Ангилал
Хэзээ
2023-05-10
Үсгийн хэмжээ
"AVIATION PHOTO NEWS" - XIII

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын хамт олон оролцлоо.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газар нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022  оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/133 тушаалаар батлагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн зохион байгуулалтын бүтцээр ИНҮТ-ийн даргын шууд удирдлага дор байгуулагдан ажиллаж байна.

Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын зорилго, зорилт

Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт /СТОУС/-д нийцүүлж бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэхийн зэрэгцээгээр  салбар нэгжийн бүртгэл, тайлангийн мэдээллийг Санхүү, бүртэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдсөн  санхүүгийн хэрэглээний VERTECH программ хангамжаар боловсруулан санхүүгийн хуулийн хугацаанд гаргаж ажиллана.

Монгол Улсын “Төсвийн тухай” , “Нягтлан бодох бүртгэлийн тухай” болон холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлж байгууллагын үндсэн чиг үүрэг, зорилтыг ханган биелүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг батлуулах, зарцуулах, биелэлтэнд хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулж мөрдөх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд бүртгэлээр хяналт тавьж ажиллана.

Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсвийн төслийг зохион санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, бүртгэл, тайлангийн мэдээллийг техник технологийн дэвшилтэт аргаар боловсруулж НББОУС-д нийцүүлж бүртгэл, тайланг бэлтгэн, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангана.

Иргэний нисэхийн ерөнхий газраас батлагдсан орлого, зардлыг төсвийн дагуу зарцуулахад хяналт тавих, боловсруулах, нэгтгэх, гүйцэтгэл гаргах, холбогдох тооцоо судалгаа гаргах, өөрийн орлогоор санхүүжих хөрөнгө оруулалт, урсгал зардлаар санхүүжих хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих

Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын үйл ажиллагааны чиглэл

Нягтлан бодох бүртгэл:

  • ИНҮТөв түүний харъяа алба салбаруудын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж хяналт тавих;
  • Нягтлан бодох бүртгэлийг хөтлөх;
  • Мөнгөн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавих;
  • Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих;
  • Ажиллагсдын цалин хөлсийг цаг хугацаанд нь бодож олгох;
  • ИНҮТ-ийн нэгдсэн санхүүгийн тайлан, мэдээ гаргах;
  • Шилэн дансны хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах;

Эдийн засаг, төлөвлөлт:

  • ИНҮТ-ийн нэгдсэн төсвийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих;
  • ИНҮТ-ийн үйлдвэрлэл, үйлчилгээний албадын батлагдсан зардлыг үр ашигтай зарцуулахад хяналт тавьж ажиллах;
  • ИНҮТ-ийн харьяа төв, орон нутгийн байгууллагуудад батлагдсан төсвийн дагуу санхүүжилт хийх, гүйцэтгэлийн тайлан мэдээ цаг хугацаанд нь авч байх;
  • ИНҮТ-ийн эдийн засгийн байдалд улирал, жилээр дүн шинжилгээ хийх;
  • Үйлчилгээний нэр төрөл бүрээр нэгжийн өртөг зардлын тооцоо судалгаа хийж, тарифийг боловсруулж, батлуулах;
  • Норм нормативыг хууль, дүрэм журмын дагуу шинэчлэх, боловсруулж, батлуулах, хяналт тавих;
  • Тушаалаар ажлын хэсгүүдэд орж ажиллах, мөн бусад тусгай үүрэг даалгаврыг биелүүлэх, тайлагнах, эдийн засгийн тооцоо судалгаа хийх;
  • Хууль, журамд нийцсэн холбогдох заавар журмуудыг шинэчлэн боловсруулах;
  • Удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах;

Хангамж:

ИНҮТ болон бие даасан санхүүгүй албадын захиалгын хуудсын дагуу бараа материалын үнийн судалгаа, харьцуулалт хийж, худалдан авалтыг хийн, шаардах хуудсаар хангалт хийх.

 

Цар, тахал, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад Иргэний нисэхийн салбар амаргүй нөхцөл байдалд байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах талаар авч хэрэгжүүлж буй ажлуудаасаа танилцуулаач.

Д.Пүрэв-Очир

/Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын дарга/

Юуны өмнө нийт хамт олондоо удахгүй болох гэж буй Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнгөрсөн 3-н жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр олон улсын нислэг, зорчигч урсгал эрс буурч агаарын тээврийн салбар зогсонги байдалд орсон хүндхэн жилүүд байлаа. Өнөөдөр цар тахлын нөлөөлөл багасаж, зорчигч тээвэр, олон улсын нислэгүүд сэргэсэн ч манай улсын дээгүүр өнгөрөх агаарын хөлгийн тоо буурсан хэвээр байна.

Байгууллагын нийт орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг навигацийн орлого хямралаас өмнөх оргил үед жилд 300 гаруй тэрбум төгрөг бүрдүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг байсан. Гэвч энэ орлого цар тахлын улмаас 50 хүртэл хувь буурсан бол сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ОХУ, Украйн улсуудын асуудлаас шалтгаалан 70-80 хувиар буураад байна.

Бид цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийн эсрэг улсаас хэрэгжүүлж буй бодлого, Засгийн газрын тогтоол, төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлахаас гадна салбарын хэмжээнд орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд  2022 онд 800 сая төгрөгийн нэмэлт орлого олж, 5,936.1 сая төгрөгийн зардлын хэмнэлт хийлээ. Энэ онд алба, салбаруудын нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх, Орон нутгийн нисэх буудлуудын орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах чиглэлд онцгой анхааран холбогдох Ажлын хэсгүүдтэй хамтран тооцоо судалгааг хийн ажиллаж байна.

 

Таны ажлын онцлог, ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Н.Баярмаа

/Ерөнхий нягтлан бодогч/

 Миний мэргэжил маш онцлог. Аль ч салбар, аль ч компанид нягтлан бодогчгүй байгуулага байдаггүй. Тиймээс миний мэргэжил түгээмэл ч гэсэн маш хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх зэрэг онцлогтой. Би өөрийнхөө мэргэжлээр Иргэний нисэх хэмээх их айлд 26 жилийн өмнө буюу 25 настайдаа сургуулиа төгсөөд шинэхэн боловсон хүчин орж ирээд өдий хүртэл ажиллаж байгаадаа байнга бахархаж явдаг.

Миний ажлын өдөр маргааш хийх ажлаа төлөвлөхөөс эхэлдэг. Өдөр тутмын дуусашгүй их ажлын хажуугаар төлөвлөөгүй олон ажил хурал, шийдвэрлэх асуудлууд ар араасаа гарч ирдэг. Сүүлийн 11 жил ахлах нягтлан бодогч болон албаны, хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, НБУГ, ИНҮТ-ийн ерөнхий нягтлан бодогч зэрэг ажил үүргийг гүйцэтгэж явна даа.

 

Мэргэжил арга зүйгээр хангах, өөрийгөө хөгжүүлэх талаар хэрхэн ажилладаг вэ?

Т.Саранчимэг

/Ахлах нягтлан бодогч/

Миний хувьд 2009 оноос иргэний нисэхийн салбарт ажиллаж байна. Нягтлан бодогчоор 6 жил, аудитороор 6 жил ажиллаад 2022 оны 3 дугаар сараас Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна. Энэ хугацаанд эзэмшсэн мэргэжилдээ, хийж байгаа ажилдаа үнэнч шударга, сэтгэлээ зориулж, тууштай ажиллаж байна. 2013 онд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болсон.

Нягтлан бодогч мэргэжил сонгосны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль болон бусад ажил мэргэжлийн холбогдолтой хууль, тогтоомж, журам, дүрмийн өөрчлөлтийг цаг тухай бүрт мэдэж ажилдаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болдог. Мөн байгууллагад хэрэглэгдэж буй санхүүгийн программ хангамж, бусад мэдээллийн технологи, программ хангамжуудын мэдлэгээ тасралтгүй сайжруулан суралцаж байна.

Ахлах нягтлан бодогчийн хувьд нягтлан бодогч нарын ажлыг хянах, мэргэжил арга зүйгээр туслаж ажиллах зайлшгүй шаардлага өдөр тутам гардаг. Миний хувьд аль болох бусдад төвөг учруулахгүй, өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах, алдаа дутагдал гаргасан байвал залруулах аргыг нь зааж өгөхийг хичээн ажиллаж байна.

 

Батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулна гэдэг амаргүй ажил. Хүргэж, хүртээх гэж нилээд юм болно биз?

Ч.Болдбаатар

/Эдийн засагч/

 Манай байгууллагын төсөв Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яамаар хянагдаж батлагддаг тул тухайн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлууд болон урсгал зардал нэлээд хасагдаж батлагдах тохиолдол байдаг боловч сүүлийн 3,4 жил үргэлжилж байгаа цар тахал, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засаг сайжрахгүй төсвийн асуудал хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа.

Энэ хүнд үед бүх алба, салбар нэгжүүд Хэмнэлтийн тухай хууль, хэмнэлтийн горим, төсвийн сахилга батыг баримтлан батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулахаар Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын эдийн засагчид, нягтлан бодогчид, орон нисэх буудлуудын дарга, нягтлан бодогчид хамтран маш их хүчин чармайлт гарган төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдахад таатай байна.

 

Тайлан тооцоо гээд байнга шахуу л оройтож харагддаг. Энэ их ажлын хажуугаар спортоор хичээллэх цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?

Т.Батаа

/Нягтлан бодогч/

Хүн ер нь өөрөө сонирхолтой зүйлдээ цаг зав гаргах л хэрэгтэй гэж боддог. Би багаасаа л спортод дуртай, сонирхолтой хичээллэж ирсэн. Үүнд эцэг, эхийн маань нөлөө их орсон болов уу гэж боддог. Ээж маань БНМАУ-н дугуйн спортын ууган мастер, аав маань гар бөмбөгийн спортын мастер хүн байсан.  Ямар ч спортын төрөл сайхан даа.  Хааяа их ажлын дараа спортоор хичээллэхээр бие хөнгөрөөд сайхан болчихдог. Бүгдээрээ биеийн тамир спортоор бага гэлтгүй, оройтсон гэлтгүй, чадах чадахгүй нь хамаагүй хичээллээрэй гэж хамт олондоо уриалах байна даа. Баярлалаа.

 

Нисэхийн салбарын эдийн засгийн өнөөгийн байдал хэр байна. Таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Д.Цэцэгмаа

/Эдийн засагч/

Би Иргэний нисэхийн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Манай салбарын эдийн засгийн байдал 2019 оныг хүртэл маш тогтвортойгоор өсөж байсан. Харин дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж цар тахлын эсрэг арга хэмжээнүүдийг авсан. Үргэлжлээд Орос, Украйн улсуудын байдал манай улсын дээгүүр өнгөрөх нислэгт шууд нөлөөлж сүүлийн жилүүдэд эдийн засаг уналтад орж, нийт орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг навигацийн орлого 6 дахин буураад байна. Навигацийн орлого буурсан нь бид нисэхийн бус орлогоо нэмэгдүүлж, зардлыг бууруулах шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллахад хүргэж байна. 2021-2022 онд ИНҮТ-ийн харьяа алба салбаруудын нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх ажлууд маш эрчимтэй хийгдсэн, зардлыг бууруулах тал дээр үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хойшлуулах, аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөхгүй зардлуудыг бууруулах, сул зогсолт хийх зэргээр ажилласан. Гэсэн хэдий ч энэ байдал түр зуурынх бөгөөд манай улсын дээгүүр өнгөрөх нислэгийн тоо эрчимтэй нэмэгдэж, өмнөхөөсөө ч илүү гарч бүүм хийх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна

Энэ хүндхэн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн хувьд цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн, шатахууны үнийн өсөлт, доллар, юаны ханшийн өсөлт, импортын барааны гаалийн татвар, тээврийн зардал нэмэгдсэн зэрэг томоохон өөрчлөлтүүд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн.

Мэдээж амьдралд бол мэдэгдэхүйц нөлөөлж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд л 3 хүүхдэдээ 3 тараг авах мөнгөөрөө 1 хүүхдэдээ л авч өгөхөөр болсон байна. Байгууллагын эдийн засгийн уналт ч мөн бидэнд их бага хэмжээнд нөлөөлж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмуудад заагдсан тэтгэмж, буцалтгүй тусламж, шагнал урамшууллыг хүртэж чадахгүй байгаа шүү дээ.

 

Үргэлж тооцоо, данс гэж суудаг хүн ажлын алжаалаа хэрхэн тайлдаг вэ? Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаараа сонирхуулаач.

Д.Лхагвасүрэн

/Нягтлан бодогч/

Иргэний нисэхийн ерөнхий газарт 2012 оноос ажлын гараагаа эхлээд 12 дахь жилдээ ажиллаж байна. ИНЕГ-ын харъяа ГТҮШХА, НБУГ зэрэг газруудад ажиллаж байсан. 2022 оноос ГСЦХА хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байна. Тус албаны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн байлгах үүднээс  санхүүгийн бүртгэл тооцооллыг өдөр тутамдаа хөтөлдөг.

Би чөлөөт цагаараа фитнесс, гар бөмбөг болон сагсан бөмбөг тоглодог. Чөлөөт цагаа ихэнхдээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байж, ярилцаж суух дуртай.

 

Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ. Мэргэжлийнхээ бахархлаас хуваалцана уу?

Ш.Даваасамбуу

/Нягтлан бодогч/

Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ гэж үү?  Миний хувьд 10 дугаар анги төгсөөд элсэлтийн шалгалтын хувиараар СЭЗДС-д элсэн орж, нягтлан бодогч, эдийн засагч гэсэн мэргэжил эзэмшсэн.

1988 онд сургуулиа төгссөнөөс хойш 35 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ хугацаанд  Иргэний  нисэхийн байгууллагуудын ахмад, дунд, залуу үеийн санхүү, бүртгэлийн ажилчидтай хамтран Иргэний нисэхийн санхүүгийн ажилтан нарын нэг эд, эс болон ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийг бизнесийн хэл гэж үздэг бөгөөд түүгээр боловсруулагдан гардаг мэдээллийг үндэслэн байгууллагын бизнесийн болон үйл ажиллагааг цаашид оновчтой удирдан бусад шийдвэрүүдийг гаргахад чухал үүрэгтэй байдагт нь мэргэжлээрээ бахархан ажилладаг юм.

 

Санхүүгийн сахилга бат хүн бүрт чухал. Та өрхийнхөө санхүү дээр сахилга батыг хэр сайн баримталж чаддаг вэ? Бусдадаа зөвлөгөө өгөөч.

А.Чойжамц

/Хангамжийн мэргэжилтэн/

Зарлагаа хэрхэн удирдаж буйгаар нь санхүүгийн сахилга баттай эсэхийг тодорхойлж болно. Хүмүүс орлого л нэмэгдчихвэл хүссэн зүйлээ авчих юм шиг боддог. Мэдээж буруу биш. Гэхдээ зарлагаа хэрхэн удирдаж буйгаараа тэр хүн санхүүгийн сахилга баттай байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойлогдоно. Бидний зарим найз нөхөд өндөр цалин орлоготой мөртлөө байнга л цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж, зээл, өр төлбөртэй байдаг шүү дээ. Энэ нь тэдгээр хүмүүс хэрэглээгээ хянадаггүйтэй холбоотой.

Хүсэл зорилгодоо хялбар хүрэхийн тулд хадгаламж, хуримтлал үүсгэх шаардлагатай. Хадгаламжийг эрүүл мэнд, аялал, гэнэтийн хэрэглээ, өрхийн хуримтлал, боловсрол гээд хуваарилж хадгалбал зохимжтой гэдэг. Гэвч хүн бүр өөр өөрсдийн амьдралын хэв маягтаа тохируулан хуримтлал үүсгэх хэрэгтэй байх. Санхүүгээ зөв удирдсан хүн өмнөө тавьсан амьдралын зорилгууддаа хүрнэ. Учир нь энэ бүх хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд мөнгө ямар нэг хэмжээгээр заавал оролцож байдаг учраас тэр юм. Тиймээс санхүүгээ сайн төлөвлөх нь мөрөөдөлдөө хүрэх зам юм шүү гэж хэлмээр байна.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
16
3
0
0
0
1
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв