Ангилал
Хэзээ
2023-05-29
Үсгийн хэмжээ
"AVIATION PHOTO NEWS" - XIV

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлын хамт олон оролцлоо.

ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН НИСЭХ БУУДАЛ

 

1936 оны 2-р сарын 28-ны өдөр Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн 12 тоот тушаалаар Чойбалсан нисэх буудлын аэродром, газрын хангалтын алба байгуулж, нисэх буудал анх үүссэн.

1974-1984 онуудад Нисэх буудлын гүйцэтгэх үүрэг 2 дахин нэмэгдэж, хот хоорондын зорчигч тээвэрт шуудангийн Ан-24 онгоц өдөр бүр нислэг үйлдэж, өөрийн хоёр Ан-2 онгоцоор аймгийнхаа найман суманд долоо хоногт 2-3 удаа зорчигч, шуудан тээвэрлэж, жилдээ 13000 зорчигчдод үйлчилж байсан түүхтэй нисэх буудал юм.

1968-1971 онд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хуучнаар Зөвлөлтийн агаарын цэргийн хороо аэродром, ангарын цогцолбор байдлаар цэргийн зориулалтын урьдчилан хүчитгэсэн армобетон ПАГ-14 маркийн хавтан хучилттай аэродромыг байгуулсан юм.

1990 оноос хойш уг аэродромыг иргэний агаарын тээвэрт ашиглаж ирсэн ба 1999-2001 онд зорчигч үйлчилгээний иж бүрэн цогцолбор бүхий барилгыг ИНЕГ-ын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан.

 

Нисэх буудлынхаа хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас танилцуулна уу?

Ц.Юрабаатар

/Нисэх буудлын дарга/

Манай нисэх буудал 2020 оноос хойш Иргэний нисэхийн үндэсний төвийн хэмжээнд зохиогдсон бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл шалгаруулах уралдаанд “ЭКО НИСЭХ БУУДАЛ” төслөөр тэргүүн байр эзлэн 2020-2023 оны хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд зорчигчдод зориулсан бичил ногоон орчинд шилмүүст мод суулгах, шилмүүст модны төгөл байгуулах, цэцгийн мандал, олон наст ургамал тариалах, гадна орчинд урсгалтай горхи, цөөрөм байгуулах, горхин дээгүүр явган гүүр хийх, горхины эргээр чимэглэлийн цэцэгс тарих, ногоон байгууламжийг хамгаалах 477 м хамгаалалтын хашаа шинээр байгуулах, хамгаалалтын хашаа дагасан 100 гаруй агч модны суулгацыг тарих, үйлчилгээний терминалуудыг ногоон масстай болгох урсгал устай горхи цөөрөм байгуулах зэрэг ажлуудыг хийгээд төгсгөлийн шатанд орж байна. 2021, 2022, 2023 онуудыг дамнуулан зүймэл бетон хөөрч буух зурваст их засварын ажил хийж 98 хавтанг шинээр сольж 50 хавтанг элсэн үеийн давхаргын тэгшилгээ хийж зөрүүг арилган ажиллаж байна. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засвар хийхээр байсан ЭЛТРҮҮД-350 маркийн халаалтын тогооны засварыг үйлдвэрлэгч компани нь 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр засварлах байсныг өөрсдийн инженер техникийн ажилтнуудын ур чадвараар 5.000.000 /таван сая/ төгрөгт багтаан засварлаж хэмнэлт гаргасан зэрэг ажлын амжилтаар Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөны 98 жилийн ойгоо угтаж байна.

 

Нисэх буудалд хэдэн жил ажиллаж байгаа вэ? Нисэх буудлынхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Ю.Хулан

/Холбоо, навигацийн техникч/

Би "Чойбалсан" нисэх буудалд холбоо, навигацийн техникчээр 2019 оноос хойш ажиллаж байна. Манай нисэх буудал хойд туйлын Олон Улсын агаарын зам дээр байрладаг. БНХАУ, ОХУ руу агаарын хаалгатай. Цаашид хөгжих, өргөжих бүрэн бололцоотой байршилтай тул ирээдүйг нь гэгээлгээр харж байдаг. 4С ангиллын хөөрч, буух зурвас терминалын өргөтгөл хийгдэж олон орны агаарын хөлгүүд сүлжилдсэн томоохон хэмжээний нисэх буудал болно гэдэгт итгэл дүүрэн явдаг.

 

Таны ажлын онцлог. Ажлын өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ?

Б.Бумчин

/Нягтлан бодогч/

Байгууллагын нягтлан бодогч, санхүүгийн ажилтны хамгийн чухал үүрэг бол санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргахаас гадна байгууллагын удирдлага аливаа шийдвэр гаргахад нь туслалцаа үзүүлж, санхүүгийн хэрэгтэй мэдээллээр ханган, зөвлөгөө өгч байх явдал юм. Салбар салбарын амьдралд, өөрчлөлт байдаг боловч нягтлан бодогч хүний ажлын нэг өдөр нь салбар бүрт нэг хэвийн, өөрчлөлт гэх зүйл бараг байхгүй, ажил ихтэй байдаг. Иймээс өөрийгөө тайван байлгах нь чухал байдаг. Өмнө нь нийгмийн циклд захирагдаж явсан бол одоо өөрийн циклийг бий болгож сурч байгаа нь ажлаа гартаа оруулсан гэж хэлж болно.

 

Таны мэргэжлийн бахархал юу бол.

Д.Түмэнхүү

/Нислэгийн ахлах удирдагч/

Миний мэргэжил нислэгийн удирдагч. Би Иргэний нисэхийн салбарт 27 дахь жилдээ үүнээс 17 жил нислэгийн удирдагчаар ажиллаж байна. Нислэгийн удирдагчийн мэргэжлийн онцлог нь агаарын хөлгийг нислэг хөдөлгөөний удирдлагаар хангаж, аюулгүй хөөргөх, буулгах мөн олон зорчигчдын амь насыг хариуцаж байдаг. Миний мэргэжлийн сайхан мэдрэмж нь онгоц хүрэх газартаа саадгүй буусны дараа сэтгэл тайвширч эзэмшсэн мэргэжлээрээ бахархах сэтгэгдэл төрдөг. Мөн ямар ч онцгой нөхцөл тохиолдлын үед мэргэжлийн ур чадвар шаарддаг сайхан мэргэжил юм.

 

Танай хамт олны ололт амжилт, бахархал юу вэ?

Д.Мөнгөнцэцэг

/Аэродромын инженер/

Манай хамт олон ковидын жилүүдэд хүнд хэцүү байсан ч гэсэн хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн төслүүдээ амжилттай хэрэгжүүлж дуусаж байна. Мөн бид Зүүн болон говийн бүсийн нисэх буудлуудын дунд зохион байгууллагддаг бүрэн хэмжээний дасгал сургуулилт, спортын арга хэмжээг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан. Бүсийн хэмжээний олон төрөлт тэмцээнүүдэд амжилттай оролцож, шилжин явах цомыг 2 удаа авсан байна. Манай хамт олон ямар ч үед ямар ч ажил хийсэн нэгдмэл нэг санаа зорилготой байж чаддаг.

 

Танай аймаг байгалийн олон сайхан үзэсгэлэнт газруудтай. Та хэр их аялдаг вэ? Аялал жуулчлал хөгжих боломжийг талаар таны санаа бодол.

М.Алтантулга
/Менежер/

Манай аймаг нь Монгол Улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолбор, Халхын голын байлдааны дурсгалд зориулсан хөшөө дурсгалууд, Буйр нуур, Халх, Нөмрөг, Онон, Улз голуудын ай савын үзэсгэлэнт байгаль, алдарт Мэнэн, Тамсаг, Матад, Дорнод Монголын талууд гэх мэт аялагч жуулчдын сэтгэлийг татсан сайхан байгаль, түүхэн дурсгалт газрууд олонтой. Дорнод нутгийн аялал жуулчлал өргөн том газар нутгийг хамарсан, машинаар явахад зам харгуй нь төдийлөн таатай бус цаг хугацаа их шаардлагатайгаас зарим хүний аялах боломжийг хязгаарладаг гэж боддог. Өнөө цагт цаг хугацааг хэмнэн, тав тухтай аялахад авиа компаниудын үүрэг оролцоо ихсэж байгаа ба манай нисэх буудлын зүгээс аймгийн удирдлага, аялал жуулчлалын нэгдэлтэй хамтран ажиллаж, сумдуудад хээрийн аэродром байгуулах, түүний ашиглалт, хамгаалалтад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, нисэх буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийг мэдээ мэдээллээр хангаж чиглүүлэх, авто машиныг түр хадгалах гэх мэт олон олон үйл ажиллагаа явуулж байна.

 

Та өөрийгөө хөгжүүлдэг туршлагаасаа хуваалцана уу?

М.Жигүүр
/Нислэгийн мэдээллийн ажилтан/

Би 2019 онд ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвд анх элсэн орж, нислэгийн мэдээллийн ажилтан мэргэжлээр амжилттай суралцаж төгсөөд 2021 оны 3-р сард Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудалд томилогдон 2 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд өөрийгөө хөгжүүлдэг арга бол өчигдрийн өөрөөсөө илүү байх гэж их хичээдэг. Ойрын зорьсон зүйл Нислэгийн удирдагч болох зорилготой байгаа учраас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд олон жил ажиллаж байгаа нислэгийн ахлах удирдагч Д.Түмэнхүү, нислэгийн мэдээллийн ажилтан Б.Болд нараас суралцаад явж байна. Нэг зүйлд зорьвол хэсэг зүтгээд орхидоггүй, бага багаар хүрэхийг, тууштай байхыг хичээдэг. Тэр зүйлийг хийж чадсан хүнээс нь асууж зөвлөгөө авдаг даа.

 

Та ямар зарчим баримталдаг вэ?

Б.Цэцэгмаа

/Шатахууны лаборант, нярав/

Нислэгийн аюулгүй байдал нь нисэхийн бүх л хэсэг нэгжүүдийн үйл ажиллагаанаас хамааралтай. Тэр дундаа миний ажилладаг шатахуун хангалтын албаны үйл ажиллагаа нь ИНД-ийн зүйл заалтуудыг нарийн чанд баримтлан сэтгэл зүрхээ бүрэн зориулж ажиллах тийм л хариуцлагатай салбар. Иймд өдөр тутамдаа стандартын шаардлагыг нягт нямбай дагаж мөрдөх, сайжруулах боломжтой зүйлийг судалж ахиж дэвшиж ажиллахыг л зорьдог доо.

Газрын үйлчилгээний албан хаагч бидний баримтлах ёстой зарчим маань ямар ч үед дүрмийн заалтыг үг нэг бүрчлэн дагаж мөрдөх явдал юм. Нисэхийн албан хаагч бидэнд алдаа гаргах эрх байхгүй.

 

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Ямар спортоор хичээллэдэг вэ?

М.Бат-Өлзий

/Аэродромын гэрэл суултын системийн техникч/

Гэр бүлээрээ агаар салхинд гарч голын эргээр алхдаг. Амралтын өдрөөр гэр бүл болон найз нартаа өөрийн гарын хоол, загас шарж өгдөг. Мөн гэр бүл, найз нөхдүүдтэйгээ хууч хөөрөн ярилцах, хамтдаа гэр бүлээрээ гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис тоглож өнгөрүүлдэг. Зун, намрын улиралд гэр бүлээрээ амрах зорилгоор агаар салхинд алхаж, аялдаг. Манай хамт олон зун, намар, өвлийн улиралд амралтын өдрүүдээр ойрын болон холын аяллыг янз бүрийн хэлбэрээр зохион явуулж хэвшүүлсэн. Энэ нь хамт олны нэгдэл, уур амьсгалыг сайжруулахаас гадна нийт ажилчдын чөлөөт цагаа зав боловсон өнгөрүүлэх дадал  хэвшлийг төлөвшүүлж ирсэн. Иймээс манай  хамт олон эвсэг халуун дотно уур амьсгалтай. Би гар бөмбөг, сагсан бөмбөг болон теннис тоглох дуртай. Манай хамт олон ч гэсэн эдгээр спортоор хичээллэж хэвшсэн. Манай байгууллага ажилчдынхаа хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжиж, ширээний теннис, дартс,  фитнесс, бялдаржуулах кабинетыг байгуулж,  чөлөөт цаг, амралтаа зөв боловсон өнгөрүүлдэг. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хамт олноороо сагсанбөмбөг, гар бөмбөг, теннис, дартс тоглодог. Үүний үр дүнд  2021, 2022 онуудад Зүүн бүсийн нисэх буудлуудын олон төрөлтийн тэмцээнд оролцож, “Тэргүүн байр” эзэлж, шилжин явах цомын эзэн болсон нь спортоор хичээллэсэнтэй холбоотой гэж боддог.

 

Үлийн цагаан оготны устгал, хамхуул цэвэрлэгээ, шувуу үргээлэг гээд орон нутгийн нисэх буудлуудад хүндрэл багагүй байдаг. “Чойбалсан” нисэх буудлын онцлогын талаар, бас сонирхолтой баримтуудаас хуваалцаач.

Х.Энхтүвшин

/Шувууны хяналтын ажилтан/

Манай нисэх буудлын хувьд хажуудаа ойрхон нууртай ч гэсэн шувууны хөдөлгөөн, нүүдэл нисэх буудлыг дайран гарах зэрэг нь бага,бараг байхгүй гэж хэлж болохоор байдаг. Гэхдээ бид байнга л үзлэг шалгалт хийж, шувууд цугларах эрсдэлээс хамгаалсаар ирсэн. Хавар намартаа аюулгүйн бүсдээ үзлэг хийж айл өрхүүдэд санамж тараан хамтран ажиллаж байна. Манай нисэх буудлын хувьд одоогоор онцгой сонин содон гэхээр тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
6
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв