“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны хамт олон оролцлоо.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА
Албаныхаа чиг үүргийг танилцуулна уу?
Б.Амартүвшин
/Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны дарга/
Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Барилгын тухай хууль, Иргэний болон бусад холбогдох хууль, тогтоомжийг удирдлага болгон Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн хөрөнгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсөв, худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, гэрээний хэрэгжилтийг хянах, гүйцэтгэлийг хянан баталгаажуулах, тайлагнах харилцааг зохицуулахад Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны үндсэн зорилго оршдог.
Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба нь Худалдан авах ажиллагааны тасаг, Төлөвлөлт гүйцэтгэлийн тасаг гэсэн үйл ажиллагааны хоёр чиглэлээр хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу төсвийн жилд хэрэгжүүлэх ажлуудыг өдөр тутам зохион байгуулдаг онцлогтой.
- Худалдан авах ажиллагааны тасаг нь Үнэлгээний хороо байгуулах, тендер зохион байгуулах, гэрээ байгуулах хүртэлх хууль эрх зүй, бүх процедурыг ханган ажиллана.
- Төлөвлөлт гүйцэтгэлийн тасаг нь Гэрээт ажлыг эхлүүлэх, хянах, үргэлжлүүлэх, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний шаардлагын дагуу хүлээн авах, гэрээг дүгнэх, санхүүжүүлэх, гэрээний нөхцөлийн хэрэгжүүлэлтийг хангуулах үндсэн үүрэгтэй.
Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба нь нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны ажлын онцлог юу вэ? Таны хариуцдаг ажил.
Б.Оюунчимэг
/Гүйцэтгэлийн тасгийн ахлах инженер/
Миний хариуцдаг ажил ХОЗА-ны төлөвлөлт гүйцэтгэлийн тасгийн ахлах инженер хийдэг.
Манай алба нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын тогтвортой, аюулгүй ажиллагааг хангах бүхий л суурь нөхцлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтыг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмуудыг баримтлан худалдан авалтуудыг хийж, хүлээн авах онцлогтой ажил.
Албаны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцуулаач.
Л.Ганбат
/Худалдан авах ажиллагааны тасгийн дарга/
Өнгөрсөн хугацаанд хийгдсэн томоохон худалдан авалтын ажлаас дурдвал:
Таны хувьд хариуцан зарлаж байсан хамгийн том хөрөнгө оруулалттай ажил юу байсан бэ?
Г.Хишигдэлгэр
/Төлөвлөлт гүйцэтгэлийн тасгийн мэргэжилтэн/
Хамгийн том гэхээсээ илүүтэйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчдын хүүхдүүдэд зориулсан “Байгууллагын цэцэрлэг” тендерийг хариуцан зарлаж, шалгаруулалт амжилттай хийгдсэн. Энэ хөрөнгө оруулалтыг тухайн үед төлөвлөгөөнд тусгаж чадсан ИНЕГ-ын удирдлагуудын хүчин чармайлтаар одоо албан хаагчид хүүхдүүдтэйгээ өглөөд ажилдаа ирж, хүүхдүүд маань цэцэрлэгтээ цагийг тухтай сайхан өнгөрүүлж, оройд аав ээжүүд хүүхдүүдээ аваад явж байгаа нь энэ их түгжрэлийн үед маш их хэрэгтэй хөрөнгө оруулалтын төсөл болсон гэж боддог.
Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Бусдадаа санал болгох таны туршлага.
Чөлөөт цагаараа найз нөхөдтэйгээ нийлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, тэдэнд зориулсан ажлууд болон сайн дурын ажлуудыг хийдэг. Бусдадаа санал болгох туршлага гэвэл хүн заавал мөнгөтэй төгрөгтэй байж хүмүүст туслах биш санаа сэтгэл, хоббигоороо ямар ч ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж болох боломжтой байдаг гэж боддог.
Нисэхийн салбарт ажиллаж буй таны бахархал юу вэ?
Н.Отгонжаргал
/Төлөвлөлт гүйцэтгэлийн тасгийн инженер /аэродромын/
Нисэхийн салбарт ажиллаж буй бахархал минь гэвэл миний аав Дамбадорж овогтой Норовсүрэн нь Украйн улсын Харьков хотод Авто замын инженер мэргэжил эзэмшсэн бөгөөд 1984 онд Ховд, 1988 онд Хөвсгөл аймгийн нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, 1990 онд Хэнтийн “Дэлүүн болдог” нисэх буудлын хөөрч буух шороон зурвасыг байгуулсан. 1991 онд “Буянт-Ухаа” ОУНБ-ын хөөрч буух хатуу хучилттай зурвасны хүчитгэлийн Ерөнхий инженерээр ажилласан. Нисэхийн салбарт он удаан жил инженерээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ суусан. Би аавынхаа мэргэжлийг өвлөн авч Иргэний нисэхийн салбарт 15 дахь жилдээ аэродромын инженерээр ажиллаж байгаадаа бахархдаг.
Таны хариуцаж буй ажил санхүү, эдийн засаг, хууль эрхзүйн мэдлэг шаардагддаг байх. Мэдлэгээ дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ?
Х.Рэнцэнпил
/Төлөвлөлт гүйцэтгэлийн тасгийн төсөвчин, инженер/
Тиймээ. Бид хийж байгаа ажлынхаа эрх зүйн орчинг харилцагчид ээлтэй, захиалагчийг хамгаалсан байдлаар хэрэглэх зайлшгүй шаардлага гардаг тул холбогдох хуультай, нийцүүлэн гаргасан дүрэм, журам актуудыг хэрэглэх арга зүйд байнга суралцаж байх шаардлагатай байдаг.
Ашиг сонирхлын нөлөөнд орохоос хэрхэн сэргийлэх нь зүйтэй вэ? Таны баримталдаг зарчим.
О.Тэмүгэ
/Худалдан авах ажиллагааны тасгийн мэргэжилтэн/
Авлигатай тэмцэх газарт жил болгон Ашиг сонирхлын зөрчилгүй эсэх талаар хөрөнгө оруулгын мэдүүлгийг бөглөдөг. Мөн сургалтууд зохион байгуулагдаж бүгд хамрагддаг. Бидний баримталдаг зарчим нээлттэй, шилэн байх үүднээс Tender.gov.mn цахим худалдан авалтын хуудаст үр дүн болон гэрээнүүд бүгд нийтлэгддэг.
Ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа сонирхуулбал.
Г.Наранчимэг
/Худалдан авах ажиллагааны тасгийн ахлах/
Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба нь Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ дагуугаа л ажлуудаа хийгээд явна даа.