Ангилал
Хэзээ
2023-06-21
Үсгийн хэмжээ
"AVIATION PHOTO NEWS" - XV

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албаны хамт олон оролцлоо.

НИСЛЭГИЙН ЖУРАМ БОЛОВСРУУЛАЛТ, ШАЛГАЛТЫН НИСЛЭГИЙН АЛБА

Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн алба/НЖБШНА/ нь ИНЕГ-ын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/161 тоот тушаалын дагуу байгуулагдаж, ИНД-173 дугаар дүрмээр гэрчилгээжин үйл ажиллагаагаа явуулж байна.

НЖБШНА нь холбогдох стандарт шаардлагуудад нийцсэн нислэгийн журмыг зохиож, холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн хүлээн авах, ээлжит, тусгай шалгалтын нислэг болон гэрэл суултын системүүдийг фотометрийн хэмжилтээр шалган тохируулга хийн ашиглалтын хугацааг баталгаажуулдаг. Газарт суурилуулагдсан тоног төхөөрөмж болон сансрын хиймэл дагуул ашиглан тусгайлан зохиогдсон зураг, агаарын зам, орон зайд нислэгээ үйлдэгдэх нь агаарын хөлөг нислэгээ аюулгүй үйлдэх нэгэн гол нөхцөл болж байдаг. Мэргэжлийн хэллэгээр нисэх бүрэлдэхүүнийг мэдээллээр хангадаг эдгээр тоног төхөөрөмжүүдийг агаарын навигацийн төхөөрөмж гэдэг бөгөөд тусгайлан зохиогдсон нислэгийн схем зургийг нислэгийн журам гэж нэрлэдэг. Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг нислэгт ашиглах боломжтой эсэхийг тогтоосон хуваарийн дагуу нислэгээр тогтмол шалгаж байдаг бөгөөд нислэгийн журмыг тусгайлан нислэгээр шалган, баталгаажуулж байдаг.

Энэхүү нарийн технологийг Шалгалтын нислэг, зураглалын албаны шалгагч, нислэгийн журам зохиогч инженерүүд хийж гүйцэтгэж байдаг учраас бидний зохиосон нислэгийн журам, шалган баталгаажуулсан тоног төхөөрөмжийг ашиглан мөнгөн цагаан хөлгүүд минь нислэгээ үйлдэж байдаг гэдэг бахархал бидэнд өөрийн эрхгүй төрдөг билээ.

Манай алба нь нийгмийн үйлчилгээний зориулалттай иргэний нисэхийн салбарын үндсэн гурван үйлчилгээ болох агаарын тээвэр, агаарын навигаци ба нисэх буудлын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, шалгалтын нислэг, нислэгийн журам гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг.

Иргэний нисэх нь олон төрлийн нарийн мэргэжлийн технологи үйл ажиллагаануудаас бүтдэг салбар юм. Энэ бүх нарийн мэргэжлийн үйл ажиллагааны үндэс болсон нислэгтэй шууд холбоотой хоёр технологи ажиллагаанууд нь нисгэгч онгоцыг буулгах, зүг чиг, алслалт, байрлалаа тодорхойлоход туслах  газрын тоног төхөөрөмжүүдийг нислэгээр шалгах, нисгэгч хэрхэн яаж нисэх, буух, хөөрөх талаар зураг хэлбэрээр үзүүлсэн нислэгийн схем зургийг зурах технологи үйл ажиллагаа юм.

Албаны гүйцэтгэж буй дээрх үүрэг функц нь хариуцлага өндөртэй, ур чадвар, ажлын дадлага туршлага шаардсан нарийн мэргэжлийн ажил байдаг. Тус алба нь нийт 30 ажилтантай бөгөөд эдгээр ажилтнуудын 47% нь гадаадын (ОХУ, Украйн, Латви, АНУ, Франц ), 53% нь дотоодын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн юм.

Шалгалтын нислэгийн хэсэг нь тус албаны үндсэн чиг үүргийн 2 ажлын нэг болох шалгалтын нислэг, фотометрийн хэмжилт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Монгол улсын агаарын зайд болон нисэх буудлуудад ашиглагдаж буй холбоо навигаци, гэрэл суулт, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийг заагдсан хугацаанд нислэгээр шалган баталгаажуулдаг ба 2016 оноос SMF/PAPI системийг нэвтрүүлэн ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч төхөөрөмжүүдэд фотометрийн хэмжил хийн шалган баталгаажуулж байна.

Үүнээс гадна Монгол улсын нутаг дэвсгэр дээр байрлаж буй бүх нисэх буудлуудад ашиглагдаж буй хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Шалгалтын нислэгийн хэсэг нь багийн зохион байгуулалттай бөгөөд 2022 оны байдлаар 2 багт хуваагдан ажиллах боломжит хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

Нислэгийн журам зохиох хэсэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх нисэх буудлуудын хэрэглэлийн нислэгийн журам зохиох ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд ИНД-173-ын дагуу нислэгийн журам зохиох ажлыг хийж гүйцэтгэдэг. 2010-2012 онуудад уламжлалт навигаци ашигласан нислэгийн журам зохиолтын үйлчилгээг үзүүлж байсан бол 2013 оноос хойш PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигацийг ашиглан нислэгийн журам зохиолт хийж PBN-ийг Монгол улсад нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсын иргэний нисэхийн салбарт ашиглагдаж буй гэрчилгээжсэн 10 нисэх буудалд 67 нислэгийн журам зохиогоод байна.

НЖБШНА 2022 онд Чанарын менежментийн аудитын шалгалтад амжилттай хамрагдаж, улмаар (MNS ISO 9001:2016)-г албаны үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

 

Албаныхаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, мөн ойрын үед хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулна уу?

Г.Түвшинбаяр

/Албаны дарга/

Манай алба нь байгуулагдсан цагаасаа эхлэн хийж хэрэгжүүлсэн олон ажлуудын томоохноос дурдвал:

-Ази, Номхон Далайн бүсийн шалгалтын нислэгийн үйлчилгээ үзүүлж буй улс орнууд, байгууллагын каталогт бүртгүүлсэн байдаг ба 2014 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсад шалгалтын нислэгийг хийж гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн Шри-Ланк, Бангладеш зэрэг улсуудын шалгалтын нислэгийн тендерт материал бэлтгэн оролцсон.

-“Чингис хаан” олон улсын нисэх буудалд уламжлалт болон сансрын навигаци ашигласан нисэн гарах, нисэн ирэх, оролт үйлдэх 100 гаруй нислэгийн журмын зохиолт, саадыг тооцох бүсийн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нисэхийн мэдээллийн эмхтгэлээр 30 орчим нислэгийн зураг болон зарлагдсан.

-Шинээр худалдан авсан шалгалтын нислэгийн бүтэн автомат АТ-940 тоног төхөөрөмж, Ил харааны ойртолтын налуу заагч PAPI системийн газрын хэмжил баталгаажуулалтын багажийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр олон сая төгрөгийн зардлын хэмнэлт гаргасан.

-“Чингис хаан” олон улсын нисэх буудал болон төр хувийн хэвшлийн бүх нисэх буудлуудын навигаци, гэрэл суултын системүүдийн шалгалтын нислэгүүдийг хийж гүйцэтгэсэн.

-Шалгалтын нислэгийн шалгагч инженер, нислэгийн журам зохиогч инженерийн ажлын байрыг Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ-08)-д оруулсан.

-Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулан ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэн гэрчилгээжсэн.

Ойрын үед SMS буюу Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Ази, Номхон далайн бүс нутагт шалгалтын нислэгийг үйлчилгээг экспортлох зорилго тавин ажиллаж байна. Түүнчлэн шалгалтын нислэгийн шалгагч инженерийн ажлын байрны нөхцөлийн үнэлгээг ХНХЯ-ны ХАБЭМТ-өөр хийлгэхэд хортой нөхцөлийн 4 дүгээр зэрэг хэмээн тогтоогдсон ба ХНХ-ын сайдын 77 дугаар тушаалд оруулахаар ажиллаж байна.

 

Танд энэ мэргэжлийг эзэмшихэд нөлөөлсөн гол зүйл юу бол? Эзэмшсэн мэргэжлийн тань гол бахархал юу вэ?

Б.Золбоо

/Нислэгийн журам зохиогч инженер/

Би "Нисэхийн шинжлэх ухаан" мэргэжлээр суралцах хугацаандаа агаарын хөлөг газартай ойр байх үед буюу хөөрөх, буух агшинд осол гарах хамгийн өндөр магадлалтай байдаг тухай ойлголтыг анх авсан.

Тиймээс одоо миний хийж байгаа нислэгийн журам зохиогч инженерийн ажил маань нислэгийн хамгийн эгзэгтэй үеийн том зургийг гаргадаг гэж ойлгодог. Цаг явах тусам нислэгийн журам зохиогч инженерүүд туршлагажиж дата мэдээллүүд ч хангалттай хуримтлагдсан бөгөөд энэ дата мэдээллүүд дээрээ тулгуурлан өндөр хөгжиж буй техник технологийн тусламжтайгаар бид нислэгийн аюулгүй байдлыг хамгийн дээд хэмжээнд хангасан нислэгийн журмыг боловсруулах боломжтой болдог.

 

Та хэдэн нисэх буудлын нислэгийн журам зохиолтод оролцсон бэ? Нислэгийн өндөр, зай, налуу гээд хамгийн сонин тогтоцтой нисэх буудал аль нь бол?

Х.Нямдолгор

/Нислэгийн журам зохиогч ахлах инженер/

Нислэгийн журам зохиох үе шат бол Олон улсын иргэний нисэхийн байгууллагын баримт бичиг 9906 Боть I болон манай албаны ерөнхий зааврын дагуу олон үе шаттай явагддаг ажил. Нэг нислэгийн журам зохиоход төслийг боловсруулсан журам зохиогч инженерээс гадна хөндлөнгийн хяналт, газрын баталгаажуулалт хийх журам зохиогч инженерүүд,  хэрэглэгчдийн ашиглалтад ойртуулах үүднээс агаарын тээвэрлэгчид, нислэгийн удирдагчид, нислэгийн журмын үйлчилгээ хариуцсан байцаагч нарын төлөөллүүд, аюулгүй ажиллагааны үнэлгээ хийхтэй холбоотой холбогдох мэргэжилтнүүд, хэвлэлийн төслийг бэлтгэх, зарлан мэдээллэх үйл ажиллагаатай холбогдуулан зураг зүйч инженерүүд зэрэг маш том мэргэшсэн багийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог онцлогтой. Яг өөрийн гаргаж байсан нислэгийн журмын төслийн тоог бол тоолж үзээгүй юм байна. Гэхдээ одоо хүчинтэй байгаа нислэгийн журамтай нисэх буудлуудын журмын зохиолтод их, бага хэмжээгээр оролцсон. Одоо ч оролцож явна. Нисэх буудал болгоны газар зүйн онцлог, навигацийн тоног төхөөрөмжийн тоноглогдсон байдал, ашиглалт зэргээс хамааран нислэгийн журам болгон өөрийн онцлогтой гардаг. Хамгийн сонин тогтоцтой нисэх буудал гэвэл Өлгий, Ховд, Дэглий цагаан зэрэг уулархаг нисэх буудлууд байна.

 

Журам боловсруулахад ИКАО-гийн баталсан нарийн дүрэм журмыг мөрдөж ажилладаг байх. Хэр нарийн чимхлүүр ажил вэ?

М.БАЙГАЛ

/Нислэгийн журам зохиох хэсгийн дарга/

Нислэгийн журам зохиогч инженер бид хэрэглэлийн нислэгийн дүрмээр нисэх буудлаас нисэн гарах, ойртолт болон буултын оролт үйлдэх агаарын хөлгийг газрын ямар нэг саад болон бусад агаарын хөлөгтэй мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нисгэгчийн заавал биелүүлэх нислэгийн заавар, журмыг урьдчилан тооцоолох, зохион бүтээх, засвар өөрчлөлт оруулах, сайжруулах ажлуудыг хийдэг. Үүний зэрэгцээ тооцоолол хийхэд оролцоогүй нислэгийн журам, заавар, зургийн боловсруулалтад хөндлөнгийн хяналт хийх, үнэлэх үйл ажиллагаанд оролцдог. 

Дээрх ажлуудыг ИНД 173.201 (а) дахь баримт бичгүүд болон ИНБД, ОУИНБ-ын баримт бичгүүд, Чикагогийн конвенцийн Хавсралтуудын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэдэг. Үүнд:

1)   ОУИНБ-ийн Баримт бичгүүд—

(I)         Баримт бичиг 8168, Агаарын Навигацийн Үйлчилгээний Журам-Агаарын Хөлгийн Үйл Ажиллагаа-Боть II, Ил Харааны болон Хэрэглэлийн Нислэгийн Журмуудын Байгуулалт:

(II)        Баримт бичиг 8697, Нислэгийн Схемын Гарын Авлага:

(III)       Баримт бичиг 9365, Цаг Уурын Үйл Ажиллагааны Гарын Авлага:

(IV)      Баримт бичиг 9613 Үзүүлэлтэд Тулгуурласан Навигацийн Гарын Авлага - Боть I Ухагдахуун болон Хэрэгжүүлэлтийн Заавар, болон  Боть II RNAV болон RNP-ийн хэрэгжүүлэлт:

(2)   ОУИНБ-ын Хавсралтууд—

(I)         Хавсралт 4, Нислэгийн Схемүүд:

(II)        Хавсралт 6, Агаарын Хөлгийн Үйл Ажиллагаа:

(III)       Хавсралт 11, Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээ:

(IV)      Хавсралт 14, Боть I болон Боть II Аэродромууд:

(V)       Хавсралт 15, Нислэгийн Мэдээллийн Үйлчилгээ:

Мөн Хэрэглэлийн нислэгийн журмын тодорхой төрөлд тохиромжтой, Иргэний нисэхийн ерөнхий газраас хүлээн зөвшөөрсөн бусад заавар, стандартууд орно.

Мэдээж хэрэглэлийн нислэгийн журмыг ашиглан нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нисгэгчийн заавал биелүүлэх журмыг зохиодог учраас нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа биднээс ч бас шууд хамааралтай гэж боддог. Иймээс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Баримт бичиг 9906-ын дагуу маш олон шатны хяналт, шалгалт, үнэлгээ хийгдэж, эрх бүхий байгууллагаас Зөвшөөрөл авч байж нислэгийн журам хүчинтэй болдог.

Нислэгийн журам зохиох үйл ажиллагаа маш чимхлүүр, олон шаттай учраас журам зохиогч инженерийн ур чадвар нь:

  • математик сэтгэлгээ сайн хөгжсөн,
  • төсөөлөн бодох болон хийсвэр сэтгэлгээтэй,
  • нямбай, ажил хэрэгч зан чанартай,
  • шийдвэр гаргах чадвартай,
  • бусадтай харилцах, хяналт тавих, шалгах чадвартай,
  • төлөвлөх болон гүйцэтгэх чадвартай байх гэж манай хамт олон тодорхойлон, хичээж ажилладаг.

 

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхуулаач?  

Ц.ТҮВШИНБАТ

/Нислэгийн журам зохиогч инженер/

Миний ажлын өглөө өчигдрийн хийсэн ажлаа дүгнэх, төлөвлөгөөний дагуу өнөөдөр хийх ажил эхлэх боломжтой эсэхээ нягтлахаас эхэлдэг. Нислэгийн журам зохиогч инженер хүний ажлын хариуцлага өндөр, нарийн чимхлүүр тул үргэлж иргэний нисэхийн салбарт  аюулгүй, үр ашигтай журам боловсруулан ажиллахыг зорьж байна. Одоогоор би шинэхэн инженер, энэ онд ажилд орсон тул нислэгийн журам зохиолтод ашиглах өгөгдлийн бүрдлээ шалгаж сурч байгаа. Шалгасан өгөгдөл дээрээ саадыг тооцох бүсийн байгуулалт хийж, хэрэглэлийн нислэгийн журам зохиолтод оролцоно, одоо ч оролцож байгаа гэдгээрээ бахархаж байна. Цаг үеэ даган хөгжиж, баг хамт олонтойгоо өдөр бүр урагш тэмүүлэн ажиллахыг хүсдэг.

 

Шалгалтын нислэг гэдгийг та энгийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлаад өгнө үү? Ажлын тань гол бахархал?

Ц.Пүрэвсүрэн

/Шалгалтын нислэгийн шалгагч инженер/

Нисэхийн салбарын үндсэн зорилго бол нислэгийн аюулгүй байдлыг хангах байдаг. Энэхүү үндсэн зорилгыг хангахын тулд нислэгийн журам буюу агаарын замын оновчтой, зөв, аюулгүй байдал, мөн агаарын навигацийн болон гэрэл суултын тоног төхөөрөмж, системүүд агаарын хөлгийг стандарт шаардлагын дагуу үнэн зөв баталгаатай мэдээллээр хангаж байгаа эсэхийг тусгай хэмжилтийн тоног, төхөөрөмж багаж хэрэгслийг хүлээн зөвшөөрөгдсөн агаарын хөлөгт суурилуулан нислэгээр болон фотометрийн хэмжлээр шалган баталгаажуулах, тохируулах ажлыг шалгалтын нислэгийн үйл ажиллагаа гэж ойлгож болно.

Одоогийн байдлаар агаарын навигацийн үйлчилгээний 700 гаруй байгууламж, нислэгийн журмуудын шалгалтын нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Монгол Улсад агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийн шалгалтын нислэгийг 1968 оноос хийж эхэлсэн түүхтэй бөгөөд 1999 он хүртэл тухайн үеийн ЗСБНХУ-ын мэргэжилтэн, тусгай тоноглол бүхий онгоц, нисэх бүрэлдэхүүнийг урьж авчран, шалгалтын нислэгийг хийлгэж байсан бол 2000 оноос манай улс анхны шалгалтын нислэгийн багийг бүрдүүлэн өөрсдөө бие даан шалгалтын нислэгийг гүйцэтгэж эхэлсэн байдаг.

Анхны шалгалтын нислэгийн шалгагч инженерээр ажиллаж байсан Д.Энхтайван ах маань 2021 онд гавьяаныхаа амралтад суусан гэхээр одоо бид түүхийг үргэлжлүүлж байгаа шалгалтын нислэгийн шалгагч инженерийн 2 дахь үе болж байгаа юм. Нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах том зорилгын чухал нэг процедур гэдэг үүднээсээ цаг агаарын ямар ч нөхцөлд гадаа зурвас дээр болон агаарт ажиллан шалгалтын нислэгийн үйлчилгээг үзүүлдэг энэ ажлаар бахархахгүй байхын аргагүй гэж боддог.

 

Нислэгийн журмыг газарт хэрхэн баталгаажуулдаг бол?

Л.Батргил

/Захиргаа, дотоод хяналтын хэсгийн дарга/

Хэрэглэлийн нислэгийн журам/ХНЖ/-ыг нислэгээр болон газарт 2 янзаар баталгаажуулдаг.  Газрын баталгаажуулалт мөн дотроо 2 янз бөгөөд хийх ажил нь ялгаатай.

  1. Нислэгийн журмын зохиолтод хөндлөнгийн хяналт хийх
  2. Нислэгийн өмнөх баталгаажуулалт хийх гэсэн 2 хэсгээс бүрддэг бөгөөд тухайн нислэгийн журмын зохиолтод оролцоогүй нислэгийн журам зохиох эрх бүхий ажилтан гүйцэтгэдэг.

 Нислэгийн журам зохиолтод хөндлөнгийн хяналт хийх үйл явцад дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

  • ХНЖ зохиох шалгуур, аргачлалуудыг зөв хэрэглэсэн эсэхийг баталгаажуулах;
  • Өгөгдлийн нарийвчлал, бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах;
  • ХНЖ-ын Төсөл зурагт нислэгийн журмын мэдээллүүд нь гүйцэд орсон эсэхийг шалган нягтлах.

Нислэгийн өмнөх баталгаажуулалт нь дараах үйл ажиллагаануудаас бүрдэнэ. Үүнд:

  • Нислэгийн журмын баримтжуулалт бүрэн эсэхийг шалгах;
  • Нислэгийн журмыг нислэгээр үнэлэхэд шаардлагатай нислэгийн журмын төсөл зураг болон газрын зураг байгаа эсэхийг шалгах;
  • Нислэгийн журмын төсөл зураг нь нислэгийн журам зохиолтод ашигласан өгөгдөлтэй тохирч байгаа эсэхийг шалгах;
  • Нислэгийн журам зохиолтын хэсэг бүрийн үнэмлэхүй/харьцангуй өндрийг тогтооход нөлөөлсөн хяналтын саадыг зөв тодорхойлсон эсэхийг журам зохиогч болон хөндлөнгийн хяналт хийсэн инженерүүдийн байгуулалтыг ашиглан шалгах;
  • Нислэгийн журам нь бусад журмуудтай уялдсан эсэхийг шалгах;
  • Шаардлагатай бол холбогдох навигацийн тоног төхөөрөмжийн шалгалтын нислэгийн баримт бичгийг нягтлан үзэх;.
  • Нислэгийн журмын төсөл зурагт тусгасан чиглэл, зай ба өндөр, өндөр алдах өнцөг (FPA-Flight Path Angle) зэргийг зөв эсэхийг үнэлэх;
  • ARINC 424 кодчиллыг Doc 8168 Volume II-ын дагуу хөрвүүлсэн эсэхийг үнэлэх;
  • Симулятороор үнэлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох; (ялангуяа нислэгийн журам зохиолтод онцгой нөхцөл тусгагдсан тохиолдолд);
  • Нислэгээр үнэлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох; (ялангуяа нислэгийн журам зохиолтод онцгой нөхцөл тусгагдсан үед эсхүл аэродром орчмын болон нислэгийн журам зохиолтод ашигласан өгөгдлийн бүрэн бүтэн байдал баталгаатай бус бол);
  • Шөнийн нислэгээр үнэлэх эсэхийг тодорхойлох.
  • Нислэгийн өмнөх баталгаажуулалтын тайлан гаргах зэрэг байдаг.

 

Танай алба ISO стандарт хэрэгжүүлэхээр болсон. Үүний давуу тал нь юу гэж харж байгаа вэ?

Г.ЭНЭБИШ

/Менежер/

Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн алба нь 2022 онд ISO Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн 11 сарын 28-ны өдөр гэрчилгээгээ хүлээн авсан.

Манай алба нь Нислэгийн журам боловсруулалт болон шалгалтын нислэг гэсэн 2 төрлийн технологи үйл ажиллагааг Монгол Улсын иргэний нисэхийн дүрэм болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан стандарт баримт бичгийн дагуу явуулдаг. Эдгээр баримт бичгийн дагуу бидний гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ маань чанартай, алдаагүй, үйл явцын бүх шатанд хийсэн ажлаа баримтжуулж, хөндлөнгийн хяналт хийж, алдаа дутагдлаа олж илрүүлэх, түүнийгээ засан сайжруулах тасралтгүй процесс явагдаж байхыг шаарддаг. Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн гэрчилгээжихээс өмнө дээрх үйл ажиллагаанууд байнга хийгддэг байсан тул манай албаны хувьд Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж гэрчилгээ авахад хялбар байсан. Гэхдээ бид үйл ажиллагаагаа байнгын тасралтгүй сайжруулж хүрсэн түвшингээ улам батжуулахаар чармайн ажиллаж байна.

 

Та нарын зарим нь журам боловсруулна гээд цаг наргүй суудаг, зарим нь журмаа шалгана гээд нисээд зав зай муутайхан байдаг байх. Хамт олныхоо уур амьсгалыг хэрхэн дүгнэх вэ?

Г.Отгонжаргал

/Чанарын баталгаажуулалтын мэргэжилтэн/

Олон жилийн турш хамт ажиллаж нэг нэгнийхээ зан аашийг сайн мэддэг болсон тул манай хамт олны уур амьсгал харьцангуй тогтвортой байдаг. Ажлын онцлог нь чимээгүй тайван орчинд ажиллах ёстой байдаг учир нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ цайны цаг болон чөлөөт цагаараа аль болох энгийн хөгжөөнт яриа өрнүүлдэг. Мөн дасгал хөдөлгөөнтэй байх үүднээс долоо хоногт нэг удаа гар бөмбөг тоглох, усанд сэлэлтээр хичээллэх тал дээр удирдлагын зүгээс ажилтнуудаа дэмжин ажилладаг.

 

Та хэдэн жил шалгалтын нислэг хийж байгаа вэ? Хувь хүний хөгжүүлэлтэд хэр анхаардаг бол. Арга туршлагаасаа бусдадаа хэлж зөвлөвөл?

Р.Хангай

/Шалгалтын нислэгийн шалгагч инженер/

Анх 2010 онд албаны нэгэн эс болон нэгдэж, 2012 оноос Шалгалтын нислэгийн багийн гишүүнээр, 2020 оноос фотометрийн хэмжил, баталгаажуулалтын багийн ахлагчаар ажиллаж байна.

Энэ чухал ажил мэргэжлийн хажуугаар хувь хүний хөгжил тал дээрээ анхаарч хүсэл сонирхлынхоо дагуу волейболын спортод 31 жил өөрийн зүрх сэтгэлээ зориулж байна. 2016 онд Олон улсын хэмжээний мастерын зэргээ авсан.

Спортоор хичээллэх нь идэвхитэй байхад нөлөөлдөг төдийгүй, дан ганц бие бялдар гэлтгүй эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд чухал ач тустай байдаг.

Спорт хүнийг хөгжүүлж хүмүүжүүлдэг гэдэг утгаараа волейболын спортын хамгийн том давуу тал бол аливаа хүний сэтгэхүйд багаар ажиллах чадварыг суулгаж, эвсэг нийтэч зантай болгож, богино хугацаанд оновчтойгоор зөв шийдвэр гаргах чадвар эзэмшүүлдэг. 

Тиймээс өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах үүднээс RKH клубыг 2016 онд үүсгэн байгуулж, хүүхэд залуучуудыг энэхүү спортод дурлуулан U12, U14, U16, U18, Дээд лигийн оюутан залуучуудийг уралдаан тэмцээнд дасгалжуулан дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

Спортоос олж авсан чадварууд маань өндөр хариуцлагатай мэргэжлийн ажлаа хийхэд дэмжлэг болдог.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
12
0
0
0
0
0
2
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв