“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт "Баруун Урт" нисэх буудлын хамт олны төлөөлөл оролцлоо.
СҮХБААТАР АЙМГИЙН “БАРУУН-УРТ” НИСЭХ БУУДАЛ
Товч түүх
1956 онд БНМАУ-ын СНЗ-ийн 347-р тогтоолоор Сүхбаатар, Дундговь, Хэнтий зэрэг 9-н аймагт АН-2, ЯК-12 онгоцоор агаарын байнгын шуудан харилцааг нээх шийдвэр гаргаснаар Ардын хувьсгалын 35-н жилийн ойгоор анхны нислэгээ эхэлсэн нь иргэний агаарын тээврийн хөгжлийн үндсэн суурь тавигдсан байна.
Нисэх буудлын танилцуулга
“Баруун-Урт” нисэх буудал нь 1956 онд БНМАУ-ын СНЗ-ийн 347-р тогтоолоор Сүхбаатар, Дундговь, Хэнтий зэрэг 9-н аймагт АН-2, ЯК-12 онгоцоор агаарын байнгын шуудан харилцааг нээх шийдвэр гаргаснаар Ардын хувьсгалын 35-н жилийн ойгоор анхны нислэгээ эхэлсэн нь иргэний агаарын тээврийн хөгжлийн үндсэн суурь тавигдсан байна.
Тус нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга нь 2000 онд ашиглалтанд орсон, цагт 60 хүн хүлээн авах хүчин чадалтай аэровкзал нь зорчигч үйлчилгээний болон нийтийн заал, ачаа тээш шалгах дамжин өнгөрүүлэх өрөө, ажилчдын ажлын тохилог өрөөнүүд, өвлийн улиралд халаах зориулалттай уурын зуухнууд, тусгай зориулалтын сумлагч машин, техниологийн машин, сансрын болон орчин үеийн навигацийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Нисэх буудал нь одоогоор ИНД-139-ийн дагуу Хязгаарлагдмал аэродромоор гэрчилгээжин үйл ажиллагаа явуулж байна. Ил хараагаар өдрийн гэрэлтэй цагаар захиалгат, түргэн тусламж, тусгай болон онцгой үүргийн нислэг үйлдэгддэг. Дорноговь, Чойбалсан, Өндөрхаан нисэх буудлуудын нөөц аэродром болж байнгын бэлэн байдалд ажилладаг.
Тус буудалд жилдээ 10-30 бага болон дунд оврын агаарын хөлөг бууж газрын тусгай үйлчилгээ авдаг бөгөөд орон нутгийн 50-100 онгоцонд бэлтгэлээр сонгон нислэг үйлддэг.
Тус Нисэх буудлын аэродром нь 2210м урт, 50м өргөнтэй хөөрч буух шороон зурвастай бөгөөд CBR-42 даацтай. Ан-2, С-208, Airtractor, Ми-8, Ми-171 EC-145, РС-6 маягийн агаарын хөлгүүд бууж үйлчилгээ авдаг бөгөөд F-50 маягийн агаарын хөлөг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Онцгой, тусгай үүргийн нислэгүүд, жуулчны болон түргэний, авиахимийн нислэгүүдэд зорчигч үйлчилгээ, газрын үйлчилгээ, аюулгүй байдлын үйлчилгээг үзүүлж байнгын бэлэн байдалд ажилладаг.
Агаар газрын холбооны тоног төхөөрөмж мөн бодит ажиглалтын ADS-B, алслалт хэмжигч DME-435, богино болон хэт богино долгионы радио станц, MAWS-301, Radyne VSAT, RCAG PAE T6&T6 MK6 зэрэг тоног төхөөрөмжийг ашиглан олон улсын болон орон нутгийн бүх агаарын хөлөгт 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг.
Онгоц асаагч TRONAIR, GP6, онгоц халаагч МП-85м, ТЗ-3.8 цэнэглэгч болон технологийн пургон автомашин ашиглан агаарын хөлөгт газрын үйлчилгээ болон ТС-1 шатахуунаар хангалт хийдэг.
Нисэх буудлынхаа онцлог, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа сонирхуулна уу? Та нисэх буудалд хэдэн жил ажиллаж байгаа вэ?
Ж.Ганболд /“Баруун-Урт” нисэх буудлын дарга/
Манай нисэх буудал 1956 онд байгуулагдсан. Миний бие улсад 41 жил үүнээс 33 жилийг нь иргэний нисэхийн салбар болох Баруун-Урт нисэх буудалд ажиллаж байна. Холбооны техникчээр 3 жил, 30 жилийг нь нисэх буудлын даргаар ажиллаж ирлээ. Орон нутагт нисэх буудлын дарга байна гэдэг их онцлогтой шүү дээ. Манай нисэх буудал орон тоо, зохион байгуулалтын хувьд цомхон. Байнгын ачаалал багатай харагдах хэдий ч жаран чавганцын ажил хийнэ шүү дээ. Цөөхөн ажилтантай тул хүн бүр бие биеэ орлон ажиллах чадвартай, бүхнийг чадагч байх зарчмаар ажиллана. Орон нутаг дахь нисэх буудлууд нь тухайн орон нутагтаа иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг явуулахаас гадна салбарын хөгжил, цэцэглэлт, бодлого чиглэлийг сурталчлах, таниулах, хөгжүүлэх үүргийг биелүүлдэг юм.
Баруун-Урт нисэх буудалд иргэний нисэхийн бодлого шийдвэрээр 1990 оноос бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж, нисэх буудал маань энэ 30 жилд бүрэн шинэчлэгдсэн. Хуучин объект байхгүй. Сумлагч ЗИЛ-130, УАЗ-469, Ганболд 3 л хуучин нь юмуу даа. Дутуу зүйл гэвэл байнга агаарын хөлөг хүлээж авах ажил л байна даа. Нисэхийн салбартаа манай хамт олон олон жил манлайлагч явсан, цаашдаа ч ажил үйлс нь өөдрөг байна гэдэгт эргэлздэггүй.
Та уран бүтээлч хүн. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулж, хамт олондоо хүргэнэ үү?
Миний уран бүтээлч гэж юу байхав. Монгол адуу шигээ амархан ижилсэж, идээшилж, хамт олон руугаа гэгэлзэж тэмүүлсэн, ажил амьтай болчихсон амьтан даа. Би чинь бичиж хадгалсан нь ховор биетээр /байгаа орчиндоо/ уншаад явчихдаг хүн. Амьдрал баян болохоор асар их уран тансаг хөг аялгуу, яруу сайхан үг урсаад л ирнэ шүү дээ. Насны номонд сууна гэхээр сэтгэлд багтахгүй, аяндаа л нулимас цийлэгнээд байдаг болж. Хамт олон минь хүүхдүүд, дүү нар шиг минь санагдаад хатуу ч үг хэлж чадахаа больсон доо.
Үлийн цагаан оготны устгал, хамхуул цэвэрлэх гэж том ажлууд бий. Эдгээр ажлуудын талаар, сонирхолтой баримтуудаасаа танилцуулаач.
Д.Төртогтох /Аэродромын техникч/
Үлийн цагаан оготно устгал, өвс хадах, цас арилгах, хамхуул цэвэрлэх /аэродромд/, элсний нүүдэл зогсоох, үер, гал түймрийн аюулаас сэргийлэх гээд олон төрлийн ажлуудыг хийж явахад хөгжилтэй, бас хоржоонтой, мартагдашгүй зүйл зөндөө л таарч явна. Жишээ нь, усаар огтоно устгалд хүн хүрэлцэхгүй тул эр, эмгүй бүгд л гарна шүү дээ. 4 тн ёмкос устай, хүн бүр 3 кг-ын хавтгай хүрзтэй л гарна. Ер нь тэгээд манай бүсгүйчүүд анчин болсон шүү дээ.
Хавар, намарт үлийн цагаан оготныг устгахдаа дээр үеийн оросын тариачид шиг нэг эгнээ болж байгаад оготны хор оо гараар цацна шүү дээ. Нэг удаа 500-1000 кг хор цацна.
Зун, өвөл нь усаар цутгаж устгана. Энэ ажилд манай ажилчид мэргэшсэн дээ. Тал хээрийн бүсэд 6-7 жилд үлийн цагаан оготны нүүдэл болдог. Энэ үед нь хөөрч, буух шороон зурвас, түүний орчноо хамгаалах нь чухал. 1996 онд туршлага дутаж балрах шахаж билээ. Хөөрч, буух шороон зурвасны голд үүссэн нэг үлийг задлахад 50 кг-ийн зургаан шуудай өвс гарч, тэр үлийг 5 тн шороогоор дүүргэж гараар нягтруулж байлаа.
Сүхбаатар аймаг байгалын олон сайхан газруудтай, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжийн талаар таны бодол юу байдаг вэ?
Манай нутаг сайхан уужим, амар амгалангийн орон шүү. Нэг их аялж чаддаггүй дээ. Манай ажил чинь санаан зоргоор хаяад амраад байдаг ажил биш юм. Хилийн харуулын цэрэг шиг, бэлэн байдлаа байнга хангаж байхгүй бол болохгүй.
Сүхбаатар аймагт аялал жуулчлал хөгжих боломж их байна. Энэ талаар төр засаг, орон нутгийн бодлого зохицуулалт үнэндээ алга даа. Урсгалаараа явж байна. Боломж их байгаа боловч бодлого төлөвлөлт үнэхээр дутагдаж байна. ИНҮТ бодлогоор ерөнхий зориулалтын агаарын хөлөгтэй авиакомпаниудтай нисэх буудлуудаа холбож, зөв гаргалгаа хийсэн цагт нислэг сэргэж үйл ажиллагаа сайжирна гэж боддог доо.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
О.Боролзой /Холбоо, навигацийн техникч/
Миний ажлын нэг өдөр ХАБЭА-н өдөр тутмын зааварчилгааг бүх ажилчдад өгч ажил эхэлдэг. Ямар ажилд ямар багаж хэрэгсэл хэрэглэгдэх, багаж хэрэгсэл хэрхэн ажиллуулах, хэрхэн харьцах талаар харилцан ярилцаж зааварчилгаа өгч ажилд гаргадаг. Ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах аюулгүй ажиллагааг нэг номерт тавьж, ХАБ-ын дүрэм журмыг мөрдөж ажиллахад хяналт тавьдаг. Хүн бүр ажлын байрандаа эрүүл, аюулгүй аюулгүй ажиллаад гэр бүлдээ очих нь хамгийн сайхан зүйл юм.
Мөн өөрийн хариуцсан холбоо, навигацийн төхөөрөмжүүдэд өдөр тутмын үзлэг шалгалтыг чеклистийн дагуу хийж тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангадаг. Өдөр тутмын техник үйлчилгээг маш нарийн зохион байгуулалт, дэс дарааллын дагуу ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй хийхийг хичээн ажилладаг.
Нисэхийн салбарт ажиллах хугацаандаа холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг найдвартай хангаж зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ламптай тоног төхөөрөмжөөс эхлэн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Олон улсын өнгөрөлтийн RCAC станц, шинэ VSAT систем, VPN систем, цаг уурын станц MAWS-301, холын холбооны R&SH, командын холбоо JOTRON T810, нарны зайн холимог тэжээлийн систем, навигацийн тоног төхөөрөмжийн DME 435 зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж байна.
Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан, мэргэжлийн тань онцлог юу вэ?
Би 1995 онд ИАТУЕГ-ын харьяа нисэхийн дунд сургуулийг техникч мэргэжлээр суралцаж төгсөөд 1996 оноос Баруун-Урт Нисэх буудалд холбооны техникчээр ажилд орж, 27 жил ажиллаж байна. Аав минь Баруун-Урт нисэх буудалд сумлагч машины жолоочоор ажилладаг байсан. Багадаа аавыгаа дагаж ажил дээр нь очдог байсан нь нисэх хэмээх их айлруу хөтөлж, нисэхийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэж боддог.
Нисэхийн холбооны техникч нь холбоо навигацийн тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, техник үйлчилгээг гэмтэл, дутагдалгүй, дэс дараалал, маш нарийн зохион байгуулалттай, технологийн зааврын дагуу хийх ажил юм.
Миний хувьд ажлын тоног төхөөрөмжийг бэлэн байдалд байлгаж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах нь хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж боддог.
Орон нутагт хувь хүний хөгжлийн асуудал ямар түвшинд байдаг бол. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Бусдадаа арга туршлагаасаа хуваалцана уу?
Б.Ангирагсайхан /Нислэгийн мэдээллийн ажилтан/
Би 2019 онд ИНЕГ-ын Нисэхийн сургалтийн төвд анх элсэн орж, нислэгийн мэдээллийн ажилтан мэргэжлээр амжилттай суралцаж төгсөөд 2020 оны 06 сард томилогдон 3 дахь жилээ ажиллаж байна. Баруун-Урт нисэх буудлын аэродромын газар зүйн онцлог нь тал хээрийн бүсэд оршдог. Тогтмол нислэг байхгүй ч онцгой үүргийн нислэг, тусгай үүргийн нислэг, түргэний нислэгүүд, аялал жуулчлалын нислэгүүдийг тогтмол авч нислэгийн аюулгүй ажиллагааны бэлэн байдалд анхаарч ажилладаг.
Миний хувьд байгууллагын үнэт зүйл бол хүн өөрөө гэж боддог. Аливаа байгууллагын ажилтан хувь хүн өөрийгөө хөгжүүлж боловсруулж байвал тэр байгууллагын үйл ажиллагаа нь сайжирч явдаг. Манай байгууллага нь инженер, техникийн ажилтнууд, алба хаагчдаа тогтмол хөгжүүлж, ажил мэргэжлийн чиглэлээр нь жилд 1-2 удаа сурган, сурсан мэдлэгээ ажилчиддаа тайлагнаж сурталчилж байдаг.
Анх нисэх буудалдаа ажилд ороход дарга Ж.Ганболд, холбооний техникч О.Боролзой, агаарын хөлгийн техникч Д.Төртогтох, нягтлан бодогч Ү.Эрдэнэбаяр ах нар надад тусалж дэмжин бурууг минь засаж, зөвийг маань дэмжиж ажилласаар ирсэн. Мэргэжилдээ эзэн болсон чадварлаг хамт олноороо бахархаж явдаг даа.
Агаарын тээвэр хэмээх онцгой үүрэг хариуцлагатай албаны ар талыг хариуцан ажилладаг хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ? Таны эрхэмлэдэг зан чанар юу вэ?
Ү.Эрдэнэбаяр /Нягтлан бодогч/
Миний хувьд иргэний нисэхийн салбарт 33 жил ажиллаж байна. Хүний амь нас, эд хөрөнгө хариуцсан онцгой үүрэг хүлээж ажилдаг агаарын тээврийн салбарын ажилтан албан хаагчид үйлчлэгчээсээ дарга хүртэл бүгд уялдаа холбоотой ажилладаг. Нэг хүн алдаа гаргахад нислэгийн үйл ажиллагаа дагаад доголдож аюулгүй байдал алдагдаж байдаг. Тиймээс агаарын тээврийн ар талд нислэгийн аюулгүй ажиллагааг ханган олон талын мэргэжилтэн ажиллаж байдаг. Аэродромын техникч, нислэгийн удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтан, агаарын хөлгийн технигч, холбооны техникч, шатахууны лаборантч, шатахууны сумлагч, аюулгүй байдлын шалгагч, шувуу үргээгч, харуул гэх мэт олон инженер техникийн ажилтан сэтгэл нэгтэй ажиллаж байдаг. Миний хувьд зан чанар гэхээсээ илүүтэй хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шиг бага наснаасаа л зөв хүмүүжсэн, төлөв шударга зантай байхад аяндаа сэтгэлтэй хүн дээр гэрэл илүү тусч, зүтгэлтэй хүнийг амжилт үргэлж дагадаг гэж боддог.
“Баруун-Урт” нисэх буудлынхаа ирээдүйг хэрхэн харж дүгнэдэг вэ?
Миний хувьд нисэх буудлынхаа ирээдүйг өөдрөг гэрэлтэйгээр харж явдаг. Ойрын нэг, хоёр жилдээ тогтмол нислэгтэй болон буудал маань улам өргөжин тэлж, зүүн бүсийн 2 дахь том олон улсын зэрэглэлтэй нисэх буудал болно гэж хардаг. Сүхбаатар аймгийн хувьд аялал жуучлал бүрэн хөгжих боломжтой байгалийн үзэсгэлэнт газар ихтэй. Алдарт Дарьганга, Алтан овоо, Шилийн богд гээд олон сайхан дурсгалт газар байдаг. Энэ газруудаа түшиглээд гадаад, дотоодын жуулчин авч ерөнхий зориулалтын нислэг тогтмол явуулах бүрэн боломжтой гэж хардаг даа.
Танай хамт олон хэр эвсэг вэ? Хамт олноороо бахархах зүйл юу бол.
Э.Эрдэнэцэцэг /Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/
Манай хамт олон ямар ч ажилд гар нийлж ажиллаж чаддаг, бүх ажлын ард хамтын хүчээр гардаг. Тийм ч учраас эвтэй байдаг. Нисэх буудлаасаа ажлын гараагаа эхэлж өнөөг хүртэл ажиллаж байгаа, туршлагатай ажилчид олонтой. Тэд маань залуу ажилчдыг ажлын байранд дадлагажуулж, үлгэр дуурайлал үзүүлэн, хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.
Манай нисэх буудлын онцлог бол нислэгтэй, нислэггүй аль ч цагт байнгын бэлэн байдалд байдаг. Цөөн орон тоотой, нэг ажилтан хэдэн ч ажилчныг орлох чадвартайгаар бэлтгэгдсэн байдаг.
Нисэх буудлынхаа ирээдүйн төлөө, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын төлөө цаг наргүй ажилласан ч хэн нь ч эхэлсэн ажлаасаа хойш суулгүй зүтгэж, дуусгаж чаддаг хамт олноороо бахархдаг.