"AVIATION PHOTO NEWS"-ийн энэ удаагийн дугаараар түүхт 75 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоо, навигаци, ажиглалтын албыг онцолж, хамт олны төлөөллийг нь урилаа.
Холбоо, навигаци, ажиглалтын алба нь ИНД-171 Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт, ИНД-171.79 Албаны үйл ажиллагааны заавар болон бусад холбогдох хууль, тогтоомжуудын хүрээнд иргэний агаарын тээврийн агаарын навигацийн үйлчилгээг үзүүлдэг, ИНЕГ-ын НААХЗА-наас олгосон №171-01 дугаартай Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллагын гэрчилгээтэй, чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008/MNS ISO9001:2010 олон улсын стандартын дагуу нэвтрүүлсэн гэрчилгээжсэн байгууллага билээ.
ХНАА нь Иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээвэрлэгчид, нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд холбоо, навигаци, бодит ажиглалт, цахилгаан хангалтын найдвартай үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор холбоо, навигаци, бодит ажиглалтын байгууламжуудын тоног төхөөрөмжийн найдваржилтыг 99,9999% хүртэл дээшлүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилт тавин ажиллаж байна.
Та өөрийнхөө хийж буй ажлын юугаар нь бахархдаг вэ?
С.ЧУЛУУНБААТАР
/Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн технологич инженер/
Нисэх гэдэг их айлтай амьдралыг минь холбож өгсөн үе үеийн ахмадуудаараа бахархаж явдаг.
Дэлхийд эхний гуравт жагсдаг байсан Киевийн иргэний нисэхийн инженерийн дээд сургуулийн эрдэмтэн багш нараараа бахархана.
Дадлагын оюутныг тоож радио холбоо, радио навигаци, радиолокацийн талаар танилцуулга хийлгэж байсан буурал дарга маань удахгүй хэрэгжүүлэх гэж байсан том төслийнхөө санааг гаргаж байсанд бахархана.
Ажлын гараагаа эхлүүлэхэд дэмжиж тусалж байсан радио навигацийн хамт олноороо бахархана.
Анхны суултын болон диспетчерийн радиолокатор, радиопеленгаторыг суурилуулан ашиглалтанд оруулж байсан радиолокаторын хамт олноороо бахархана.
Зах зээлийн эхэн үед ачааны хүндийг үүрч гарсан мэргэжил нэгт хамт олноороо бахархана.
Мэргэжил нэгт дүүгийн хамт анхны сансрын холбооны станцыг оруулж ирж байснаараа бахархана.
АХБ-ны зээлээр хэрэгжсэн Үндэсний агаарын навигацийн төсөлд ажилласан мэргэжил нэгт хамт олноороо бахархана.
Агаарын замыг шинэчлэх төсөлд ажилласан ажлын хэсгийн хамт олноороо бахархана.
Иргэний нисэхийн багц дүрмийг анх боловсруулсан ажлын хэсгийн хамт олноороо бахархана.
Инженер мэргэжлээрээ дахин ажиллахад дэмжиж тусалж байсан холбооны хэсгийн хамт олноороо бахархана.
Хоёрдогч радиолокаторууд, автоматжуулсан систем, автомат хамааралтай системүүдийг суурилуулж ашиглалтанд оруулан анхдагчид болсон ажиглалтын хэсгийн хамт олноороо бахархана.
Олон улсын иргэний нисэхийн болон стандартчлалын байгууллагуудын аюулгүй ажиллагаа, чанарын стандартын зөвлөмж, шаардлагуудыг ХНАА-ны үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжүүлэх нөр их хөдөлмөр шаардсан ажил үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж байгаа ААЧУХ-ийн хамт олноороо бахархана.
Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй гадаад, дотоодын агаарын хөлгүүдэд радио холбоо, радио навигаци, радиолокаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдээр үйлчилгээ үзүүлж, нислэгийн аюулгүй байдлыг хангах хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үйлсэд хүчин зүтгэж буй ХНАА-ны нийт хамт олноороо бахархана.
Шөнийн харанхуйг зүсээд жирийсэн гэрэл дундуур аварга том агаарын хөлөг сүнгэнэн буухад
мэргэжлээрээ бахархах, хийсэн ажлаараа омогших сэтгэгдэл төрдөг үү?
Б.ЦОГОО
/ХНАА-ны ерөнхий инженер/
Монгол Улсын агаарын замууд дагуу агаарын хөлгийн нислэг үйлдэх үеийн бүх цаг хугацаанд агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүд дэмжлэг, үйлчилгээ үзүүлж байдаг.
Энэхүү үйлчилгээнд агаарын хөлгийн нисгэх багтай холбоо тогтоож нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангахад зориулсан агаар-газрын радио холбооны тоног төхөөрөмжүүд, агаарын хөлөгт байршлыг нь зааж, агаарын замыг тодорхойлох, хөөрөлт буулт үйлдэх зүг чиглэл, өнцөг, алслалтыг тогтоож өгөх зориулалттай радионавигацийн тоног төхөөрөмжүүд, нислэгийн удирдагчид агаарын хөлгийн нислэг үйлдэж буй бодит байршлын мэдээллийг хүргэж нисэхийн хөдөлгөөний үйлчилгээг ажиглалтын удирдлагаар хангах ажиглалтын төхөөрөмжүүд зэрэг Монгол Улс даяар суурилагдсан нийт 420 гаруй нисэхийн байгууламж, тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байна.
Эдгээр тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг манай албаны инженер техникийн ажилтнууд хариуцан ажилладаг ба энэхүү өндөр хариуцлагатай ажилд өөрсдийн мэдлэг мэргэшил, ур чадвар, авьяас билэг, дадлага туршлагаа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа мэргэжил нэгт хамтран зүтгэгч, ахан дүүсээрээ байнга бахархаж явдаг. Агаарын хөлгийн хөөрөлт нь хурдан, нислэг нь аюулгүй, буулт нь зөөлөн байг!
Таны хийж буй ажил хэр сайн үнэлэгддэг вэ?
М.ЭРДЭНЭСҮХ
/Техникийн төлөвлөлт, инженерингийн хэсгийн дарга/
Холбоо, навигаци, ажиглалтын алба нь ИНД-171 дүрмээр гэрчилгээждэг бөгөөд тус дүрмийн хүрээнд 17 журам, 3 зааврыг мөрдөж агаарын навигацийн техникийн бэлэн байдлыг 24 цагаар тасралтгүй ханган ажиллаж байна. ИНД-171 дүрмийн ЖУ-1 "Ажилтнуудын ур чадварыг үнэлэх, хадгалах, дээшлүүлэх, мэргэжлийн үнэмлэх олгох журам"-аар инженер техникийн ажилтнуудыг сургах, мэргэжлийн түвшин тогтоох, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Агаарын навигацийн үйлчилгээний техник, тоног төхөөрөмжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмнэлт гаргах ажлын хүрээнд эдийн засгийн задлан шинжилгээ хийж, бага зардлаар аюулгүй ажиллагааг хангах гарцууд, үнэтэй технологиос татгалзсан тохиолдолд хэмнэгдсэн хөрөнгийг хүний хөгжилд зарцуулах судалгаа хийсэн бөгөөд 2019-2022 онд ХНАА-ны инженер техникийн ажилтнууд тоног төхөөрөмжүүдийн 32 эд ангийг өөрсдийн нөөц бололцоогоор засварлаж, үйлдвэрлэгчээр засварлуулах зардал болох 835,842,948 төгрөгийг хэмнэсэн байна. Энэхүү хэмнэсэн зардлаар агаарын навигацийн инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, ажилтнуудын ур чадварыг үнэлэх байнгын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж, агаарын навигацийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжиж, үнэтэй тоног төхөөрөмж, технологиас татгалзсан шинэ бүтээл, оновчтой санаачлага гаргаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн инженер техникийн ажилтнуудыг чадварыг үнэлж, мэргэжлийн зэргийн нэмэгдэл тодорхой хугацаанд олгож, хөдөлмөрийн бүтээмж, идэвхи оролцоог дээшлүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, үнэнч шударгаар идэвхитэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор 6 төрлийн чадварыг үнэлж, мэргэжилийн 5 хүртэлх зэргийг олгож, үндсэн цалингийн 20 хүртэлх хувиар цалингийн нэмэгдэл олгож, ИТА нарын чадварыг үнэлэх, идэвхижүүлэх журмын төсөл боловсруулан, АНҮГ-т шийдвэр гаргуулахаар цахим шуудангаар хүргүүлсэн.
Интернет, телефон холбооны дуудлагад байнга л явж байгаа харагддаг.
Өдрийн ажлын алжаалаа хэрхэн тайлдаг вэ? Таны сонирхол.
П.ГАНЖАВХЛАН
/Холбооны хэсгийн кабелийн техникч/
ИНЕГ-ын дотоод холбооны станцыг шинэчлэн суурилуулах ажилд тасгийн хамт олонтойгоо 3 өдрийн турш гэртээ харих завгүй ажилласан минь эргээд бодоход сайхан дурсамжтай санагддаг. Чөлөөт цагаа гэр бүлээрээ хамт байж, зундаа байгалийн сайханд аялах дуртай. Ихэвчлэн шинэ гарсан кино үзэж ажлын алжаалаа тайлдаг.
Олон хоног ээлжинд гарахаар явах болон ээлжнээс буугаад явж байхдаа ажлаасаа шантрах үе гардаг уу?
Та юунаас эрч хүч авдаг вэ?
Б.НЯМДОРЖ
/Шуурхай ажиллагааны хэсэгт ээлжийн ахлагч инженер/
Бямбаагийн Нямдорж миний бие ОХУ-ын Рыльскийн Нисэхийн дунд сургуулийг 1990 онд төгсөөд тус албанд анх ажилд орсноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай алба нислэгийн аюулгүй байдал, технологи үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг бүрэн ханган ажилладаг. Ээлжийн бүрэлдэхүүний гол зорилго бол ИНЕГ-ИНҮТ-ХНАА-ны хариуцсан агаарын навигацийн байгууламжуудын тасралтгүй, хэвийн ажиллагааг 24 цагаар ханган ажиллах байдаг. Би 2010 оноос хойш ээлжийн бүрэлдэхүүнд “Ерөнхий зохицуулагч инженер”-ээр ажиллаж байна. Ээлжинд ажиллах хугацаандаа ээлжийн нийт бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулах, тухайн ээлжийн үйл ажиллагааг хянан холбогдох дүрэм, журам, зааврыг баримтлан ажиллах, шаардлагатай мэдэээллийг холбогдох харьяа алба, салбар, удирдах албан тушаалтан, ажилтнуудад цаг алдалгүй хүргэх зэргээр ээлжийн үйл ажиллагааг найдвартай ханган сэтгэл зүрхээ шингээн ажиллаж байна. Олон жил ээлжинд ажиллах хугацаанд ядрах үе байдаг ч гэсэн энэ сайхан ажил мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг. Миний хувьд хамт олонтойгоо инээж, хөөрөлдөн эрч хүчтэй болдог доо. Ээлжийн ажил гэдэг хүний унтаж амрах цагаар ажиллаж байдаг онцлогтой тул аль болох амрах цагаараа сайн унтаж нойроо нөхөх, эрүүл чийрэг байхын тулд спортоор хичээллэж, хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Мөн ээлжнээсээ буугаад гэртээ ирэхэд ар талыг минь найдвартай авч явдаг гэр бүл маань халуун дотноор угтан авахад бүх ядаргаа арилдаг. Энэ дашрамд хэлэхэд ажлаа сэтгэл тайван хийж, амрах боломжоор хангадаг гэр бүлийн хүндээ баярлалаа гэж хэлмээр байна.
Танай хамт олон нисэхийн уралдаан тэмцээнүүдэд нэлээд идэвхтэй оролцдог.
Ачаалал ихтэй ажлын хажуугаар спортод биеэ хэрхэн бэлддэг вэ?
Д.НЯМДАВАА
/Холбооны хэсгийн радио холбооны инженер/
Манай Холбоо, навигаци, ажиглалтын алба нь ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор жил бүр Үйлдвэрчний эвлэлийн болон албаны нэрэмжит 6 төрөлт спортын тэмцээн уралдааныг зохион байгуулахаас гадна иргэний нисэхийн системийн байгууллага болон бусад авиа компани, албадуудын нэрэмжит олон төрөлт тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
Амжилтуудаасаа дурдвал:
Нисэхийн системийн аваргаас Сагсан бөмбөгийн төрөлд Мөнгө, хүрэл медаль
МТХГТА нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээнд Мөнгө, хүрэл медаль
НХҮАлбаны нэрэмжит Сагсан бөмбөгийн тэмцээнд Алт, мөнгө, хүрэл медаль
Нисэхийн системийн аварга болон МТХГТА-ын нэрэмжит Ширээний теннис, Дартс, Шатрын тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай.
Орон нутагт дуудлаганд хэр явдаг вэ?
Хамгийн олон хоног явсан болон хүнд бэрх байсан дуудлагаасаа сонирхуулбал.
С.МӨНГӨНБАГАНА
/Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн ахлах инженер/
ХНАА-ны инженер техникийн ажилтнууд маань ажлын онцлогоос шалтгаалан жилийн 4 улиралд цаг агаарын ямар ч нөхцөлд Монгол Улсын бүх аймаг сумдаар техник үйлчилгээ хийх, гэмтэл саатал засварлах, тоног төхөөрөмж шинээр суурилуулах, солих зэрэг ажлаар байнга албан томилолтоор ажилладаг. 2022 онд Говь-Алтай аймгийн Нисэх буудал, Цээл сум дээр ADS-B станцын суурилуулалтын ажлаар тус албаны Холбооны хэсэг, Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн инженер техникийн ажилтнууд томилолтоор явах үеэр уулын шар усны үертэй таарч 2 хоног шаварт сууж ойролцоогоор 3-4 тонн чулуу зөөж байж билээ.
Э.ДАВААСАМБУУ
/Холбооны хэсгийн радио холбооны ахлах инженер/
Улирал бүр хугацаат техник үйлчилгээнд явахаас гадна гэмтэл саатлын дуудлагаар явдаг ба хөдөө явах байнгын бэлэн байдалтай байдаг. Хамгийн олон хоног явсан гэвэл орон нутгийн аймаг хоорондын зам тавигдаагүй шороон замтай байх үед нэг талын бүсийн техник үйлчилгээнд явахдаа багадаа 21 хоног, дунджаар 1 сар, сараас дээш хоногийн томилолт аваад явдаг байлаа. Тухайн үедээ хүнд хэцүү байсан тохиолдлууд олон байгаа. Хүнд хэцүү гэж байгаа нь цаг агаарын хүнд нөхцөлд, яаралтай гэмтэл засварлахаар явах, гэмтэл засварлахаар яарч явахад зам муу байх л хэцүү байдаг шүү. Мөн хүйтэн цас бороотой үед гадаа гэмтэл засварлах бас л хэцүү байдаг. Хэхэ.
75 жилийн ойдоо барьж буй таны бэлэг юу вэ?
Таны ажилдаа хийж хэрэгжүүлэхсэн гэж сэтгэлдээ тээж явдаг мөрөөдлөөсөө хуваалцаач.
Ч.АЛТАНЗҮРХ
/Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер/
Чантуугийн Алтанзүрх миний бие 1990 оноос ИАТээврийн Сургалтын төвийн лаборантаас хичээлийн эрхлэгч, НДСургуулийн захирал, 1998 оноос Холбоо навигацийн албанд нөхөн хангалтын инженер, навигацийн тасгийн буулт үйлдэх системийн инженер, тасгийн ахлагч, 2020 оны бүтцийн өөрчлөлтөөр Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер зэрэг ажлыг гүйцэтгэн нисэхийн салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Увс аймгийн Өмнөговь суманд нөхөн хангалтаар 2001 онд 45 хоног ажиллан орон нутгийн томилолтоо эхэлж байлаа. Баян-Өлгий, Булган аймгаас бусад навигацийн болон холбооны тоног төхөөрөмжтэй газруудаар ажиллаж иргэний агаарын тээврийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явсандаа бахархаж явдаг. ОХУ-ын Санктпетербургийн Техномарин компанийн сургалтанд явж ирэн 2008 онд анх Хөвсгөл аймагт холын болон ойрын чиглүүлэх станц АРМ-150МА-г суурилуулан, улмаар Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгийн станцуудыг суурилуулан ашиглалтанд оруулж явсандаа итгэл хүлээлгэн томилон явуулсан хамт олондоо маш их баярлаж явдаг юм шүү. 1990 оноос хойш улс орны улс төр, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан манай алба бүтэц зохион байгуулалтын маш их өөрчлөлт хийгдсэн ч гэсэн ололт амжилт олсоор ирсэн, цаашид ч гэсэн хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэж явдаг.