Ангилал
Хэзээ
2023-09-12
Үсгийн хэмжээ
“AVIATION PHOTO NEWS”-XVIII

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын хамт олон оролцлоо.

“ДЭГЛИЙ ЦАГААН” НИСЭХ БУУДАЛ

Увс аймгийн агаарын тээврийн түүх нь эдүгээ 65 жилийг аль хэдийн туулсан бөгөөд тэртээ 1946-1956 онд 7 хоногт нэг удаа 60-80 кг шуудан зөөн хүргэж байснаас эхлэлтэй юм. 1956 онд Сайд нарын зөвлөлийн 272 дугаар тогтоолоор агаарын тээврийн бие даасан салбарыг хөгжүүлэх зорилгоор Увс зэрэг 9 аймгийн нисэх буудлыг байгуулж, РСБ-3 радио станцаар тоноглон нислэгийн мэдээллийг дамжуулах радио сүлжээг ашиглаж эхлэжээ. Нисэх буудлын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, хөгжүүлж ирснээр Сайд нарын зөвлөлийн 1958 оны 4 сарын 25-ны өдрийн  112 дугаар тогтоолоор Агаарын харилцааны дүрмийг баталж, агаарын тээвэр хийх дөрвөн үндсэн чиглэлийг баталж байсны нэг нь Увс аймаг байсан юм.

Харин 2011 онд одоогийн “Дэглий цагаан” нисэх буудал шинээр баригдаж ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аюулгүй гүйцэтгэж, бэлэн байдлыг ханган зөвхөн өөрийн төдийгүй баруун аймгийн чиглэлийн нислэгүүдэд нөөц аэродромоор ажиллаж, үйлчилгээ үзүүлж байна.

“Дэглий цагаан” нисэх буудлын хөөрч буух үндсэн зурвас 2693м урт, 30м өргөн, цементбетон хийцтэйгээр 2010 онд баригдаж ашиглалтад орсон. Нисэх буудлын барилга байгууламж цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 50 автомашины зогсоолтой, нислэгийн ачаалал өндөр байдаг чиглэл юм. Тус нисэх буудал нь 34 батлагдсан орон тоотой. Ажилтан бүр өөрийн ажил үүргээс гадна олон чиглэлийн ажлыг хавсран гүйцэтгэж ажилладаг чадварлаг хамт олон бий.

 

“Дэглий цагаан” нисэх буудлын хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцуулаач. Орон нутгийн нислэг сэргээд ачаалал хэр байна вэ?

Л.Энхтуяа

/Нисэх буудлын дарга/

Төрөөс орон нутгийн нисэх буудлуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг тогтмол хийж, ашиглалтыг сайжруулж ирсэн байдаг. Үүнээс сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал:

- Явгалах замын өргөтгөлийг хийж гүйцэтгэснээр нислэгийн аюулгүй байдлын чанарыг дээшлүүлсэн /2019-2020 он/

- Нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөөрч буух үндсэн зурвас болон нисэх буудлын барилга байгууламжийн өргөтгөлийн зураг төсөв хийгдсэн. /2018-2022 он/

- Хөрш зэргэлдээ улстай нислэг хийх бэлтгэл ажлыг шат дараатай хийж, хилийн боомт бүхий нисэх буудал болох хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад тавин ажиллаж байна.

- Нисэх буудлын боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, гадаад харилцааг хөгжүүлж, туршлага судлах талаар тодорхой ажлуудыг хийж байна.

Дэлхий нийтээр тархсан цар тахал болон хөрш оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд манай агаарын тээврийн салбар амаргүй цаг үеийг туулж, орон нутгийн нислэгүүд хэсэг хугацаанд зогсох хүртэл хүндрэл бэрхшээл тохиолдсон ч Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ, ИНЕГ-аас бодлогоор дэмжиж, алслагдсан 9 аймагт нислэгийг татаасаар үйлдэж байгаа. Эдгээр аймгийн нэг нь манай чиглэл бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоногт 2 удаа “МИАТ” ТӨХК нислэг үйлдэж байна. Нислэг эхэлсэн цагаас эхлэн Улаанбаатар-Улаангом-Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал тогтвортой, дүүргэлт сайн байна. Тийзний үнийг бууруулж, тогтмол нислэг хийж байгаа нь агаарын тээврийн эрэлт хэрэгцээг хангасан, цагаа олсон ажил болж байгаад ард иргэд талархалтай байгаа. Мөн манай аймгийг зорьж байгаа жуулчид, ажлаар яваа, амарч байгаа хүмүүсийн урсгал нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Нислэгийн өвлийн хуваарь батлагдсан. Энэ нислэг маань цаашид ч үргэлжилж байгаа нь бидэнд сайхан байна.

-Ойрын үед хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлууд юу байгаа бол. Цар тахлын дараах сэргэлт хэр мэдрэгдэж байна?

Монгол Улсын Иргэний нисэхийн  тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг дээд газраас аван ажиллаж байна. Хууль хэрэгжиж эхлэхэд агаарын тээврийн салбар илүү хөгжиж, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагаа, хүчин чадал нэмэгдсэн ажлууд их хийгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Аюулгүй ажиллагаа, мэргэшсэн боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөл хангагдан үүнтэй уялдаж салбарын ажилчдын нийгмийн баталгаа сайжирсан он жилүүд болох байх. Мөн түүнчлэн эхлүүлээд байгаа өмнө дурдсан томоохон ажлуудыг хэрэгжүүлэх талаар манай хамт олон хичээж ажиллах болно. Орон нутгийн нислэгээс гадна дундаас дээш оврын агаарын хөлгөөр олон улсын нислэг үйлдэж, баруун аймгийн агаарын тээврийн чухал цэг болон хөгжихөөр төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд хичээж ажиллана даа.

-Нисэх буудлынхаа хөгжилд цаашид хийж хэрэгжүүлэхсэн гэсэн санаа бодлоосоо хуваалцаач.

Манай нисэх буудлын хамт олон алсын хараа, хүрэх зорилгоо гаргасан байгаа. Энэ нь 4С ангиллын, олон улсын статус бүхий, орон нутгийн хэмжээнд жишиг нисэх буудал болох гэсэн амбицтай. Чадварлаг боловсон хүчинтэй, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, зорчигчдын тав тух эрэлт хэрэгцээг бүрэн багтаасан үйлчилгээг нэвтрүүлж, ашиг орлоготой үр өгөөжтэй ажиллахад маш олон ажлуудыг хийж, өдөр тутамдаа хичээнгүй ажиллах шаардлагатай. Бид хамт олноороо энэ ирээдүй рүү харж, санаа бодлоо нэгтгэн атгасан гар шиг явахад зорилгодоо хүрэхэд их хол биш гэдэгт итгэлтэй байгаа.

 

Нисэх буудал байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хамгийн их ачаалалтай ажиллаж байсан үе хэдийд байв. Дурсамжаасаа хуваалцаач.

Д.Батболд

 /Хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч/

ИНҮТ-ийн харьяа Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудалд 2012 оноос аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, 2020 оноос хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагчаар ажиллаж байна. Улсад 28 жил, Иргэний нисэхийн системд 11 жил ажилласан байна. Увс аймагт агаарын замаар зорчигч тээврийн үйл ажиллагааг тэртээ 1958 оноос эхлэн тогтворжуулж, нисэх буудлын үйлчилгээг цогцоор нь үзүүлж ирсэн түүхтэй.

Тухайн үед тус нисэх буудал аймгийнхаа 14 сум, сангийн аж ахуй, 2  бригадад тогтмол нислэг үйлдэж, хот хоорондын зорчигчдын 70 орчим хувьд нь хүрч  үйлчилдэг болсон төдийгүй, цас ихтэй өвлийн улиралд Баруунтуруун, Зүүнговь, Тэс,  Давст, Зүүнтуруун зэрэг сумдад АН-2 онгоцыг цанаар тоноглож нислэг үйлдэж байсан  түүх бий.

2011 онд одоогийн “Дэглий цагаан” нисэх буудал шинээр баригдаж ашиглалтад орсон бөгөөд цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий 3С  ангиллын хөөрч, буух үндсэн зурвас бүхий 24 цагийн үйл ажиллагаатай сүүлийн  үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ үеийн нисэх буудал болон  хөгжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

“Дэглий цагаан” нисэх буудлын зорчигч урсгалын хамгийн ачаалалтай үеийг сүүлийн 15 жилийн байдлаар авч үзвэл 2011 оноос 2014 он хүртэлх хугацаанд хамгийн ачаалалтай нислэгийн эрчимжилт өндөр байсан нь тоон үзүүүлэлтээр харагдаж байгаа юм. Эдгээр жилүүдэд 7 хоногт 13-15 нислэг угтан авч, үдэн гаргаж нисэх буудлын үйлчилгээ үзүүлж ажиллаж байжээ. Сүүлийн  жилүүдэд цар тахал, хөрш орны дайны байдлаас үүдэлтэй нислэг, зорчигчийн тоо буурсан ч эргээд нислэг сэргэж, орон нутгийн иргэд агаарын тээврээр үйлчлүүлэх тоо нэмэгдэж байна.

 

Орон нутагтаа ажиллаж амьдрахын давуу болон сул талыг юу гэж хардаг вэ?

Ү.Түмбээ

/ХЧРС-ын техникч/

Нисэх хэмээх их айлтай ажил амьдралаа холбоод 32 жил болсон байна. Хөдөө орон нутагт амьдарснаар цэвэр агаарт, тайван сайхан санаа зовохгүйгээр амьдарч болно. Санхүүгийн хувьд хэмнэлттэй байж, мөнгөө хуримтлуулах боломжтой юм. Интернет сүлжээ хөгжсөн энэ цаг үед хүн өөрөө л хичээж, өөрийгөө хөгжүүлж, хэрэгцээгүй сошиал хэрэглээ, сөрөг мэдээлэлд хэт авталгүй, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх цаг зав түгжрэлд цаг зарцуулахгүй болохоор хотынхныг бодоход илүү байгаа. Мөн хөдөө амьдрахад гэрийн ажил багагүй байдаг тул утсаа барих ч завдалгүй гарч орсоор өдрийг өнгөрөөж, өөрт болон гэр бүлдээ хэрэгтэй зүйлсээ хийх боломжтой байдаг. Аливаа зүйл мэдээж хоёр талтай. Хөдөө орон нутагт амьдрахад дээрх давуу талууд байж болох ч дараах сул талууд бас бий. Эмнэлгийн үйлчилгээ, хүртээмж, тоног төхөөрөмжийн хүчин чадал төвтэй харьцуулахад хангалтгүй, зарим бараа болон хүнсний бүтээгдэхүүний сонголт, хүртээмж тааруу. Өндөр үнэтэй. Хүүхдээ хүссэн дугуйлан, секцэд хамруулах хүртээмж хотыг бодоход хангалтгүй, мэргэжлээрээ ажиллах цалин, сайн ажлын байр олдохгүй байх зэрэг бэрхшээлүүд тулгардаг.

 

  

Нисэх буудлынхаа хөгжлийг та хэрхэн төсөөлдөг вэ? Таны оруулах хувь нэмрийн талаар санал бодлоосоо хуваалцаач.

С.Бямбасүрэн

/Аэродромын гэрэл суултын системийн техникч, ХАБЭА/

Одоогийн байдлаар Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудал нь 3С ангиллын аэродромтой, цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашид олон улсын статустай болж байгаа “Боршоо” боомтыг түшиглэн  хөгжиж, цагт 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай, олон улс, орон нутгийн нислэгийн эрчимжилт ихтэй, аэродромын ангилал нь 4С болж өргөжих байх гэж бодож байна. Ирээдүйд олон улсын нисэх буудал болон өргөжиж, тэр хэмжээгээрээ навигацийн тоног төхөөрөмж нэмэгдэн, баруун бүсийн томоохон агаарын тээврийн зангилаа төв болон хөгжинө гэж төсөөлж байна.

Нисэх буудлын цаашдын хөгжилд ажилтан албан хаагч бидний оруулах хувь нэмэр нь техник технологи хөгжиж буй энэ цагт шинээр гарч буй техник технологийг судлан, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, хариуцан ажиллаж буй тоног төхөөрөмжөө судлан гэмтэл саатал гаргахгүйгээр урьдчилан сэргийлж ажиллах, мөн гэмтэл саатал гарсан үед шуурхай засварлаж, нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь бидний үүрэг бөгөөд гол зорилго гэж ойлгож байна.

 

Ажлын тань нэг өдөр хэрхэн өнгөрдгийг зураглавал?

Н.Мөнхзаяа

/Нислэгийн хөдөлгөөний ахлах удирдагч/

Д.Мөнхжаргал

/Нислэгийн хөдөлгөөний удирдагч/

Манай хэсэг ойртолтын 2 нислэгийн удирдагчтай, ээлжийн зохион байгуулалттай ажилладаг. Бид нислэгийн удирдагч хэмээх ур чадвар шаардсан, өндөр хариуцлагатай бахархам мэргэжлийг эзэмшээд 15-18 дахь жилдээ нэг баг болон хамтран ажиллаж байна.

Бидний  ажлын 1 өдөр нь ээлжээ хүлээн авч, ажлын байрны тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлын мэдээгээ явуулж, районы нислэгийн мэдээ, цаг агаарын байдалтай танилцсанаар эхэлдэг дээ. Мөн тухайн өдрийн нислэг буухаас өмнө болон дараа үйл ажиллагааны зааварт заагдсаны дагуу нислэгийн зааварчилгаа яриаг нислэгийн удирдагч зохион байгуулж, нислэгийн үед илэрсэн технологийн алдаа, дутагдал, ололт амжилтыг дүгнэн ярилцаад ажлын цаг дуусч, аз жаргалтайгаар гэрийн зүг 15 км давхина даа.

Цайны цагаараа хамт олноороо цай, кофе ууж, олон сэдвээр яриа өрнүүлэн, мэдээлэл солилцож амждаг. 

Энэхүү завшааныг ашиглан эхний нислэг хөөрөхөөс сүүлийн нислэг буух хүртэлх  бүхий л үйл ажиллагаанд хамтран ажилладаг нисэхийн хамт олондоо ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Буулт, хөөрөлтийн тоо тэнцүү байг ээ.

 

Увс аймагт аялал жуулчлал, ялангуяа агаарын тээвэр ашигласан аялал жуулчлал хөгжих боломж хэр байна гэж та үзэж байгаа вэ? Өнгөрч буй зун жуулчин ихтэй байв уу?

Д.Цэвэлмаа

/Шатахууны нярав, лаборант/

Увс аймаг нь говийн бүсээс тал хээр, хангай, мөнх цаст өндөр уулсын бүсийн байгалийн өвөрмөц тогтоцтой газар нутагтай. Увс, Хяргас, Үүрэг, Ачит зэрэг нуур, Ханхөхий нуруу, Хархираа түргэний уулс, Дэглий цагааны мөнх цаст уулс зэрэг байгалийн үзэсгэлэнт газартай, олон төрлийн ургамал, амьтан байгальд элбэг тархсан, олон ястны өвөрмөц зан заншил, уламжлалт зан үйлээрээ гайхагдсан нутаг. Иймд манай аймгаар зочлохгүй байхын аргагүй. Энэ жил агаарын тээврийн үйлчилгээ нэмэгдэн аялал жуулчлалаар ирсэн иргэдийн тоо нэмэгдсэн. Алслагдсан зайтай оршдог манай аймгийн хувьд аялал жуулчлал, агаарын тээвэр хоёр салшгүй холбоотой, хамтдаа хөгжих хоёр салбар юм. Бид ирж, буцаж буй зорчигчдод шуурхай, аюулгүй, цаг хугацааг хэмнэсэн үйлчилгээг үзүүлэхээр хичээж ажилладагтаа баяртай байна.

 

Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авдаг вэ?

Э.Баярхүү

/Гал сөнөөгч, галын бүлгийн ахлагч/

Агаарын тээврийн салбарт, тэр дундаа нисэх буудлын галын бүлгийн ахлагчаар ажиллах нь өндөр хариуцлага, сахилга бат, ур чадвар шаардсан амаргүй алба байдаг. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад бие сэтгэлзүйн бэлтгэл шаардсан байдаг тул спортоор хичээллэх нь ач холбогдолтой байдаг. Би сагсан бөмбөгийн спортоор 14 дэх жилдээ хичээллэж байна. Өөрийгөө хөгжүүлэхээс гадна багийн гишүүдээ хамт хөгжүүлж, ойлголцож чаддаг нь багийн спортын давуу учир миний ажил үүрэгт дэмтэй байдаг.

Мөн нисэх буудал болон нислэгийн үеийн Галын аюулгүй байдлыг хангаж  ажилладаг ажлын байрны чиг үүргийн хувьд холбогдох сургалт семинарт хамрагдаж гэрчилгээжин, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэн ажилладаг.

 

Танай хамт олны бахархал, xамт олны уур амьсгалыг та хэрхэн үнэлдэг вэ?

\

Г.Отгонжаргал

/Үйлчлэгч/

Манай хамт олон бие биенээ дэмжин нэг баг болж ажиллах чадвартай. Аливаа ажлыг баг хамт олноороо нэг хүн шиг нэгдэж, богино цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэдэг. Ажил мэргэжилдээ эзэн болсон бахархам ажилчидтай. Нэгнээ ойлгож дэмжин тусладаг нэг гэр бүл шиг хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

 

 

 

                

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
10
0
0
1
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв