“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хамт олны төлөөллийг урилаа.
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба/НААХЗА/ нь Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтэс, Нислэгт тэнцэх чадварын хэлтэс, Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтэс гэсэн 4 хэлтэстэй, хэлтсийн дарга 4, нисэхийн аюулгүй ажиллагааны 27 байцаагч, 5 мэргэжилтэн нийт 40 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
НААХЗА нь ИНЕГ-ийн үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд аюулгүй ажиллагааны удирдлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, гэрчилгээжсэн байгууллагуудын аюулгүй ажиллагааны тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавих, иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэхэд чиглэсэн мэргэжлийн хяналт, зохицуулалтыг гүйцэтгэнэ.
Таны ажил мэргэжлийн онцлог, эрхэлж буй ажилд тань шаардагдах хамгийн чухал чадвар юу вэ?
Б.ТУЛГА
/Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн байцаагч/
ИНЕГ-ын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт болон зохицуулалтыг хийхэд эрсдэлийг олж харах, үнэлэх болон зөвөөр чиглүүлж өгөх чадвар чухал байдаг. Эрсдэлийг олж харснаар эд хөрөнгө болон цаашлаад хүний амь насыг хүртэл хамгаалах чухал.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Н.ТУЯА
/Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн байцаагч/
Ажилдаа бэлэн байхын тулд өглөө 6 цагт босож, хувийн бэлтгэлээ базааж, заримдаа өглөөний хоолоо бэлдэж аваад ажил руугаа явдаг. 7 цаг 30 минут гэхэд ажилдаа ирсэн байдаг. Өглөө ажил эхлэхийн өмнө хэлтсийн хамт олонтойгоо өглөөний цайгаа ууж дуусаад өчигдрийн ажил болон тухайн өдөрт хийгдэх ажлын төлөвлөгөө, шалгалтын хуваариа шалгана. Зарим өдөр эхний шалгалт 8.00 цагаас ч эхлэх тохиолдол бий. Шалгалт эхлэхийн өмнө шалгалт авах материалуудаа хувилж, багцлан бэлтгэсэн байдаг. Шалгалт авах хуваарьгүй өдөр бол өмнөх өдрийн шалгалт авсан материалаа боловсруулж, байцаагчийн дүгнэлт гаргадаг даа. Ер нь бол шалгалт өгсөн хүн бүрт дүгнэлтийг танилцуулж, нэг бүрчлэн тайлбарлаж, зөвлөмж, зөвлөгөө өгдөг. Үүний дараа шаардлагатай бичиг баримтуудаа эмхлэх, шалгалтын цаг өгөх, нэмэлт ажилтай холбоотой бусад ажлаа хийж гүйцэтгэдэг.
Манай ажлын өдрийн цайны цаг 12.00 цагаас 13.00 цагийн хооронд байдаг. Цайны цагийн дараа 13.00 цагаас 16.30 цаг хүртэл шалгалт авах хуваарьтай хүн ирвэл шалгалтаа авдаг. 16.00 цаг гэхэд шалгалтаа авч дуусаад шалгалтын материалуудаа хавтсанд хийж, ажлын байрны орчноо эмхэлж, маргаашийн ажлын бэлтгэлээ хангадаг. Өдөрт дунджаар 2-3 хүнээс шалгалт авдаг. Анх удаа эсвэл давтан шалгалт өгч байгаагаас хамаараад хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Сэтгэл зүйн шалгалтыг ямар хугацаанд, ямар орчинд авах талаар стандарт тавигддаг тул нэг дор олон хүнээс шалгалт авч болдоггүй онцлогтой. Ингээд л тухайн өдрийнхөө ажлыг хийж дуусгадаг даа.
Нисэхийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих нь өндөр ур чадвар шаардах ажил. Та хэрхэн бэлтгэгдсэн бэ?
П.СҮХБОЛД
/Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч/
Би 2009 онд Украйн улсын Киев хотын Үндэсний нисэхийн их сургуулийг Аэродромын инженер мэргэжлээр төгссөн. Ажлын туршлагын хувьд гэвэл би төгссөн жилээ “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аэродромын албанд техникчээр ажилд орсон. Тэрнээс хойш тус албандаа ашиглалтын инженер, ээлжийн инженерээр ажиллаж байсан. Мөн ИНЕГ-т аэродромын мэргэжилтэн, инженер зэрэг албан тушаал дээр ажилласан. 2009 онд ажилд орсноос хойш БНСУ, Япон, Индонези, Сингапур, ХБНГУ зэрэг улсуудад зохион байгуулагдсан мэргэжлийн сургалтуудад хамрагдаж байсан. НААХЗА-нд аэродромын байцаагчаар томилогдсоны дараа 2021 онд байцаагчийн сургалтад онлайнаар хамрагдсан.
Нислэгийн стандартыг сахиулж ажиллахад чухал нөлөөтэй хүчин зүйл юу вэ?
З.АМАРСАНАА
/Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч/
Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулсан маш олон стандарт байдаг. Манай улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн болсноор олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нислэгийн үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх үүднээс иргэний нисэхийн багц дүрмийг бий болгож хэрэгжүүлж байгаа. Багц дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагааны зааврууд гаргадаг. Байцаагч нь иргэний нисэхийн багц дүрэм түүнтэй уялдаж гарсан авиа компаниудын үйл ажиллагааны заавруудын хэрэгжилтийг хангуулж, хянаж шалгах, аудит шалгалт хийж үл нийцэл илэрсэн тохиолдолд арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгөх, нисгэгч, инженер техникийн ажилчид гээд бүхий л гэрчилгээжсэн мэргэжилтнүүдийг мэргэжлийн түвшинд ажиллуулах, дүрмийн хэрэгжилтийг хангуулах үүргийг хүлээж ажилладаг.
Олон улсын байгууллагын тавьдаг шаардлагын дагуу тодорхой хэмжээнд мэргэшил, сургалтуудад хамрагдаж байж байцаагч болж энэ ажил үүргийг гүйцэтгэх эрхтэй болдог. Энэ эрхийнхээ хүрээнд аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зөвхөн хувь хүн, байгууллага бус иргэний нисэхийн салбараар үйлчлүүлж буй олон нийт, улс орны эрх ашиг хөндөгдөж байдаг тул энэ бүгдийг хэвийн байлгаж, зарчимтай ажиллах нь байцаагч хүний үүрэг.
Та 2022 онд хичнээн агаарын хөлөг гэрчилгээжүүлэх ажилд оролцож байсан бол?
Хамгийн сонин содонгоос нь нэрлээч?
Ц.ГАНТӨМӨР
/Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч/
Өнгөрсөн 2022 онд Монгол Улсад нийт 13 агаарын хөлөг бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн тоо 51 болтлоо өссөн. Тэдгээр бүртгэгдсэн 13 агаарын хөлгөөс 9 нь том оврын агаарын хөлгүүд байгаа нь манай улсын иргэний агаарын тээвэр хурдацтай хөгжиж байгаагийн нэг үзүүлэлт гэж бодож байна.
Та ажлын байр, хамт олныхоо уур амьсгал хэрхэн дүгнэдэг вэ?
Г.СЭРЖМЯДАГ
/Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн мэргэжилтэн/
Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Тийм болохоор миний хувьд ажлын хамт олноо хоёр дахь гэр бүл гэж боддог. Манай албаны нэг онцлог бол нисэхийн чиглэлээр өөр өөр ажил мэргэжлийн хүмүүс хяналтын байгууллагад нэгдэж ажилладаг болохоор саналаа нэгтгэх асуудлууд зөндөө тулгардаг, гэхдээ тэр болгонд хамт олон маань хүлээцтэйгээр, хүндэтгэлтэйгээр бие биедээ хандаж хамтдаа асуудлыг шийдэж байгааг хараад, хамт олноороо үнэхээр бахархдаг. Миний хувьд сүүлийн 2,5 жилийн хугацаанд хамт олноосоо өөрийгөө хөгжүүлэх талаар маш их зүйлд суралцаж, хувь хүний хөгжил, ур чадвараа дээшлүүлэхэд ч их хувь нэмэр оруулсан гэж боддог.
Олон улсад шинээр нэвтэрч буй дүрэм, зааврын мэдээллийг та цаг алдалгүй хаанаас олж авдаг вэ?
Э.ЗОЛЗАЯА
/Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч/
Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн буюу Member state гэдгийг та бүхэн мэдэх байх. Тийм учраас ICAO-аас Чикагогийн конвенцын Хавсралтуудад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр нь гишүүн улс орнууддаа албан ёсоор хүргүүлдэг. ICAO-ын бусад SARPs, Doc баримт бичгүүдийг албан ёсны цахим сайт руу нэвтрэх эрхээр орж авдаг. Манай ИНЕГ-ын цахим сайтад ч мөн Конвенцын бүх Хавсралтуудыг нээлттэй байршуулсан байдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Иргэний нисэхийн багц дүрэм, зөвлөмжийн цувралуудыг ч бас ИНЕГ-ын цахим сайтаас авч ашиглах боломжтой. Олон улсын иргэний нисэхийн стандарт, шаардлагыг өөрийн орны онцлог, эрх зүйн орчинд нийцүүлж нутагшуулахад хяналтын байцаагч бидний манлайлал, гүйцэтгэх үүрэг, оролцоо чухал байдаг.
Тиймээс эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон улстай хөл нийлэх, тэднээс туршлага судлах, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын соёлыг түгээх, байцаагчийн мэргэжлийн нэр хүнд, бахархлыг дээшлүүлэхэд ОУИНБ-ын портал сайт нь бид бүхний найдвартай туслагч байсаар байна.
Та ямар мэргэжилтэй вэ? Ямар үед танд эзэмшсэн мэргэжлээрээ бахархах сэтгэл илүү төрдөг бол?
Д.МӨНГӨНХҮҮ
/Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч/
Намайг Даахүү овогтой Мөнгөнхүү гэдэг. ИНЕГ-ын НААХЗА-ны ҮГХ-ийн ахлах байцаагчийн үүргийг гүйцэтгэж байна. 1998-1999 оны хооронд Тайландын вант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвд Нислэгийн хөдөлгөөний удирдагч гэсэн эрхэм мэргэжлийг эзэмшсэн.
Агаар тэнгэрийн уудам орон зайд холын газрыг товчилж, хүмүүний цагийг хэмнэсэн нэгэн гайхамшигт бүтээл бол яахын аргагүй агаарын хөлөг билээ. Түүнийг удирдан жолоодож зорчигчдын хүссэн газарт аюулгүй хүргэх үүрэгтэй олон мэргэжил байдгийн нэг нь нислэгийн хөдөлгөөний удирдагч юм.
Нисгэгч агаарын хөлгийг хөөргөн нисгэж, аюулгүй газардуулж, жолооддог бол нислэгийн хөдөлгөөний удирдагч нь нисгэгчдийн явах газар, хөөрөх өндрийг зааж удирдан чиглүүлэх үүргийг хүлээдэг. Агаарын хөлгийн хөдөлгүүр асаж, хөөрч, буух зурвасаас хөөрөн, нислэг үйлдэн суултанд орох, зогсоолд хүрч хөдөлгүүр унтраах энэ бүх үйл ажиллагаанд нислэгийн хөдөлгөөний удирдагч, нисгэгчтэй хамтран ажиллаж зорчигчдын болон нислэгийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллах энэхүү цогц үйл ажиллагаанд оролцож байдгаараа эзэмшсэн мэргэжлээрээ үнэхээр бахархаж явдаг даа.
Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн баримтлах хамгийн чухал зарчим, зан чанар юу байх ёстой гэж та үздэг вэ?
Б.ГАНЧИМЭГ
/Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн байцаагч/
Иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлдэг ИНЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүрэгтэй НААХЗА-ны Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нар нь хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд аюулгүй ажиллагааны аудит, хяналт шалгалтыг эмх цэгцтэй, чанартай, зөв гүйцэтгэж, мэргэжлийн, бодитой, шударга үнэлт дүгнэлтийг бусдын нөлөөнд автахгүй бие даан гаргах чадвартай байх ёстой. Аливаа хяналт шалгалтын амжилттай үр дүн нь мэргэшсэн баг, үзлэг шалгалтын өмнөх бэлтгэл ажил, арга зүйн хувьд сайтар төлөвлөж, нягт нямбай гүйцэтгэхээс хамаарна гэж боддог. Нисэхийн аюулгүй ажиллагааны талаар тохиролцох боломж байхгүй.