“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны хамт олон оролцлоо.
НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
1994 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төв/НХУҮТ/-ийн бүтцэд NОТАМ-ын тасгийг байгуулснаар одоогийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны үндэс суурь тавигдсан юм. NOTAM-ын тасгийн даргаар Дамдины Туяат, олон улсын NОТАМ-ын мэргэжилтнээр Мэндцоогийн Мэндбаяр, AIP-ийн ажилтнаар Цэрэндоржийн Болормаа, AFTN, SITA-ийн операторчноор Пүрэвийн Ариунгэрэл нар томилогдон ажиллаж Нисэхийн мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллага болсон билээ.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь байгуулагдсан цагаасаа эхлэн Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн Хавсралт 4, Хавсралт 15, PANS-AIM Doc10066 баримт бичгүүдийн дагуу нисэхийн өгөгдөл, нисэхийн мэдээлэл болон нислэгийн зургаар хэрэглэгчдийг хангах, нисэхийн мэдээллийн үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:
Тус алба нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/118 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалт бүтцийн дагуу 6 хэсэг, 67 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Та албаныхаа хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар товчхон танилцуулаач.
Б.Төгсөө
/Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга/
Манай алба “Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн мэдээлэл, нисэхийн өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази, Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна” гэсэн эрхэм зорилго тавин ажилладаг.
Энэ зорилгын хүрээндээ Иргэний нисэхийн үйл ажиллагаанд ашиглаж буй нисэхийн өгөгдөл, нисэхийн мэдээллийг нэгтгэн, нэгдсэн эх сурвалж бүхий GIS-д суурилсан интернет платформыг хөгжүүлэн, найдвартай мэдээллээр хэрэглэгчдийг хангахаар зорин ажиллаж байна. Ингэснээр нислэгийн аюулгүй байдлыг хангах, Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд үүсэх мэдээллийн зөрүүтэй байдлаас шалтгаалсан алдаа дутагдлыг багасгах, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, өндөр үнэтэй лиценз, өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажлын давхардлыг арилгах, зардлыг хэмнэх, ирээдүйд хийгдэх төсөл арга хэмжээний төлөвлөлтийг олон төрлийн өгөгдөл мэдээлэлд тулгуурлан оновчтой зохион байгуулах зэрэг эдийн засгийн өндөр өгөөж бүхий үр ашигтай, арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.
Зургийн хэсгийн хамт олон
Байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
Д.Эрдэнэбаатар
/Аюулгүй ажиллагаа, чанарын хэсгийн дарга/
Чанарын менежментийн тогтолцоо нь үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Стандартчилагдсан үйл явц, үйл ажиллагаагүйгээр байгууллага чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, үр ашгийг дээшлүүлж чадахгүй.
Байгууллага нотлох баримтад суурилсан шийдвэр гаргадаг болно. Нотлох баримт буюу мониторинг болон хэмжилтийн аргаар цуглуулсан өгөгдлийг ашиглан шийдвэр гаргах нь удирдлагын субьектив байдлыг бууруулах, шударга шийдвэр гаргах, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ач тустай байдаг.
Чанарын менежментийн тогтолцоог зөв хэрэгжүүлсэн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын мэдлэг чадвар болон оролцоо, байгууллагын соёл зэрэг нь байнга сайжирдаг гэж боддог.
Танай байгууллага яагаад Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн бэ?
Байгууллагад ямар удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаардаг гэж боддог. Түүнээс танай байгууллага аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүл гэж шаардах нь зохимжгүй.
Манай байгууллагын хувьд Чикагогийн конвенцийн Annex 15-ын дагуу 8 төрлийн бүтээгдэхүүн, 3 төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн суурьтай байгууллага гэж хэлж болно. Манай байгууллагаас эрхлэн гаргасан бүтээгдэхүүн чанартай байх нь агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт чухал байдаг. Ийм ч учраас ICAO-аас Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагыг Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүл гэж шаарддаг. Бид 2009 онд Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж өнөөдрийг хүртэл хадгалж, сайжруулсаар байна.
Аюулгүй ажиллагаа, чанарын хэсгийн хамт олон
Таныг агаарын навигацийн үйлчилгээний чиглэлийн бүхий л байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай ажилтан гэж сонссон. Энэ албаны онцлог юу байсан бэ?
Ц.Олонтүмэнбаясгалан
/Захиргаа, санхүүгийн хэсгийн дарга, ахлах нягтлан бодогч/
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие СЭЗДС-ийг төгсөөд Иргэний нисэхийн ерөнхий газраас ажил, амьралынхаа гараагаа эхлээд 26 дахь жилдээ ажиллаж байна. Ингэхдээ 2009-2013, 2017-2022 онуудад ИНЕГ-ын харъяа Агаарын навигацийн үйлчилгээний албадууд болох НХҮА, ХНАА, НУТА, НЖБШНА, ГСЦХА-уудын (одоогийн зохион байгуулалтын нэршлээр) санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. 2022 оны намраас Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Захиргаа, санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
НМҮА нь түүхт 20 жилийнхээ ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд олон улсад үнэлэгдсэн, иргэний нисэхийн салбарын түүхэнд тодоор бичигдсэн ололт амжилтаар дүүрэн он жилүүд байсан. Энэ хугацаанд байгууллагын соёлыг тодорхой түвшинд амжилттай авч яваагийн нэг илрэл нь ажилтан тогтвор суурьшилтай, ажилдаа бүтээлч сэтгэлгээгээр хандах, үр бүтээлтэй, сэтгэл хангалуун ажиллаж байгаагаас харагддаг.
Манай хамт олны ихэнх нь хийж бүтээх эрмэлзэл дүүрэн залуучууд байдаг ба үүнийг нь бид бүхэн дэмжин тэднийгээ зөв төлөвшүүлэх, тогтвортой хөгжих боломжоор хангах, зарим үед бид өөрсдөө залуучуудаасаа суралцах, ажлаасаа тодорхой хэмжээний сэтгэл хангамжийг авч ажиллаж амьдарч байх нь өөрөө байгууллагын соёл юм. Мөн дан ганц ажлын бүтээмж гүйцэтгэлээс гадна олон нийтийн ажилд санаачлагатай, бусдыг манлайлан оролцдог, бие биенийхээ амьдралыг ойлгож, тусалж дэмжихдээ сэтгэл зүрхээрээ нэг цул байж чаддаг, хамт олны эв нэгдэл, уур амьсгалыг зөв бүрдүүлсэн нь бусдаас манай албаны соёлын нэг ялгарал, ондоошил зөв төлөвшсөн гэж боддог.
Дашрамд хэлэхэд энэхүү соёлыг амжилттай бүтээлцсэн үе үеийн удирдлага, түүний баг, дэмжин ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх ажилтнууддаа ажлын амжилт хүсч, та бүхэнтэйгээ хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.
Таныг энэ албаны олон жил ажилласан туршлагатай ажилтнуудын нэг гэж сонссон л доо. Албаныхаа түүхэн замналаас сонирхуулбал.
С.Энхтуяа
/Тогтмол мэдээллийн ахлах мэргэжилтэн/
Намайг Сэдэдийн Энхтуяа гэдэг. Иргэний агаарын тээврийн салбарт тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна. 1996 онд ИАТУГ-ын Нисэхийн тусгай дунд сургуульд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтан бэлтгэх курст суралцан төгсөж, байгууллагынхаа анхдагчдын нэг болж байлаа.
Манай алба анх 1993 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төв (НХУҮТ)-д NOTAM-ын хэсэг нэртэйгээр байгуулагдснаар одоогийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (AIS)-ны суурь тавигдсан юм.
Тухайн үед Агаарын хөдөлгөөний албаны телеграфийн холбоочид зөвхөн ОХУ-аас ирдэг NOTAM мэдээг морзоор хүлээн авч, ээлжийн ахлагч нарт танилцуулдаг байсан. Анх 1996 онд NOTAM-ын тасаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд байрлаж, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж, нисэх багт NОТАМ мэдээ болон нислэгийн өмнөх үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн байдаг.
Албаны үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж гадаад орнуудаас AFTN, SITA сүлжээгээр NОТАМ мэдээ хүлээн авах, бүртгэл хөтлөн хадгалах, NОТАМ мэдээний код товчлолуудыг орчуулан тайлах, ОХУ, БНХАУ зэрэг гадаад орнуудын AIP-ийг судлах зэрэг ажлуудыг эхлүүлж байсан нь өнөөгийн AIS-ын байгууллагын хөгжлийн үндэс болсон гэж боддог.
Сүүлийн жилүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хэрэгжүүлж буй Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс (AIS) Нисэхийн мэдээллийн менежмент (AIM)-д шилжих хөтөлбөрийн хүрээнд манай албаны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ цахим шилжилтэд шилжин, хамтарч ажилладаг байгууллага, хэрэглэгчиддээ цаг хугацаа, орон зай хамааралгүй хүрч ажиллах боломж бүрдэж байгаад маш их баяртай байна.
Тогтмол мэдээллийн хэсгийн хамт олон
Та 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг маш чухал хэсгийн ахлах мэргэжилтний хувьд ажлынхаа онцлогын талаар мэдээлэл өгөөч.
Н.Норовсүрэн
/Шуурхай мэдээллийн ахлах мэргэжилтэн/
Миний хувьд албандаа болон тэр дундаа Шуурхай мэдээллийн хэсгийн чадварлаг хамт олныхоо нэг хэсэг болон ажиллаж байгаадаа үргэлж бахархаж, талархаж явдаг. Манай хэсгийн хувьд ээлжийн зохион байгуулалттай ажилладаг бөгөөд “Чингис хаан” ОУНБ дахь Нисэхийн мэдээллийн үйлчилгээний нэгжээс агаарын тээвэрлэгчид, хамтран ажилладаг байгууллагуудад 24 цагаар тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг билээ. Хэдийгээр ээлжийн ажил хүний ид унтаж амрах цагаар ажиллаж, ядрах, шантрах үе гардаг ч гэсэн тухайн өдрийнхөө нислэгийг амжилттай дуусгаж чадсандаа урамшин, сэтгэл нэгдэн ажиллахад бахархахгүй байхын аргагүй байдаг.
Чадалтай, эерэг хандлагатай хөдөлмөрч мундаг залуусынхаа хүчээр нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэж байгаадаа, тэднээсээ урам зориг, үлгэр дуурайлал авдагтаа үргэлж баяртай явдаг даа. Энэхүү завшааныг ашиглан өдөр бүр эхний нислэг хөөрөхөөс сүүлийн нислэг буух хүртэл бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцон хамтран ажилладаг байгууллагууд болон агаарын тээвэрлэгчиддээ сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байг ээ!
Шуурхай мэдээллийн хэсгийн хамт олон
Шинэ үеийн төлөөлөл болж энэхүү албанд орж, ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Ц.Даваасүрэн
/Тоон мэдээлэл хөгжүүлэгч инженер/
Би их сургуулиа төгсөж амжаагүй байхдаа азаар ч гэх юм уу золоор ч гэх юм уу Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба гэх анхны байгууллагадаа ажилд орсон. Тэр үед манай албаныхан Дейл карнеги сургалтын төвд “Хувь хүний хөгжил”-ийн сургалтад хамрагдаж байсан бөгөөд тухайн үед миний бие хамт олноо таних, дотно танилцах азтай завшаан тохиолдсон юм. Сургалт дуусаж маргааш нь ажлын ярилцлагад ороод туршилтын 3 сараар ажиллуулъя гэж хэлэхэд хөл газар хүрэхгүй баярлаж, хамгийн түрүүнд ээж рүүгээ ярьж билээ. Хэдэн сарын дараа сургуулиа төгсөж ажилдаа ч жинхэнэ ажилтнаар орж, тус албаны Тоон мэдээллийн хэсгийн Тоон мэдээлэл хөгжүүлэгч инженер гэсэн алба тушаалд томилогдож ажлын гараагаа эхэлсэн.
Би энэ албаны хамгийн залуу ажилтан бөгөөд ажлын хамт олон, ах эгч нар минь намайг шинэ, залуу хүн гэж гололгүй бүгд найрсаг, эелдэг дулаан уур амьсгалаар угтаж авч, хүн бүхэн өөрийн ажил мэргэжилдээ чадварлаг, туршлагатай мэдлэгтэй, мэдсэнээ харамгүй хуваалцдаг байхыг зааж сурган миний хоёрдогч гэр бүл минь болсон. Ажил гэлтгүй амьдралын талд дээр ч ах эгч нараасаа олон зүйлийг сурч мэдлэг, туршлага хуримтлуулсаар яваа шинэ үеийн залуу болсондоо баяртай байдаг.
Тоон мэдээллийн хэсгийн хамт олон