесменүүд дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаатай холбоотой нислэг үйлдэх санал тавьдаг болсон нь хөгжих бүрэн боломжтой гэж хардаг даа. Түүнчлэн удахгүй 4С  ангиллын нисэх буудал болох боломжтой.

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
7
0
0
0
1
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв