Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн TIC сургалтад ажилтнуудыг хамруулах удирдамжийн дагуу 7 дугаар сарын 5-аас 12-ны өдрүүдэд Нидерландын JAA (Joint Aviation Authorities)-аас цахимаар зохион байгуулсан TIC Part 1 сургалт, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/201 тоот тушаалын дагуу TIC Part 2 сургалтад 7-р сарын 23-наас 30-ны хооронд Инчеон Олон Улсын нисэх буудлын Нисэхийн академи дээр ИНҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 5 нислэгийн удирдагч амжилттай хамрагдаж гэрчилгээгээ авлаа.
Тус сургалтаар заах аргын үндсэн ур чадвар, мэдлэг, арга барил, орчин үеийн ур чадварт суурилсан сургалтын заах арга барилыг эзэмшүүлж, сургалтад бэлтгэх, сургалтыг үр дүнтэй, чанартай явуулах, сургалтын дараах үнэлгээг хийхэд чиглэсэн мэдлэг, ур чадварыг олгохоор зорьсон юм. Анхан шатны сургалт цахимаар 3 хоног үргэлжилж, ахисан түвшний сургалт 2023 оны 7-р сарын 24-ний өдрөөс 7-р сарын 28-ны өдрүүдэд Инчеон Олон Улсын нисэх буудлын Нисэхийн академи дээр зохион байгуулагдлаа. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ээлжийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагч, бүсийн ажиглалтын нислэгийн хөдөлгөөний удирдагч нарын таван ажилтан уг сургалтад хамрагдсанаар ИНД-65.405 нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний багшлах зэрэглэл эзэмших эрхтэй болж, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудад сургалт зохион байгуулах, зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаж байгаа, эсхүл эрхээ сэргээж байгаа нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэж байгаа этгээдэд шууд хяналт тавих, үнэлгээ хийж, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зэрэглэл болон зөвшөөрөл олгох юм.
Дээрх сургалтад хамрагдсан ажилтнууд сургалтын тайлан тавих үеэрээ “Насанд хүрэгчдийн сургалтад анги танхим, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн ямар чухал болох, сургалтын агуулга, хөтөлбөр тодорхой бөгөөд оновчтой байх ёстой, сургалцагчийн олж авсан мэдлэгийг хэрхэн ашиглах болон эзэмшүүлэх талаар, мөн өөрийгөө үнэлэх, түүндээ суурьлан өөрийгөө тогтмол хөгжүүлэх нь ямар чухал гэдгийг мэдэж авсан” гэдгийг онцолсон. Мөн цахим сургалт (Pre-OJT буюу Pre – on the job training)-ын давуу тал, сурагч төвтэй сургалтын арга барил, суралцагчдын сургалтад өгөх үнэлгээг авах аргачлалаа сайжруулах, өөрчлөх хэрэгцээ шаардлага байгаа талаар хэллээ.