"AVIATION PHOTO NEWS"-ийн энэ удаагийн дугаарт Говь-Алтай аймаг дахь "Алтай" нисэх буудлын хамт олон оролцлоо.
"АЛТАЙ" НИСЭХ БУУДАЛ
Говь-Алтай аймгийн Нисэх буудал нь 1956 оны 07 дугаар сарын 06 -ны өдөр анх тулгын чулуугаа тавьж холбоочин, моторчин, үйлчлэгч гэсэн гурван орон тоотой ажлаа эхэлжээ. 1956 оны 07 дугаар сарын 08-нд Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймагт анх удаа АН-2 онгоц бууж байжээ.
1957 оны 11 дүгээр сард Нисэх буудлыг радио холбоогоор бүрэн тоноглож нислэгийн хөдөлгөөнийг зохицуулан удирдах болжээ.
1958 оны 10 дугаар сард тус нисэх буудал нь анх удаа ИЛ-14 онгоцыг хүлээн авч хөдөлмөрчдийн цуглаан хийж байсан байна.
1957-1992 оны хооронд Нисэх буудал нь Ан-2 онгоцтой болж, аймгийн төвөөс алслагдсан Алтай, Цээл, Дарви, Тонхил, Тахийн тал, Алтансоёмбо, Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Цогт, Баянтоорой, Бигэр, Чандмань зэрэг сумдад нислэг үйлдэж байлаа. 1981 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Бигэр, Чандмань суманд агаарын байнгын шуудан тээвэр нээн ажиллуулсан.
1964 оноос тус аймагт зорчигч, шуудан тээврийн АН-24 онгоц Улаанбаатар- Говь-Алтайн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
1956-2021 оны хооронд “Алтай” нисэх буудлын аэродромд ИЛ-14, АН-24, АН-26, АН-30, АН-2, МИ-8, МИ 171, Ю-12, Фоккер-50, SAAB – 340, C-208, C145, ATR-72, Embraer ERJ-140, Embraer 190; Eurocopter EC130 маркийн агаарын хөлгүүд нислэг үйлдсэн байна.
2008 оны 6 дугаар сараас “Аэромонголиа” ХХК-ны Фоккер-50, 2018 оны 9-р сараас Embraer ERJ-140, 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Изинис Эйрвэйз” ХХК-ны SAAB 340, “Хүннү эйр” ХХК-ны Фоккер-50, 2013 оны 04 дүгээр сарын 23-наас эхлэн 2017 оны 06-р сарын 11-нээс ATR-72, 2019 оны 6 дугаар сараас Embraer 190, “Скайжет” ХХК-ний Eurocopter EC130 2021оны 7 дугаар сард тус тус нислэг үйлдсэн байна.
Алтай нутгаар хаваржаа тавлаг уу. Нисэх буудлынхаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа сонирхуулаач.
Д.Батбаяр
/”Алтай” нисэх буудлын дарга/
Алтай нутагт хаваржаа сайхан байна. Цас, бороо орлоо. Зун сайхан болох байхаа. Би 2016 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудлын даргаар томилогдож ирээд 7 дахь жилдээ ажиллаж байна.
Ажил хүлээж авч байх үед хамт олон маань чадварлаг хэдий ч материаллаг бааз нь дутмаг санагдсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж ирлээ. Сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал:
Мөн аэродром арчлалтын 2 автомашин, ачаа тээшний бага оврын трактор, газрын үйлчилгээний технологийн 3 автомашиныг шийдвэрлүүлснээр газрын үйлчилгээнд ахиц шинэчлэлт гарсан.
2012 онд ашиглалтад тус нисэх буудалд орсон засвар хийх шаардлагатай болсон тул зорчигч үйлчилгээний терминалийн 1-р давхрын шалыг шинээр хийж, гадна дотор пасадны урсгал засварыг хийлээ.
Нислэг үйлдвэрлэлийн чиглэлээр аэродром болон Иргэний нисэхийн дүрэм 139, 140, 144 зэрэг дүрмийн шаардлагын хүрээнд жил бүр шаардлагатай засвар үйлчилгээг хугацаанд нь хийж хэрэгжүүлэхийн зэрэгцээ ХАБЭА хүрээнд Нисэх буудлын ундны усанд зайлшгүй шаардлагатай, гүний худгийн ус зөөлрүүлэх S-3500 I/h цагт 3,5 тн усыг шүүж цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан. Мэргэжлийн хяналтын газраар шинжилгээ хийлгэн ашиглалтад тэнцсэн тул ундны усны хэрэглээнд ашиглаж байна.
Байгууллагын гадна тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулж, ажилчдын амралтын өрөөг засаж тохижуулсан.
Нисэх буудлын аюулгүй хамгаалалтын хүрээнд IP камераар камержуулж, нисэх буудлын дотоод аюулгүй ажиллагаа чанарын удирдлагын баг болон нисэх буудлын дарга онлайнаар гар утсаар хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэх мэтчилэн олон ажлуудыг хийсэн байна.
Үүнээс гадна үйлдвэрлэлийн чиглэлээр хийсэн томоохон ажил бол баруун бүсийн нисэх буудлуудад зориулан Онцгой нөхцөлийн төлөвлөгөөний “Код-7”-Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл” сэдвээр бүрэн хэмжээний дасгал сургуулилалтыг Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тусгай ажиллагааны хэлтэс, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудал болон ТТЗ-ийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл, түүний бүрэлдэхүүн байгууллагуудтай өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан нь ач холбогдол бүхий ажил болж, хамтран ажиллаж буй байгууллагын уялдаа холбоо, мэргэжлийн ур чадвар, хүний нөөцийн чадавхи зэрэгт үр дүнтэй сайн ажил болсон гэж үзэж байна.
Манай байгууллагын хамт олон бол ажилч хичээнгүй, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй, харилцааны болон байгууллагын соёлыг эзэмшсэн, спортлог, байнга бие биендээ туслаж дэмждэг, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” зарчмыг удирдлага болгодгоороо байнга манлайлагч хамт олон тул 2019 онд “Говь-Алтай аймгийн тэргүүний хамт олон”-оор шалгарч, туг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж байлаа.
2023 онд хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд юу байна. “Алтай” нисэх буудлынхаа хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
Ж.Алтайбаатар
/Нислэгийн хөдөлгөөний ахлах удирдагч/
Би анх 2 заалтай, 2 давхар контортой шороон зурвастай хөдөөгийн буйдхан нисэх буудалд ажилд орж байлаа. Сэнст онгоцноос өөр онгоц буух боломжгүй.
Түүнээс хойш 18 дахь жилдээ аавынхаа болон өөрийнхөө хүслээр жигүүрлэн “Алтай” нисэх буудлын хөгжлийн төлөө үг, үйлдэл бүхнээ зориулан ажилласаар одоогоор цагт 100 хүн хүлээн авах чадалтай аэровокзал бүхий шороон болон асфальт бетон хучилттай 2 зурвастай, гэрэл суултын системтэй, сүүлийн үеийн навигацийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон аэродромд буух агаарын хөлгүүдийг 5 давхар цамхагаас удирдаад сууж байна.
2023 он бол дэлхий дахиныг хамарсан цар тахал, хойд хөршийн асуудлаас хамаарсан хямралаас иргэний нисэх гарах, буцаж сэргэх хамгийн онцгой жил.
Мөн түүнчлэн Засгийн газар болон орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхой асуудлуудыг шийдвэрлэн орон нутгийн нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, иргэд, зорчигч үйлчлүүлэгчдэдээ агаарын тээврийн үйл ажиллагааг сурталчлах, "ЦАГ БОЛ АЛТ" буюу ХЯМД ЗАРДЛААР ОЛОН ЦАГААР МАШИНААР ЯВЖ ӨӨРӨӨС БИШ ГЭХЭД ӨРӨӨЛӨӨС ШАЛТГААЛАХ ЭРСДЭЛ ҮҮРЧ ЗОРЧИХ УУ? ЭСВЭЛ ИЛҮҮ ЗАРДЛААР БОГИНО ХУГАЦААНД ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОХ УУ? гэдэг 2 асуултын ялгааг ойлгуулахад чиглэсэн ажлуудыг төлөвлөх нь зүйтэй болов уу гэж харж байгаа. Ингэснээр “Алтай” нисэх буудлын цаашдын зорилт илүү том болж олон улсын нисэх буудал болтлоо өргөжих дараагийн алхамд хүрэх юм.
Та нисэх буудалдаа хэдэн жил ажиллаж байна вэ? “Алтай” нисэх буудлын хөгжилд сэтгэл хэр хангалуун байдаг вэ?
Б. Эрдэнэбилэг
/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, хүний нөөц, албан хэрэг хөтлөлт/
ИНҮТ-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудалд аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, хүний нөөц, албан хэрэг хөтлөлтийн ажилтай. 2001 оноос архив, бичиг хэргийн ажилтан, 2010 оноос аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, хүний нөөц, албан хэрэг хөтлөлтийн ажилтнаар ажиллаж байна. Улсад 33 жил, Иргэний нисэхийн системд 22 жил ажилласан байна.
“Алтай нисэх” буудлын ирээдүйн хөгжил цэцэглэлтийг Олон Улсын нисэх буудал болж, агаарын замын хаалгууд нээгдэж, агаарын тээврийн хөгжингүй үйлчилгээг Алтай нутгийн ард иргэдэд хүргэсэн нисэх буудал болно гэж итгэл төгс харж байна. Тогтмол, захиалгат, ерөнхий зориулалтын нислэгийн агаарын хөлгүүд нь Алтай хотын дээгүүр өдөр, шөнийн альч цагт дуугаа хадаан бууж, цаг хугацаа хэмнэсэн агаарын тээврийн үйлчилгээг үйлчлүүлэгч олонд хүргэнэ.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг, ачаалал хэр байдаг вэ? Хамгийн их ачаалалтай байсан үеэсээ сонирхуулаач.
Б.Баасанцэрэн
/Сантехникийн механик, жолооч/
Нисэхиийн салбар нь аливаа хүнээс чадвар, эв дүй, авхаалж самбаа ихээхэн шаардсан өвөрмөц ажил мэргэжлийн талбар байдаг. Миний ажил үүрэг нислэгийн хуваарь гарч, нислэг хэдэн цагт байхаас хамаарч нислэгээс 2 цагийн өмнө ажлынхаа байранд очсоноор эхэлдэг. Нислэггүй үед өглөөний 08:00 цагаас эхэлдэг. Ажилдаа ирээд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад өөрийн хариуцсан ажилдаа гардаг. Үйл ажиллагаанд алдаа дутагдал гарах, техник тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж, хяналт тавин хариуцсан авто машинуудыг асааж агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах техникийн бүхий л үзүүлэлтүүд хэвийн үйл ажиллагаатай байгаа эсэхийг хянан шалгадаг.
Халаалтын зуухны галлагаа, оффисын халаалт, шугам сүлжээний ажиллагаа хэвийн явагдаж байгааг шалгаж дуусаад хэсгийн ахлагчдаа танилцуулан дараагийн хийгдэх ажлуудын ярилцаж зааварчилгаа авдаг. Уурын зуухны галч нарын ээлж солилцуулж, авто машины бэлэн байдлын талаар болон дараагийн хийгдэх ажил, анхаарах асуудлыг Нисэх буудлын даргад танилцуулан үүрэг чиглэл авч ажилладаг.
Онгоц буухаас 2 цагийн өмнө авто машины бэлэн байдлыг шалгасан, цэвэрлэгээ үйлчилгээ хийгдсэн, онгоцонд үйлчилэхэд бэлэн байх үүрэгтэй байдаг нь бидний ажлын онцлог байдаг.
Онгоц буугаад зорчигчдын ачаа тээшийг онгоцонд хүргэх, авах үйл ажиллагааг хурдан шуурхай аюулгүй ямар нэгэн зөрчилгүй хүргэж үйлчилдэг. Онгоц хөөрсний дараа нислэгийн дараах ярианд сууж, үйл ажиллагаа хэвийн явагдсан талаарх мэдээгээ өгөөд дараагийн өдрийн ажлын бэлэн байдлыг хангаад ажлаа дуусгадаг.
Нислэг ихтэй үеэр оффисын шугам сүлжээ болон автомашинд гэмтэл саатал гарсан үед нисэхийн үйл ажиллагааг бүрэн хангах, аюулгүй байлгах үүднээс гарсан гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлаж үйл ажиллагааг хэвийн болгоход бусад өдрүүдээс илүү ачаалалтай ажилладаг.
Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан, мэргэжлийнхээ онцлогийн талаар хэлбэл.
Б.Нандинцэцэг
/Холбоо, навигацийн инженер/
Би радио холбооны инженер мэргэжилтэй. Одоогоос 20-иод жилийн өмнө Монгол Улс болон дэлхий нийтээрээ утасгүй холбоо болон интернет, цахим орчин хөгжиж эхэлсэн нь энэ мэргэжлийг сонирхоход хүргэж ШУТИС-ийн ХМТС-ийн Радио холбооны ангид элсэж, эзэмших болсон.
Миний мэргэжлийн онцлог бол зайнаас мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хүний үйл ажиллагааны технологи, арга хэрэгсэл, арга, аргуудыг багтаасан шинжлэх ухаан, технологийн салбар юм. Орчин үеийн харилцаа холбоонд богино долгионы радио холболт, үүнтэй холбогдсон шилэн кабель, электроникийн хэрэглээ, түүнчлэн тойрог замын хамтрагч, интернетийн хэрэглээ ихээр нэвтэрч байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хоногт 200 гаруй агаарын хөлөг өнгөрдөг ба орон нутгийн 10-20 хөөрөлт, буулт хийгддэг. Орон нутгийн нисэх буудлуудын инженер техникийн ажилтнууд нь эдгээр бүх агаарын хөлөгт холбоо, навигаци, ажиглалт, цахилгаан хангалт, гэрэл дохиоллын тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг 24 цагаар тасралтгүй ханган ажиллах өндөр хариуцлагатай үүрэг хүлээж 16 дахь жилдээ ажлаа өндөр түвшинд биелүүлэн ажиллаж байна.
Танай хамт олон спорт урлагийн олон арга хэмжээнд хүчээ сорьж байдаг. Гаргасан амжилтаасаа сонирхуулаач.
Н.Насанбат
/Агаарын хөлгийн техникч/
Манай хамт олон урлаг, спортын багагүй амжилт гаргадаг. Ажилтнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх тал дээр анхаарч Биеийн тамир, спортын газартай гэрээ хийж хамтран ажиллаж байна. Говь-Алтай аймгийн аварга шалгаруулах тэмцээн болон ОННБ-ын баруун бүсийн спортын наадамд амжилттай оролцож ирсэн. Тухайлбал: 2014 онд аймгийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд III байр, Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ зохион явуулсан гар бөмбөгийн тэмцээнд-II байр, 2015 онд Баруун бүсийн нисэх буудлуудын спортын анхдугаар тэмцээн Ховд аймгийн Ховд хотод зохиогдоход гар бөмбөгийн тэмцээний төрөлд III байр, 2016 онд Баруун бүсийн нисэх буудлуудын спортын наадам Говь-алтай аймгийн Алтай хотод зохиогдож, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд II байр эзэлсэн. Мөн тус тэмцээнээс 2017 онд гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, 2019 онд сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медаль, аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль, Зэвсэгт хүчний баярт зориулсан тусгай хүчний байгууллагуудын дунд зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн онд Баруун бүсийн нисэх буудлуудын спортын наадам Говь-алтай аймгийн Алтай хотод зохиогдоход гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль, ширээний теннис эмэгтэй төрөлд үйлчлэгч Н.Солонго мөнгөн медаль, гар бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль, дартсын тэмцээнд Нисэх буудлын дарга Д. Батбаяр хүрэл медаль авсан амжилттай оролцож багийн дүнгээр I байр эзлэн шилжин явах цомын эзэд болсон.
2023 онд Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жил, Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0214-р ангийн түүхт 90 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан "ЦЭРЭГ СПОРТ"-ын тэмцээнд ИНҮТ-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь "Алтай" нисэх буудал тамирчид амжилттай оролцож, сагсан бөмбөг, дартсаар алтан медаль, ширээний теннис, СВД Винтов буудлагаар мөнгөн медаль, ПМ гар бууны буудлага, АКМ буудлага, гар бөмбөгөөр хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр 4-р байр эзэллээ.
Цаашид манай хамт олон Монгол Улсад нисэх үүсч хөгжсөний 100 жилийн ойн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцохоор зорьж байна.
Танай хамт олон хэр эвсэг вэ? Хамт олноороо бахархах зүйл.
Б.Шаравнямбуу
/Нягтлан бодогч/
Миний хувьд өмнө нь төрийн байгуулагад санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард энэ байгууллагад орсон. Иргэний нисэхийн салбар бусад ажил мэргэжлээс их өөр, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага учир ажлын хувьд маш хариуцлагатай цаг нар хамааралгүй ажилладаг. Гэсэн хэдий ч хамт олны уур амьсгал сайтай, энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай хүмүүс олон байдаг тул залуу үедээ зааж сургах, зөвлөх тал дээр их нэгдмэл байдаг. Мөн ажлын бус цагаар хамт олноороо спорт зааланд тоглодог нөхөрсөг, эвсэг байдаг. Хамт олонтойгоо ажил, амьдралын баяр, баясгалан, уйтгар гуниг бүхнээ хуваалцаж ажиллаж, амьдарч байна. Энэ их ажлыг зохицуулан ажил, амьдралаа авч явдаг хамт олноороо бахархаж явдаг даа.
Үлийн цагаан оготно устгал, хамхуул цэвэрлэгээ, шувуу үргээлэг гээд орон нутгийн нисэх буудлуудад хүндрэл багагүй бий. “Алтай” нисэх буудлын онцлогийн талаар, бас сонирхолтой баримтуудаасаа хуваалцаач?
Т.Пүрэвсүрэн
/Аэродромын инженер/
“Алтай” нисэх буудлын аэродром нь далайн төвшнөөс дээш 2219 м өндөрт оршдог, Монгол Улсын хамгийн өндөрт байрладаг аэродром гэдгээрээ онцлогтой. Мөн 3С ангиллын агаарын хөлөг хөөрч, буух хучилттай зурвас болон хөөрч, буух шороон зурвастай. Хоёр зурвас маань 2 талын оролт гаралттай.
Үлийн цагаан оготно устгал, хамхуул цэвэрлэгээ, шувуу үргээлэг зэрэг ажлууд нь ИНД139.71, “Аэродром орчимд агаарын хөлгийг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх” MNS6942:2021 Монгол Улсын стандарт болон нисэх буудлын “Ерөнхий заавар”-т тусгагдсан Шувуу, мал амьтны аюулаас сэргийлэх хөтөлбөрийн дагуу нислэгийн аюулгүй байдлыг хангаж тогтмол хийгддэг ажлууд юм.
Үлийн цагаан оготно 2016 оноос хойш нисэх буудлын нислэгийн зурвас болон хамгаалагдсан бүс, цаашлаад аюулгүйн бүсийн газрыг хамран маш ихээр бий болсон. Ялангуяа нислэгийн зурвасын үлийн цагаан оготныг бүрэн устгахгүй бол хөрсийг сийрэгжүүлж, агаарын хөлөг ямар нэг байдлаар хөөрч, буух зурвасаас гарсан тохиолдолд цөмрөх аюултай. Мөн үлийн цагаан нь махчин шувуудын идэш хоол болдог учир махчин шувууд аэродромд ихээр байрлаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлтэй. “Алтай” нисэх буудал нь 2018, 2019, 2020 онуудад 3 жил дарааллан хавар 4-р сард нислэгийн зурвас болон хамгаалагдсан бүсийн гадна талаар 10-15 га газарт 1-1,5тн хордуулсан будааг цацаж, мөн хорт утаагаар утах зэрэг аргуудаар мэрэгч устгалыг хийсэн нь үр дүнтэй ажил болсон.
Нислэгийн зурвасын өвс ургамал нь 20 см-ээс дээш өндөртэй байхыг хориглодог тул жил бүр намрын улиралд нисэх буудлын нийт ажилчид нислэгийн зурвас болон хамгаалагдсан бүс доторх өндөр ургасан өвс, хамхуулыг түүх, хадах арга хэмжээг авч ажилладаг. Өвс, хамхуул өндөр шигүү ургах нь шувууд үүрлэх, үрээр нь хооллох нөхцөлийг бүрдүүлдэг нь шувууны бөөгнөрөл үүсэх эрсдэлийг бий болгодог.
Шувуу агаарын хөлөгтэй мөргөлдөх аюулаас сэргийлэх ажлын хүрээнд аэродромд байрладаг шувуудын бүртгэлийг тогтмол хөтөлж, тухайн шувуудын амьдрах орчин, идэш тэжээл, зан төлөв, биеийн жин зэргээс хамааруулан үргээлгийн арга хэлбэрийг тохируулж, нислэгийн өмнө болон өдөр тутмын үргээлгийг ангийн буу, дуут дохио, хийн буу зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашиглан хийж гүйцэтгэдэг. Сүүлийн 4 жилийн бүртгэлээс харахад аэродромд ихэвчлэн жижиг болжмор, хэрээ, тагтаа, сар зэрэг шувууд бүртгэгдсэн байна.
Та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг хэр ашигладаг вэ?
М.Бүрэнзаяа
/Холбоо, навигацийн техникч/
Залуу хүн өөрийгөө байнга хөгжүүлж, шинэчилж, мэдээллийн эрин зуунд орчин үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрах ёстой гэж боддог. Миний ажиллаж буй салбарын хувьд ажилтан албан хаагчдаа байнга сургалт мэдээллээр хангаж, хөгжүүлж байдаг. Бид 2 жил тутамд шинэ техник технологитой танилцах, шинээр суурилуулсан болон суурилуулахаар төлөвлөж буй тоног төхөөрөмжийн сургалтад хамрагдаж, ажиллах эрхийн үнэмлэхээр ажлын байр маань баталгаажиж ажилладаг онцлогтой. “Алтай” нисэх буудалд маань хамгийн сүүлийн үеийн агаарын навигацийн тоног төхөөрөмжөөр байнга шинэчлэлт хийгддэг. Зөвхөн 2022 онд гэхэд сансрын холбооны VSAT системийн VIPERSAT CDM570 modem шинээр суурилуулсан. Автомат хамааралтай ажиглалтын системийг өргөтгөх зорилгоор ADS-B тоног төхөөрөмжийг Алтай нисэх буудал, Говь-Алтай аймгийн Цээл сумд шинээр суурилуулж олон улсын өнгөрөлтийн нислэгт ашиглаж байна. ADS-B систем бол агаарын хөлгийн хаяг, байршил, зарим нэмэлт мэдээлэл болон аэродромд хөдөлгөөн үйлдэж буй тээврийн хэрэгсэл болон бусад шаардлагатай биетийн мэдээллийг автоматаар дамжуулах, хүлээн авах, хянах зэрэг автоматжуулсан ажиглалтын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж юм. Мөн алсын удирдлагатай хэт богино долгионы радио станц JOTRON 7000, VPN сүлжээний airfiber тоног төхөөрөмжүүдийг IP RCAG зогсуурт суурилуулж, Улаанбаатарын удирдлага хяналтын төвтэй өөрийн шилэн кабелиар холбогдон дата мэдээлэл дамжуулдаг болсон зэрэг олон дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Та хэр их аялдаг вэ? Аймгийнхаа үзэсгэлэн газрууд, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжийн талаар таны санаа бодол юу байдаг бол?
С.Батбаяр
/Гал сөнөөгч, галын бүлгийн ахлагч/
Ажлын хамт олонтойгоо төлөвлөгөөт аялал хийх болон ээлжийн амралтаараа гэр бүлийхэнтэйгээ хамт аялалаар явдаг. Монгол орныхоо аялал жуулчлалын бүсүүд болох түүхэн дурсгалт газруудад очиж амрах дуртай.
Манай аймгийн хувьд говь, хангай хосолсон өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Цогт сумын Ээж хайрхан, Бигэр сумын Бөөрний сувилал, Хөхморьт сумын Дөргөн нуур, Жаргалан сумын Эрээн нуур, Бугат сумын Тахийн тал гэх мэт. Гэвч эдгээр газрууд руу аялахад замын бартаа саад ихтэй, автомашинаар явахад цаг хугацаа их ордог.
Аймгийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврээр гадаадын жуулчид болон орон нутгийн зорчигчдыг хүлээн авах боломжтой. Бугат сумын Тахийн тал, Алтай сумуудад хээрийн түр аэродром байдаг ба бага оврын онгоцоор аялж, байгалийн үзэсгэлэнт газрууд болон ховордсон зэрлэг ан амьтдыг харж, үзэж сонирхоно. Цаашид бусад алслагдсан нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудад хээрийн түр аэродром байгуулснаар Говь-Алтай аймгийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлж, аймаг, сум орноо сурталчлан таниулна. Манай “Алтай” нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж бодож байна.
Онцгой үүрэг хариуцлагатай агаарын тээврийн ар талын албыг хариуцан ажилладаг хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ? Таны эрхэмлэдэг зан чанар.
Б.Алтанхуяг
/Хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч/
Нислэгийн цаг баримтлах, нислэгийн үе болон бусад бүх үед аюулгүй байдлыг хангах, түргэн шуурхай үйлчлэх, найрсаг эелдэг харилцах юм. Онцгой үүргийн нислэгийн үед аюулгүй байдал, хамгаалалтын ажилтны сонор сэрэмж, хамтран ажиллах байгууллагуудын уялдаа холооог хангаж ажиллах нь гол үүрэг хариуцлага байдаг.
Миний эрхэмлэдэг зан чанар бол шударга байх, хариуцлагатай байх. Залуу үеийхэндээ цагийг маш сайн баримталж ажиллах хэрэгтэй гэж байнга хэлдэг.