Ангилал
Хэзээ
2023-06-30
Үсгийн хэмжээ
"AVIATION PHOTO NEWS" - XVI

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын хамт олон оролцлоо.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН “МӨРӨН” НИСЭХ БУУДАЛ

“Мөрөн” нисэх буудал нь агаарын тээвэрлэгч, агаарын хөлөг болон зорчигчдод нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, ачаа, тээш, шуудангийн бүрдүүлэлт, тээвэрлэлтийг зохион байгуулах, нислэгийн хөдөлгөөний удирдлага, мэдээлэл, цаг уур, холбоо навигаци, аэродром ашиглалт,  нисэхийн аюулгүйн хамгаалалт, газрын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг орон нутгийн 1 дvгээр зэрэглэлийн нисэх буудал юм.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 344 дүгээр тогтоолоор Зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн Олон улсын боомт байхаар тогтоосон бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-нд олон улсад  нисэхийн мэдээллээр /AIP/ "МӨРӨН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ" болон зарлагдсан. Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн дүрэм болон стандарт, зөвлөмж, холбогдох журамд нийцсэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

“Мөрөн” нисэх буудал нь 2400х42м хөөрч буух асфальт бетон хучилттай зурвастай, 3С ангилал бүхий агаарын хөлгүүдийг хүлээн авах хүчин чадалтай.

“Мөрөн” нисэх буудал нь нийт 38 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Нийт ажилтнуудын 90 хувь нь нисэхийн тусгай мэргэжлийн болон тусгай дунд, дээд боловсролтой мэргэшсэн чадварлаг боловсон хүчнүүд юм

“Мөрөн” нисэх буудлын харъяа “Хатгал” нисэх буудлын аэровокзалын 2007 онд ашиглатанд хүлээн авсан ба улирлын чанартай түр буудал юм. 2300м урт, 30м өргөнтэй сайжруулсан шороон зурвастай, цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай. Үндсэн 2 орон тоотой бөгөөд нислэгтэй vеийн холбооны болон бусад техник тоног төхөөрөмж, боловсон хvчний хангалтыг “Мөрөн” нисэх буудлаас хангахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид газар нутгийн онцлогийг харгалзан “Хатгал” нисэх буудлыг зуны улиралд захиалгат, тогтмол болон ерөнхий зориулалтын нислэгт ашиглах бүрэн боломжтой юм.

 

Нисэх буудлынхаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа сонирхуулаач. 

Д.Отгонбаяр

/Холбоо навигацийн инженер/

Өнгөрсөн хугацаанд манай хамт олны хийж хэрэгжүүлсэн маш олон ажлууд байгаа. Зарим ажлуудаас онцлон дурьдвал:

Монгол Улсын Засгийн газрын 344-р тогтоолоор “Мөрөн” нисэх буудлыг олон улсын боомт буудал болгосон бөгөөд 2022 оны 5 дугаар сард Нисэхийн мэдээллийн эмхтгэлээр олон улсад зарлагдсан юм. Энэ хүрээнд Олон улсын нисэх буудал болох бэлтгэл ажлуудыг хангасан.

Олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх зорилт тавин,  MNS ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо”, MNS ISO 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-г хэрэгжүүлсэн байгууллага болж,  Стандарт, хэмжил зүйн газраас гэрчилгээгээ гардан авсан.

Иргэний нисэхийн хууль, дүрэм, журам стандартуудыг хэрэгжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нисэх буудлын техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, байгууллагын тохижилт үйлчилгээг сайжруулж, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ажилтнуудын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд хөдөлмөрлөх, эрүүл мэндийг хамгаалах, сургаж дадлагажуулах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

 

2023 онд хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд юу байна. “Мөрөн” нисэх буудлынхаа хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

Д.Хишигбат

/”Мөрөн” нисэх буудлын дарга/

2023 он манай хамт олны болоод иргэний нисэхийн салбарынхны хувьд ихээхэн эерэг өөрчлөлтийг авч ирсэн, ажил, хөдөлмөр ундарсан, завгүй жил болно гэдэгт итгэлтэй байна.

Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтийн үе эхэлж, Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил”-ийг зарлан, “МИАТ” ТӨХК-ийн татаастай нислэгийг орон нутгийн 9 нисэх буудалд эхлүүлээд байна.

“Мөрөн” нисэх буудлын хувьд 2023 онд нисэх буудлын үндсэн үйл ажиллагаа болох ИНД-139, ИНД-140-ийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгуулах,  ISO 9001, 45001 олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцооны гэрчилгээ эзэмшигчийн хувьд магадлах аудитад хамрагдах, “Хатгал” нисэх буудлын ашиглалтыг сайжруулж, нислэг хүлээн авах, Иргэний нисэхийн стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, нисэх буудлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, нисэхийн болон нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх, мөн цаашлаад Олон улсын нислэг хүлээн авах зэрэг томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна.

“Мөрөн” нисэх буудал нь газар нутгийн онцлог болоод нисэх буудлын хүчин чадлын хувьд Олон улсын зэрэглэл бүхий зорчигч, ачаа тээврийн үйлчилгээний зангилаа нисэх буудал болох бүрэн боломжтой. Үүний тулд ч манай хамт олон цаг ямагт хичээн ажиллаж байна. Удахгүй сайхан цаг үе ирж, бид бүхний зорилго биеллээ олно гэдэгт бүрэн итгэлтэй байна.    

Монголын минь хөх тэнгэр мөнхөд цэлмэг байж,

Мөнгөн цагаан хөлгүүдийнх нь буулт хөөрөлтийн тоо тэнцүү байж, бид бүхний ажил үйлс үргэлж өөдөө бадарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Та нисэх буудалдаа хэдэн жил ажиллаж байна вэ?  Таны ажил мэргэжлийн онцлог.

Ж.Төөрүүл

/Нислэгийн мэдээллийн ажилтан/

Би нисэх буудалдаа 21 жил ажиллаж байна. Миний ажлын онцлог бол бүх нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэх явдал юм. Жирийн нэг хүн миний ажлыг хараад намайг юу хийж байгааг ойлгодоггүй. Тэгвэл би агаарын хөлөгт нэг аэродромоос нөгөө аэродром хүрэх замд таарах цас, бороо, салхи, шуурга зэрэг цаг уурын мэдээлэл, агаарын  хөлгийн өндөр байрлал гээд бүхий л мэдээллийг дамжуулж, өөр хоорондоо аюулгүйгээр зөрж өнгөрөх нөхцөлийг ханган, агаарын хөлөг хаана бууж, хаанаас хөөрч байгааг нарийн бүртгэж хянадаг ажлыг хийдэг. 

Би нэг үг, нэг тоог буруу дамжуулах юм бол маш том эрсдэл үүсэх тул дамжуулж байгаа мэдээгээ маш үнэн зөв, хариуцлагатай дамжуулах нь нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэсэн үг юм даа.

 

Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан, мэргэжлийнхээ онцлогийн талаар хэлбэл.

/Г.Рэгзэнсурмаа

/Шатахууны лаборант-нярав/

2012 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд АШУҮИС-д орох мөрөөдөлтэй байсан ч аймагт 10-хан ирсэн хүний их эмчийн ангидаа орж чадаагүй би санаандгүй байдлаар ШУТИС-ийн органик хими-технологийн ангид элссэн. Дурлаж элссэн сургууль минь байгаагүй ч хичээлийн эхний улирлаас л мэргэжилдээ сонирхолтой болж, шимтэн суралцсанаар 40 хүүхэд элссэн ангиас 7 оюутан төгссөний нэг нь болж байлаа.

Сургуулиа төгсөөд анхны ажлын гараа минь “Мөрөн” нисэх буудалд мэргэжлээрээ ажиллах боломж гарч, их л баяртай байсан даа. Энэ сайхан хамт олны дунд орж ажиллаад 8 дахь жилдээ ажиллаж байна. Агаарын хөлгийн түлшний чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг. Маш энгийн харагддаг боловч асар том үүрэг хариуцлагыг үүрдэг, алдаа гаргах эрхгүй чухал мэргэжил дээ.

 

Танай хамт олны бахархал юу бол? Хамт олны уур амьсгал хэр вэ?

Г.Оюунтуяа

/Нягтлан бодогч/

Хамт олны бахархал гэхээр хүн болгон л өөрийн хийдэг ажлынхаа онцлогийг нэн түрүүнд тавих байх. Миний хувьд бол хамт олон минь миний бахархал. Үнэхээр хариуцлагатай, цаг баримталдаг, чадварлаг, сэтгэл зүтгэлтэй , хэнээр ч хэлүүлэхгүйгээр оногдсон ажлаа нэр төртэйгээр цаг хугацаанд нь найдвартай хийж гүйцэтгэж чаддаг байгууллагын үнэт зүйлс болсон хамт олноороо бахархах дуртай. Хамт олноо манлайлан ажилладаг хүмүүсийг дурдвал Нислэгийн ахлах удирдагч Д.Мөнхзаяа, АБҮШ, бичиг хэрэг Б.Сувд-Эрдэнэ, холбооны инженер Д.Отгонбаяр, шатахууны нярав-лаборант Г.Рэгзэнсурмаа, НАХ-ын хэсгийн ахлагч А.Үүрийнбаяр, АНХУ Т.Оюундалай гээд тоочвол олон. Эдгээр хүмүүсийн ажилч хичээнгүй чадварын нөлөөгөөр шинээр ажилд орсон ажилтнууд ажилдаа маш хурдан дадаж, бусадтайгаа эвтэй найртай, багаар ажиллах чадварт хурдан суралцдаг. Шинэ үеийг хамт олон өөрсдөө үлгэрлэн, хүмүүжүүлж, ажилд сургадаг гэж хэлж болно. Хамт олны уур амьсгалын хувьд манай хамт олон аль хэдийн нэг гэр бүл болж чадсан гэж хэлнэ.

 

“Мөрөн” нисэх буудлын онцлогын талаар, бас сонирхолтой баримтуудаас танилцуулаач.

Б.Сувд-Эрдэнэ

/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч-хүний нөөц, албан хэрэг хөтлөлтийн ажилтан/

Манай "Мөрөн" нисэх буудлын хувьд маш олон онцлог, давуу талтай. Тухайлбал, газар зүйн байрлал сайтай, байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхийн хөшөө дурсгал арвинтай, алдар суутны өлгий болсон эх орны хоймор нутагт оршдог. Мөн Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2008, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Нисэх буудлын хүчин чадал, үйлчилгээ сайтай. Түүнчлэн ажилтанд ая тухтай, эрүүл, аюулгүй, найрсаг орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлсэн. Эв нэгдэлтэй, чадварлаг, мэргэшсэн баг хамт олонтой. Боловсон хүчний хувьд маш тогтвортой. Нийт ажилтнуудын 95% нь 5-аас дээш жил ажилласан.  

 

Аялал жуулчлал их улирал эхэллээ. Ачаалал их байна уу. Таны ажлын онцлог юу вэ?

Д.Мөнхзаяа

/Нислэгийн хөдөлгөөний ахлах удирдагч/

Аялал жуулчлалын улирал 6 дугаар сарын 15-аас эхлэж байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдын ихэнх нь манай аймгийн аялал жуулчлалыг сонгож, дэлхийн цэнгэг усны 2%-ийг эзэлдэг Хөвсгөл далай, Хорьдол сарьдаг, Дархадын хотгор, Цаатан иргэдийн ахуй амьдрал, бусад олон сайхан үзэсгэлэнт газруудыг үзэж, сонирхохоор ирдэг. 

Зуны улирал эхэлж, гадаад дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан “Мөрөн” нисэх буудлын зуны нислэг эхэлж байна. Бусад улиралтай харьцуулбал зуны улиралд бид хамгийн ачаалал ихтэй ажилладаг. Би нислэгийн удирдагч мэргэжилтэй. Агаарын хөлгүүдийг өөр хооронд нь аюулгүй зөрүүлэх, түргэн шуурхай, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх нь миний ажлын онцлог юм даа.

 

Гадаад, дотоодын олон аялагчдад үйлчилдэг байх. Та мэргэжлээрээ бахархдаг уу?

Ж.Залуубүргэд

/Хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч/

Тийм ээ. Би энэ байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. Аялал жуулчлалын бүс нутаг учраас олон мянган жуулчдад үйлчилж ажилладаг. Ажил мэргэжил, байгууллагаараа маш их бахархаж ажилладаг. Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах, нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, нислэгийн талбайд дэг журмыг сахиулах чухал ажлыг гүйцэтгэдэг. Монгол Улсын хууль тогтоомж, иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, ИНД-140, нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөр, онцгой нөхцөлийн төлөвлөгөө зэрэг бусад хууль, дүрэм, журам, заавруудыг сайтар мэдэж, үйл ажиллагаандаа мөрдөх шаардлагатай,  маш өндөр хариуцлагатай ажил даа.

 

Аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар хэр их аялдаг вэ? Аялал жуулчлал хэр хөгжиж байна? Аялагчдад хандаж захих зүйл юу бол?

Т.Оюундалай

/Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдагч/

Аялж, хээрийн хоол хийж идэх сонирхолтой. Монгол орноо бүтэн тойрч аялсан. Тэр дундаа Хөвсгөл аймагт төрж өсөөд, ажиллаж амьдарч байгаа хүний хувьд Хөвсгөл аймгийн нутгийн үзэсгэлэнт газрууд нь гайхалтай, олонд алдаршсан нэрээр “Монголын швейцар” гэж хэлэхээс өөрцгүй юм. 

Миний хувьд аймгийнхаа бүх үзэсгэлэнт газруудаар аялсан. Аялал жуулчлал сайхан хөгжиж байгаа. Тэр дундаа Монголчууд ах дүү, гэр бүл, анги хамт олноороо цэвэрхэн сайхан, ухамсартай аялж байгаа.

Хөвсгөл аймгийн нутгаар аялах гэж байгаа бол жилийн 4 улирлын хувцас, хэрэгсэлтэй гараарай л гэж зөвлөнө дөө. Өглөө нь зун, орой нь өвөл л гэж бодоорой. Хоол хүнсний хувьд бол санаа зовох хэрэггүй. Цаатны урцанд хоноод, цааны сүүгээр цайгаа чанаад уучихна. Ус, мод, түлээ гээд дэд бүтэц бүгд бэлэн. Хангай нутгийн хамаг сайхныг бишрээд л аялах болно доо.

 

Агаарын тээвэрт ажилладаг хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ? Таны эрхэмлэдэг зан чанар.

Н.Доржпүрэв

/Аэродромын инженер/

Аль ч салбарт ямар нэгэн ажил хийхэд хариуцлагын  тухай асуудал яригддаг.  Тэр дундаа агаарын тээврийн салбарт ажилладаг бүх ажилтны ард хүний амь нас байдаг тул хариуцлагатай байдал хамгийн чухал. Бүр өндөр хариуцлага шүү. Миний хувьд үнэнч шударга, хариуцлагатай  байдлыг л эрхэмлэдэг дээ.

 

 

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
9
1
0
0
0
0
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв