“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны хамт олны төлөөлөл оролцлоо.
ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн салбар нэгж бөгөөд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Агаарын харилцааны газрыг байгуулж, нисэх 5 дугаар отрядын бүрэлдэхүүнд “Авто тээврийн салаа”-г 26 хүний бүрэлдэхүүнтэй, 19 автомашинтайгаар байгуулсан нь өнөөгийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны түүхийн эхлэл байлаа.
Монгол Улсад 1962 оноос эхлэн орчин үеийн сэнст, тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлгүүдийг ашиглаж, иргэний агаарын тээвэр нь улс ардын аж ахуйн бие даасан тээврийн томоохон салбар болтол хөгжсөнтэй зэрэгцэн авто бааз нь газрын тусгай үйлчилгээний мэргэжлийн байгууллага болон хөгжсөн.
Чанарын удирдлагын тогтолцоо “MNS ISO 9001:2010” стандартыг 2010 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улсын хэмжээнд уг стандартыг нэвтрүүлсэн 33 дахь, ИНЕГ-ын хэмжээнд 4 дэх байгууллага болж, 2022 онд MNS ISO 9001:2016 стандартын батламжлах гэрчилгээг 3 жилээр сунгуулсан. 2011 онд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/-н гишүүн байгууллага, 2020 онд ИНД-144-ийн S-3 ангиллаар “Агаарын хөлгийг шатах тослох материалаар хангах үйлчилгээний байгууллага”-аар тус тус гэрчилгээжсэн.
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд талбайн үйлчилгээ /Ramp service/-г үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Танай байгууллагын ажлын онцлог, албаныхаа нэрний талаар сонирхуулаач.
С.Буяндэлгэрэх
/Технологи газрын үйлчилгээний хэсгийн дарга/
Манай алба үндсэн 3 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.
-“Чингис Хаан” болон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлуудад нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн газрын техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ
-ИНЕГ болон түүний системийн байгууллагуудын авто тээврийн үйлчилгээ,
-Орон нутгийн нисэх буудлуудын агаарын хөлгийн шатахуун хангалтын үйлчилгээ үзүүлдэг.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн алба. Гол онцлог нь нэг талаасаа Монгол улсын авто тээврийн шаардлагыг хангасан авто аж ахуйн үйл ажиллагаа, нөгөө талаасаа иргэний агаарын тээврийн салбарын дүрэм, журмын шаардлагад нийцсэн тусгай тоноглолтой автомашин, тоног төхөөрөмжөөр агаарын хөлөгт газрын үйлчилгээг үзүүлдэг.
Албаны нэрний хувьд “Чингис Хаан” болон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлуудад нислэг үйлдэж байгаа дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдэд газрын техник, тоног төхөөрөмжийн хангалтын үйлчилгээ үзүүлдэг учраас “Газрын тусгай үйлчилгээ“, орон нутгийн нисэх буудлуудад агаарын хөлгийн шатахуун хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг учраас “Шатахуун хангалт” гээд нийлүүлээд “ГТҮШХА” гэж нэрлэсэн болов уу даа.
Агаарын хөлгийн хөөрч, буух зурвасны цас цэвэрлэгээг хэдий хугацаанд хийж, агаарын хөлөг хүлээн авахад бэлэн болгодог вэ?
С.Мөнхжаргал
/Технологи, газрын үйлчилгээний хэсгийн жолооч-механизмчин/
Би 1983 оноос хойш 40 дэх жилдээ улсад ажиллаж байна. Үүнээс 11 жил нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэрдромын цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж байна. Цас орсны дараа зурвас, покстрот, явгалах зам, перрон талбайг цэвэрлэхэд 5-7 цаг зогсолтгүй ажиллаж байж онгоц хүлээн авахад бэлэн болгодог. Аэродром цэвэрлэгээ бол нэг хүний биш багийн ажиллагаа бөгөөд бүгдээрээ нэгэн цуваанд жагсаад зурвасаа цэвэрлээд явахад бахархмаар сүрлэг сайхан санагддаг шүү.
Та агаарын хөлөг хөтлөх автомашиныг хэдэн жил барьж байна вэ? Өдөрт хамгийн олон агаарын хөлөг хөтөлсөн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
Д.Сэнгэравдан
/Тээвэр ашиглалтын хэсгийн нийтийн тээврийн жолооч/
Тус албанд нийт 22 жил ажилласнаас 15 дахь жилдээ онгоц хөтөлж байна. АСЕМ-ын үед л нэг өдөрт хамгийн олон буюу 13 онгоц хөтөлж байсан. Зуны дэлгэр сайхан цагт онгоцоо хөтлөөд зогсоолд нь аюулгүй, бүрэн бүтэн хүргээд эргээд харахад бахархмаар сайхан санагддаг даа.
Олон тонн жинтэй аварга хөлгийг чирээд явж байхад сонирхолтой сэтгэгдэл төрнө биз? Таны чирж байсан хамгийн аварга хөлөг?
Н.Намсрай
(Технологи, газрын үйлчилгээний хэсгийн жолооч-операторчин)
Онгоц чирэгч/TMX/ нь 400 тн хүчин чадалтай. Агаарын хөлөг бол том жижгээсээ хамаараад 130-300 тн байдаг. Би тус албанд 28 дахь жилдээ ажиллаж байгаагаас онгоц, газрын үйлчилгээний хэсэгт 17 жил онгоц чирэгч барьж байна. Энэ хооронд олон янзын том, жижиг агаарын хөлгүүдийг чирж, түрж байсан. Хамгийн том нь АН-124 “Руслан” гэдэг онгоц байсан юм болов уу даа. Сүүлийн үед бууж байгаа А-340, Ил-96 зэрэг онгоцнууд бас томдоо орно. Онгоц чирж явахад “ажлаа ямар нэгэн технологийн алдаагүй сайн гүйцэтгэх юмсан” л гэж боддог. Харин ажлаа дуусгасны дараа харахад “ийм аварга том онгоцыг би чирсэн шүү дээ” гэж бодохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.
Орон нутгийн нисэх буудлуудад техникийн яаралтай засварт дуудлагаар явахаас эхлээд онгоцны шатахуун тээвэрлэх гээд техникийн хүчин чадал чухал шаардлагатай алба. Парк шинэчлэлт хэр хийгдсэн бэ? Одоо нийт хичнээн техник, тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?
Б.Гантулга
/Ерөнхий инженер/
Манай байгууллага нь нисэхийн газрын тусгай тоног төхөөрөмжийн үйлчилгээ шаардлагатай төрийн болон хувийн бүхий л байгууллага, иргэнд хүрч үйлчилдэг цорын ганц алба бөгөөд авто үйлчилгээний чиглэлээр автотээврийн салбарт, газрын үйлчилгээний чиглэлээр нисэхийн салбарт тус тус харьяалагдаж, онцгой чиг үүргийг гүйцэтгэдэг. Товчхондоо нисэхийн автобааз гэж ойлгож болно.
Төвийн 139 нэгж тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот болон орон нутагт үйлчилгээ үзүүлж, орон нутгийн 15 нисэх буудлын 167 нэгж техник, 15 шатахууны агуулахын засвар, үйлчилгээг гүйцэтгэн, бэлэн байдлыг ханган ажилладаг. Хүчин чадлын хувьд 305 хөдлөх бүрэлдэхүүнтэй 2-р зэрэглэлийн авто аж ахуй.
2019 оноос өмнө парк шинэчлэлтийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон тооцоо судалгаанд үндэслэн хийж байсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд цар тахал, ОХУ-Украйны дайны улмаас ажил үйлчилгээ хумигдаж, парк шинэчлэлт эрс багассан. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаж, норм, норматив хангасан хуучин автомашиныг сэргээн засаж, ИНЕГ-ын болон агаарын хөлгөөр үйлчлүүлж байгаа зорчигчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, аюулгүй, тав тухтай зорчих их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.
Цаашид бид тээврийн хэрэгслийн тоонд бус үйлчилгээний чанар, хүртээмжид илүү анхаарч, хэзээ, хэнд, хэдий хугацаанд, ямар төрлийн авто тээврийн үйлчилгээ хэрэгцээ байгааг судалж, парк бүрдүүлэх, парк ашиглалтыг сайжруулах тээврийн менежментийг нэвтрүүлж, тээвэр логистикийг хөгжүүлэх, дэлхийн автотээврийн салбартай хөл нийлүүлэн алхаж чадахуйц цомхон, найдвартай, техник, эдийн засгийн хувьд өндөр үр ашиг бүхий тээврийн хэрэгслээр парк шинэчлэлт хийхээр зорин ажиллаж байна.
Та орон нутагт хэдэн жил шатахуун тээвэрлэж байна вэ? Хэдэн нисэх буудалд очиж үзсэн бол?
Ж.Мягмарсүрэн
/Тээвэр ашиглалтын хэсгийн шатахуун тээврийн жолооч/
Би 1985 онд цэргээс халагдаж ирээд Тээврийн үйлчилгээний автобааз (тухайн үеийн нэршил)-д шатахуун тээврийн жолоочоор ажилд орж, 38 дахь жилдээ онгоцны шатахуун тээвэрлэж байна. Анх 21 аймагт нисэх буудалтай байсан тул 21 аймагт Зил-Ат-6 чиргүүлтэй автоцистернээр шатахуун тээвэрлэдэг байлаа. Одоо 15 аймгийн нисэх буудалд онгоцны шатахуун тээвэрлэж байна.
Хотын түгжрэл дунд олон хүний суудалтай том оврын автобус жолоодоход нилээд ур чадвар шаардагддаг байх. Таны баримталдаг зарчим юу вэ?
Ч.Дагвасүрэн
/Тээвэр ашиглалтын хэсгийн нийтийн тээврийн жолооч/
Автобусныхаа гадна талд “Иргэний нисэхийн ерөнхий газар” гэсэн байгууллагынхаа нэрийг тээж явдаг, мөн хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарт үлгэр жишээ болох үүднээс замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой, зөв боловсон, харилцан хүндлэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хичээдэг.
Хамгийн эхэнд уулзаж байгаа учраас “тухайн өдрийг сайхан эхлүүлээсэй” гэсэн утгаар зорчигч бүртэй өглөөд мэндлэн, өдөржин ядраад ажлын ачааллаас болоод ядарсан бол “сайхан энергитэй гэртээ ороосой” гэсэн үүднээс “Сайхан амраарай” гэж буулган аль болох эерэг хандлагыг түгээхийг хичээдэг.
Ажилтнуудаа ажлын цагаас нь хоцроохгүйн тулд цаг баримтлахыг хичээдэг. Хамгийн чухал нь ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж явахыг зорьдог доо.
Олон тонн шатахууныг тээвэрлэдэг автоцистернээс эхлээд агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлдэг тусгай тоног төхөөрөмжүүдийг засвар, үйлчилгээ хийж бэлэн байдлыг хангадаг байх. Энэ хариуцлагатай ажлынхаа онцлогийн талаар сонирхуулаач?
Г.Сосорбарам
/Техник, үйлчилгээ засварын хэсгийн техникийн үйлчилгээ, засварын инженер/
Тус автобаазад шалгах механикаар ажилд орж, тусгай тоног төхөөрөмжийн техникч, инженер, орон нутгийн тусгай тоног төхөөрөмж хариуцсан инженерээр 12 жил ажиллах хугацаанд шатахуун тээврийн автоцистерн, орон нутгийн тусгай тоноглолтой автомашин, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хуваарийн дагуу цаг хугацаанд нь хийж, техникийн бэлэн байдлыг тасралтгүй ханган ажилласан байна.
Манай алба нь агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлэх, аэродром зурвас талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, шатахууны хангамж тээврийн үйлчилгээ, автотээврийн үйлчилгээ үзүүлдэг 6 улсын 35 үйлдвэрлэгч 95 маркийн 260 автомашин, тусгай тоноглолтой машин механизм тоног төхөөрөмжүүдийн техникийн бэлэн байдлыг ханган аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.
Төвийн болон орон нутгийн 15 аймгийн нисэх буудлын тусгай тоноглолтой автомашинуудын засвар үйлчилгээг хуваарийн дагуу цаг хугацаанд нь шуурхай хийж гүйцэтгэж бэлэн байдлыг ханган ажилладаг нь манай засвар үйлчилгээний онцлог юм.
Танай албаны ажилтнуудын дийлэнх нь эрчүүд. Хамт олныхоо уур амьсгалыг хэрхэн үнэлдэг вэ?
Д.Дэлгэрмаа
/Захиргааны мэргэжилтэн/
Манай албаны үйл ажиллагааны онцлогоос хамаарч нийт ажилтнуудын 88,5% эрчүүд байдаг. Би анх ажилд орохдоо дийлэнх нь эрчүүд гэхээр л ширүүн, дориун, тас, няс хийсэн хүмүүс байдаг байх гэж бодож байсан боловч хамт олны дунд нь ороод ажиллаад ирэхээр инженер техникийн ажилтнууд, жолооч нар маань ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, ажлаараа бахархдаг, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, бүгд л болсон болоогүй нэг хочтой, аливаа алдаа оноог тойруулалгүй шулуухан хэлчихдэг хэрнээ хүүхэд шиг гэнэн, итгэмтгий хүмүүс байсан төдийгүй өөрийн гэсэн соёл, төлөвшлийг аль хэдийн бүрдүүлчихсэн бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцаж, жинхэнэ нөхөрлөж чаддаг зөөлөн уур амьсгалтай, зөв хамт олны дунд ажиллаж байгаагаараа би бахархдаг болсон шүү.
Олон төрлийн хүчин чадалтай техник хэрэгсэлтэй харьцдаг хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг нягт мөрдүүлэх, хангуулах ажил их чухал байх. Хүндрэлтэй асуудлууд хэр гардаг вэ?
Д.Сандагдорж
/Техник, үйлчилгээ засварын хэсгийн техникийн үйлчилгээ, засварын инженер/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар өдөр тутмын зааварчилгаа авч хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэдэг боловч зөвхөн нисэхийн системд ашиглагддаг улсын хэмжээнд ганц байдаг тусгай тоног төхөөрөмжтэй автомашинуудад засвар үйлчилгээ хийхэд найдвартай сайн багаж, тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Гэтэл ганц тэр автомашинд зориулж үнэтэй багаж авах нөөц бололцоо дутмаг учраас хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах эрсдэл үүсдэг.