Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “AVIATION PHOTO NEWS”-ийн хоёр дахь дугаараар бид Аюулгүй байдал, хамгаалалтын албыг онцолж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенц стандарт зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 1996 онд “Буянт-Ухаа” ОУНБ-ын харьяа Аюулгүй байдал, хамгаалалтын алба анх байгуулагдсан. Аюулгүй байдал, хамгаалалтын алба нь Нислэгийн аюулгүй байдлыг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг 24 цагийн турш ханган ажилладаг онцгой чиг үүрэгтэй байгууллага юм. Ингээд тус албаны төлөөлөл болсон ажилтнуудтай танилцацгаая.
Таны ажлын онцлог, бахархалтай болон бэрхшээлтэй талууд?
Н.Байгалмаа
/Үзлэгийн ээлжийн ахлагч/
Манай ажлын байрны онцлог гэвэл ажилтан ажлын байрандаа өөрийгөө тогтмол хөгжүүлж байх, үзлэгийн тоног төхөөрөмжийн мэдлэг, ажиллах дадлыг эзэмшсэн байх, хүмүүсийг таньж мэдэх чадвар зайлшгүй шаардлагатай.
Бахархал - Монгол Улсаас нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нисэх багийн гишүүд болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэдгээрийн бие болон авч явж буй гар тээш тээшнээс агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон хориотой болон аюултай эд зүйлсийг илрүүлж үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж гар нийлж ажилладаг мэргэшсэн хамт олон бол миний бахархал.
Бэрхшээлүүдээсээ дурдахад
Тусгай зориулалтын нохойг сургах, маллахад гардаг бэрхшээл?
Мөн нохойтой холбоотой бахархалт үйл явдлаасаа дурдвал?
С.Батболд
/Нохой сургагч мэргэжилтэн/
Манай алба нь 2001 оноос албаны нохой ашиглаж байгаа. Анх 1 нохойтой эхэлж байсан. Одоо нарийн мэргэжлийн (тэсрэх бодисын үнэрч нохой) 9 нохой, навигацийн хамгаалалтад (хамгаалалтын нохой) 4 нийт 13 нохой ашиглаж байна. Нохой хөтлөгч, шалгагч 8 ажилтан 2 жил тутам мэргэжлийн үнэмлэхийн гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж, гэрчилгээждэг. Хүндрэлтэй асуудал гэвэл албаны нохой маллагч, малын эмч гэж байдаггүй. Албанд ашиглагдаж байгаа нохойнууд эрүүл, ахуйн шаардлага хангах үүднээс эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, шаардлагатай вакцинд хамрагдаж, гэрчилгээ бүртээ тэмдэглэгээ хийгддэг. Монголын албаны нохойн зөвлөлөөс зохион байгуулдаг тэмцээнд байнга амжилттай оролцож, мэргэжлийн ур чадвараараа манлайлдаг. ICAO болон IATA-аас ирсэн олон удаагийн шалгалтад амжилттай хамрагдаж шалгагдсан. Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахад албаны нохой ашиглаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
В.Нямаа
/Ерөнхий зохицуулагч/
Миний бие АБХА-ны ээлжийн Ерөнхий зохицуулагчаар ажилладаг. ЧХОУНБ дээр тухайн өдөр ажиллах Аюулгүйн үзлэгийн болон хамгаалалтын ээлжүүдийн ахлагч нарт холбогдох үүрэг даалгавруудыг өгч, нислэгийн мэдээллийг танилцуулж, хүн хүчний томилгоог авч, бусад мэдээллийг солилцон ажлаа эхэлдэг. Ажиллах хугацаандаа албаны үйл ажиллагаа дүрэм, журам, зааврын дагуу явагдаж байгаад хяналт тавьж ажилладаг.
Хамгаалалтын албаны ажилтнаар ажиллахад биеэ хэрхэн бэлддэг вэ?
Г.Өлзийбаяр
/Хамгаалалтын 1-р ээлжийн ахлагч/
Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнаар ажиллахад эрүүл мэндийн тавигдах шаардлагыг хангасан, бие бялдрын бэлтгэлтэй, ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадамжтай, ажлын ачаалал даах чадвартай байх ёстой. Мөн гэрээт харуул хамгаалалтын сургалт, аюулгүй байдлын суурь сургалт BASIC-123, аюултай барааны сургалтуудад хамрагдсан ажилтнууд манай албан үүрэг гүйцэтгэдэг. Мөн онцгой нөхцөл үүссэн өдөр шөнийн ямар ч нөхцөлд бэлэн байдлыг хангаж ажилладгаараа онцлогтой гэж би хувьдаа бодож байна. Энэ албанд ажиллаж байгаагаараа бахархах сэтгэл төрдөг.
Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
Э.Батхүү
/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/
Бидний мэргэжил нь өдөр бүр шинийг сурч мэдэх, шинэ зүйлсийг танин мэдэхийг шаарддаг ба алдаа гаргах эрхгүй чухал ажил гэж хувьдаа боддог. Техник технологи хөгжихийн хирээр өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа хөгжүүлэх цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж хоцрохгүйг хичээдэг. Түүндээ ч маш их анхаардаг. Интернэт орчинд ажил мэргэжилтэй холбоотой шинэ содон зүйл, мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг олж уншиж судалж хамт олонтойгоо хуваалцдаг. Мөн залуу боловсон хүчний хувьд зан харилцаа, манлайллын е- хичээлүүдийг уншиж судалдаг.
Хувийн болон хамт олныхоо спортоор хичээллэдэг байдал,
амжилтын замналаасаа сонирхуулбал..?
Я.Нансалмаа
/АБХА-ны Төлөвлөлт, сургалтын хэсгийн мэргэжилтэн/
Анх АБХА-нд 1998 онд ажилд орж байсан. Нисэхийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна. Албаныхаа үе үеийн мундаг тамирчдыг төлөөлж байгаадаа баяртай байна. Салбарын хэмжээнд зохион байгуулагддаг спортын арга хэмжээнд албаа төлөөлж байнга оролцож тасралтгүй медальт байранд орж байсан.
Хувийн амжилтын тухайд гэвэл: Би Завхан аймгийн уугуул. Аймгийн 1-р 10 жилийн сургууль төгссөн. Дунд сургуульд байхаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Аймаг, улс, бүсийн тэмцээнд аймгаа төлөөлж амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль, МПС-ын спартакиад, идэрчүүд, залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. 2015 онд Сагсан бөмбөгийн төрөлд Спортын мастер цол тэмдэг авсан.
Ойрын үед ажил дээрээ хэрэгжүүлэх шинэлэг санаа, төлөвлөсөн ажил юу байна?
Г.Батзориг
/АБХА-ны Хамгаалалтын хэсгийн менежер/
АБХА-ны Хамгаалалтын хэсгийн ажилтнууд нь Иргэний нисэхийн салбар, нэгжийн нийт ажилтнуудаас ялгарах ажил, мэргэжлийн гол онцлог нь Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор халдагч этгээдэд хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоох явдал юм. Ийм учир Иргэний нисэхийн бусад байгууллагын ажилтнуудаас бие бялдрын өндөр бэлтгэлжилт, сонор сэрэмж, үүрэг гүйцэтгэх ур чадвараар манлайлах шаардлагын үүднээс бие хамгаалах болон гэмт халдлагыг таслан зогсооход шаардлагатай сургалтуудыг төлөвлөгөөт байдлаар тогтмолжуулахыг ойрын болоод хэтийн нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна.
Амралтын цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Ээлжийн ажилтай хүмүүсийн амралтын онцлог?
О.Билэгтөр
/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/
Намайг Орсоо овогтой Билэгтөр гэдэг. Би Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал хамгаалалтын албанд аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажилладаг. Миний хувьд 72 цагийн амралтын хугацаанд аль болох өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг ба ихэнхдээ гэр бүлдээ цаг заваа зарцуулахаас гадна эрүүл чийрэг байхын тулд уулын явган аялалд явах дуртай. Мөн амралтын цагаараа нэмэлт орлоготой байхын тулд хувийн унаагаараа "Ub Cab" дуудлагын такси үйлчилгээнд явж нэмэлт орлого олдог. Ээлжийн ажилтай хүмүүсийн амралтын онцлог нь гэр бүлдээ цаг зав зарцуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангагддаг. Мөн шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт зорчих гэх мэт онцлогтой.
Хамт олныхоо уур амьсгалаар бахархах зүйл гэвэл..?
С.Ариунаа
/Үзлэгийн ээлжийн ахлагч/
Аюулгүй хамгаалалтын үйл ажиллагаа нь зорчигч, агаарын хөлгийн багийн гишүүд, хилийн хяналтын бүс болон бусад байгууллагын ажилтан, агаарын хөлөг, нисэх буудлын навигацийн байгууламжийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах өндөр хариуцлагатай ажлыг хариуцан ажилладагт оршдог. Манай аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, ажилтан залуус маань мэргэжлээрээ үнэмлэхжсэн, ажилдаа гарамгай чадварлаг үргэлж бие биеэсээ суралцаж, нэг баг болж ажиллаж, аюулгүй байдлыг чадварлаг хангаж ажиллаж байдаг энэ хамт олноороо бахархаж явдаг.