“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн хамт олон оролцлоо.
ОНОШИЛГОО, ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ
Иргэний нисэхийн салбарт хэмжил зүйн үйлчилгээ үзүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ИНЕГ-ын даргын 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 556 тоот тушаалаар Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа “Хэмжил зүйн лаборатори” нэртэй байгуулагдсан. 2003 онд томоохон шинэчлэл хийж, үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлэн “Оношилгоо, хэмжил зүйн лаборатори” нэртэй болсон.
Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь нисэхийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор өөрийн үйл ажиллагаанд лабораторийн менежментийн тогтолцооны бүх мэдээллийг агуулсан MNS ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, хадгалах, улмаар чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах замаар хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийг хангасан хэмжилт, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг.
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүд болон нисэх буудлууд, авиа компаниудын хүсэлтээр дараах хэмжилт, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, сорилт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг. Үүнд:
Сорилт шинжилгээний хэсэг
1.Газрын тосны бүтээгдэхүүний сорилт шинжилгээ (41 төрлийн шинжилгээ)
2. Лабораторийн шилэн хэмжүүрийн шалгалт, тохируулга (3 төрлийн хэмжил)
Хэмжил зүйн хэсэг
1. Хэмжих хэрэгслийн хэмжилт шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт
2. Цулын хэмжил
3. Шугаман өнцгийн хэмжилт, шалгалт тохируулга, баталгаажуулалт болон геодезийн хэмжилт
4. Үл эвдэх сорил
Дээрх үйл ажиллагааны чиглэлүүдээр MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг ханган шалгалт тохируулга, сорилт шинжилгээний төрлөөр Үндэсний итгэмжлэлийн төвөөс 2000 оноос хойш 6 удаа итгэмжлэгдэн гэрчилгээжсэн.
Лаборатори нь АНУ, Герман, Англи, Швейцар, Сингапур, Хятад улсуудад үйлдвэрлэсэн орчин үеийн, өндөр нарийвчлалтай 70 орчим тоног төхөөрөмжүүд, хэмжих хэрэгслүүд ашиглан, олон улсын болон үндэсний 100 гаруй стандарт арга аргачлалаар хэмжил, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, сорилт шинжилгээний ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Тус лабораторид улсын шалгагч 4, зөвлөх инженер 1, мэргэшсэн инженер 1, доктор 1, магистр 5 тус тус ажиллаж байна. Мөн үл эвдэх сорилын инженер нь гадны сургалтын байгууллагаас SNT-TC-1A, NAS-410, ISO9712 гэх мэт тухайн салбарын хүрээнд хүчин төгөлдөр 2-р түвшний хугацаатай гэрчилгээг арга тус бүрээр эзэмшсэн инженерүүд байдаг.
Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач. Танайд ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүд хэр шинэчлэгдсэн бэ?
Г.Батцэцэг
/Лабораторийн эрхлэгч/
Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь агаарын хөлгийн түлш, тосны чанар хяналтын шинжилгээний аргын олон улсын 18 стандартыг орчуулж үндэсний стандартаар батлуулсан нь үндэсний стандартыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
Агаарын хөлгийг мөстөлтөөс хамгаалах зорилгоор ашигладаг De/anti-icing шингэний шинжилгээг Монгол Улсад анх удаа хийж эхэлсэн.
Стандарт хэмжил зүйн газраас зохион байгуулсан улсын шалгагчийн эрхийг дараах хэмжлийн төрлүүдээр авсан. Уртын хэмжлээр А.Жамъяндорж, цаг уурын хэмжлээр Б.Бямбадорж, эзлэхүүн зарцуулалтын хэмжлээр Н.Батбаяр, Д.Энхтүвшин нар улсын шалгагчийн эрх авсан.
Төвийн болон орон нутгийн нисэх буудлын агаарын хөлгийн түлшээр сумлах агуулахын нярав-лаборант нарыг чадавхжуулах сургалтыг 2010 оноос хойш 2 жилд 1 удаа нисэхийн сургалтын төвтэй хамтран тогтмол зохион байгуулдаг.
Лаборатори нь хэмжил зүй, сорилт шинжилгээний чиглэлээр дотоодын болон олон улсын ур чадварын харьцуулалтад удаа дараа амжилттай оролцож чадавхаа тогтмол үнэлүүлдэг.
Иргэний нисэхэд геодезийн захиалагчийн хяналтын хэмжил захиалах, гүйцэтгэх тухай журмын дагуу төвийн болон орон нутгийн нисэх буудлуудад геодезийн хяналтын хэмжилтийг тогтмол хийж аэродромын газар зүй өгөгдөл, аэродромын саадууд, хөөрч буух зурвасын бодит үзүүлэлтүүд зэргийн мэдээллийн санг үүсгэсэн.
Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулаач.
О.Тэсээ
/Чанарын менежер/
Нисэхийн үйл ажиллагаанд оролцдог төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудад хэмжилт, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээний ажил үйлчилгээг үзүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад оролцдог. Иргэний нисэхийн салбарт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, шугаман өнцгийн хэмжилт, геодезийн хяналтын хэмжилт, үл эвдэх сорил болон бүх төрлийн түлш, шатахуун, тос, тосолгооны материал, тусгай шингэнүүдийн сорилт шинжилгээ болон шилэн хэмжүүрийн шалгалт тохируулга хийхээр MNS ISO/IEC17025:2018 стандартын шаардлагад нийцсэн болохыг нотолж, Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS)-өөр итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог давуу талтай.
Иргэний нисэхийн салбараас гадна өөр газрын захиалгаар хэмжил, шалгалт тохируулга, сорилт шинжилгээний ажил хийдэг үү?
Ж.Сайнбаяр
/Сорилын хэсгийн ахлах инженер/
Манай лаборатори гадны байгууллагын захиалгаар хэмжилт, шалгалт тохируулга, сорилт шинжилгээ гүйцэтгэдэг. Гадны байгууллагын захиалгаар газардуулгын эсэргүүцлийн хэмжилт болон үл эвдэх сорилын үзлэг, газрын тосын бүтээгдэхүүний чанарын шинжилгээ хийдэг. Үүнээс онцлон дурдвал хувийн байгууллагын төмөр ачих, буулгах цехийн вандан кранд үл эвдэх үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргах, улсын нөөцийн түлш, шатахуунд чанарын хяналтын шинжилгээ хийх гэх мэт.
Бусад газар байхгүй ч юм уу ховор содон төхөөрөмж бий юу? Ажил нь мэдээж нарийн технологийн дагуу явагддаг байх. Санамсаргүй алдаа гаргах тохиолдол байх уу?
Г.Одбаяр
/Хэмжил зүйн хэсгийн ахлах инженер/
Манай лабораторид соронзон бөөмийн сорил, хуйларсан гүйдлийн сорил, шингэн нэвчүүлэх сорил, хэт авианы сорилын хэмжих хэрэгсэл, багаж төхөөрөмж болон хатуу гадаргуугийн барзгаржилтыг хэмжигч тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаагаараа давуу талтай.
Лабораторийн гүйцэтгэж байгаа хэмжилт, шалгалт тохируулга, сорилт шинжилгээ бүр өөрийн гэсэн нарийн технологи бүхий арга аргачлал, стандартыг мөрдөхийг шаарддаг учраас чадварлаг боловсон хүчинтэй байх нь хамгийн чухал юм.
Энэ салбарын онцлог бол санамсаргүй гаргасан жижиг алдаа, сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байдаг тул санамсаргүй алдаа гаргахгүйн тулд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж өдөр тутамдаа шат шатны хяналт тавьж ажилладаг.
Албандаа хэд дахь жилдээ ажиллаж байна вэ? Сэтгэл ханамж хэр байдаг вэ?
Б.Бямбадорж
/Радио, цаг уур, цахилгааны инженер/
Миний бие Бямбасамдан овогтой Бямбадорж нь 2016 оны 1 дүгээр сараас хойш Оношилгоо, хэмжил зүйн лабораторид Радио, цаг уур, цахилгаан, цулын инженерээр 8 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Ийм сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа сэтгэл ханамж их өндөр байдаг.
Нисэхийн салбарт ажиллаж буй таны бахархал юу вэ?
Л.Отгонжаргал
/Химич инженер/
2025 онд тохиох Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний түүхт 100 жилээ угтаж байгаа энэхүү салбарын эд, эс болон тэр тусмаа нисэхийн аюулгүй ажиллагаанд чухал ач холбогдол бүхий хэмжилт, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, сорилт шинжилгээ гүйцэтгэдэг байгууллага, хамт олноороо бахархаж явдаг.
Таны ажлын нэг өдрийг зураглавал. Ажлын ачаалал хэр их байдаг вэ?
А.Жамьяндорж
/Шугаман өнцөг, геодезийн инженер/
Миний ажил байгууллагуудаас ирсэн захиалгат ажлуудтай танилцан тухай өдрийн ажлыг төлөвлөхөөс эхэлдэг. Ажлын төрлөөс хамаарч холбогдох аюулгүй ажиллагааны зааварчилгааг авч, стандарт арга аргачлал, тоног төхөөрөмжийг бэлтгэнэ. Ажлын талбарт хэмжилтийг стандарт арга аргачлалын дагуу хийж, үр дүнг боловсруулан захиалагч байгууллагуудад хүргүүлдэг. Ажлын тоо хэмжээ цар хүрээнээс хамаарч зарцуулах хугацаа харилцан адилгүй байдаг.
Хэмжилт, сорилт шинжилгээний ажлыг хийхэд хүнээс ямар чадвар их шаарддаг вэ?
С.Ангараг
/Химич инженер/
Хэмжилт, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээ хийж гүйцэтгэхэд инженерээс мэргэжлийн ур чадвар, нягт нямбай байдал, үр дүнгийн тайланг боловсруулахад өргөн хүрээний мэдлэг, цагийн менежмент сайтай байхыг шаарддаг.
Ойрын үед хэрэгжүүлэх шаардлагатай, төлөвлөсөн ажлуудаасаа сонирхуулбал.
С.Лхам
/Аюулгүй ажиллагааны инженер/
Манай лаборатори нь 70 орчим цахилгаан багаж, тоног төхөөрөмж, 50 гаруй төрлийн химийн аюултай болон хортой химийн бодис ашигладаг, газрын тосны бүтээгдэхүүнтэй өдөр бүр харьцдаг учраас хэвийн бус нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавих зайлшгүй шааардлагатай байдаг. Ойрын хугацаанд химийн бодистой харьцаж ажилладаг ажилтнуудаа химийн бодисын хор аюулын талаар давтан сургалтад хамруулах, Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвд хандаж ажилчдыг эрүүл мэндийн төлөвлөгөөт үзлэгт хамруулж, эрсдлийн үнэлгээг хийж мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсэж байгаа эсэх, үүсэх эрсдэл байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна.