Ангилал
Хэзээ
2022-10-20
Үсгийн хэмжээ
"AVIATION PHOTO NEWS" - I
"AVIATION PHOTO NEWS" - I

Олон улсын Нислэгийн удирдагчдын өдөр, Монголын нислэгийн удирдагчдын холбооны 26 жилийн ойн баярыг тохиолдуулан Иргэний нисэхийн үндэсний төвөөс "AVIATION PHOTO NEWS" анхны дугаарыг хүргэж байна.

Таны ажил мэргэжлийн онцлог, бахархалтай зүйл нь юу вэ?

Г.Батбулган

/НХҮА-ны дарга/

Агаарын хөлгүүдийг өөр хооронд нь болон газрын саадтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлж, нислэгийн аюулгүй, үр ашигтай байдлыг ханган ажиллах зорилгоор нислэг хөдөлгөөний удирдлагын болон мэдээллийн үйлчилгээгээр хангах  үүрэг бүхий мэргэжилтнийг нислэгийн хөдөлгөөний удирдагч гэдэг.

Бидний ажил мэргэжлийн онцлогоос дурдвал нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий нислэгийн удирдагчид эрүүл мэнд, сэтгэл зүй, мэргэжлийн ур чадварын хувьд дүрэмд тавигдах шаардлагуудыг хангасан байхын сацуу ОУ-ын иргэний нисэхийн байгууллагаас тавигддаг Англи хэлний шаардлагыг хангах үүрэг хүлээж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад өөрсдийн мэдлэг ур чадвараа дайчлан хором мөч бүрээр хэмжигдэх агшинд мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилладаг нарийн мэргэжил юм.

 Түүнчлэн ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөл тооцогддог, сэтгэл зүйн өндөр ачаалал шаарддаг ажил мэргэжил байдаг.

Бидний ажлын бахархал бол агаарын хөлөг хөдөлгүүр асаахаас эхлээд нислэг үйлдэх нислэгийн бүхий л үе шатанд агаарын хөлгүүдийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг үзүүлснээр олон мянган зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахад оролцдог, зорчигч иргэд өөрийн хайртай хүмүүстэйгээ эсэн мэнд учран золгох үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэхэд оролцдог.

Мөн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан багаар ажиллаж хувь хүний болоод мэргэжлийн хувьд тогтмол хөгжих  шаардлагатай байдаг тул гадаад, дотоодын сургалтуудад хамрагдаж, ур чадварын хувьд тасралтгүй хөгжиж мэргэжлийн бэлтгэлжилтийг ханган ажилладаг.

 

 

Та өөрийн цагийн менежментийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

Б.Бадрал

/НХҮА-ны дэд дарга/

Дэлхийн ертөнц дээр амьдран буй хүн бүрд ижил цаг хугацаа өгөгддөг. Харин түүнийгээ хэрхэн зөв ашиглаж, үр дүнтэй өнгөрүүлснээр амьдралын чанарын хувьд ялгаатай үр дүнд хүрдэг хэмээн боддог. Хүн амьдралдаа дэвшүүлсэн зорилго зорилтоо биелүүлж, хүрсэн үр дүнгээсээ аз жаргалыг мэдэрч, утга учиртай амьдрахад цагийг зөв зохистой ашиглахаас өөр сонголт үгүй юм.

Миний хувьд хувийн болон ажлын төлөвлөгөөгөө жил, сар, долоо хоногоор гаргаж, өдөр бүр хийх ажлаа мөн төлөвлөж, хэрэгжилтийг бүртгэдэг. Ингэснээр хугацаанд нь хийж амжаагүй ажлуудаа дахин хянах, цагийн ачааллыг тэнцвэржүүлэх, төлөвлөлтийг бодитой хийх, төлөвлөж бүтээсэн ажлуудаа дүгнэж өөрийгөө урамшуулах зэргээр цагийн менежментийг хэрэгжүүлдэг.

Цагийн менежментийг хэрэгжүүлснээр ажлын бүтээмж нэмэгдэх, гэр бүлдээ цаг гаргах, өөрийн хийх дуртай зүйл буюу хоббигоо хөгжүүлж илүү жаргалтай амьдрах нөхцөл болдог.

 

 

Та ажил дээрээ ямар шинэлэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

Г.Чингисбаяр

/БУҮХ-ийн ЕНХУ/

Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон гадаад бусад хүчин зүйлээс шалтгаалан нислэгийн хөдөлгөөний ачаалал буурсантай холбогдуулан олон улсын болон дотоодын баримт бичгүүдэд тулгуурлан  нислэгийн хөдөлгөөний удирдагчдын мэргэжлийн ур чадвар болон мэдлэг туршлагыг хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн асуултуудаас бүрдсэн цахим санг үүсгэх, хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

Таны хувьд хамт олныхоо юугаар бахархдаг вэ?

К.Энхбаяр

/АУҮХ-ийн ЕНХУ/

Миний бие энэ байгууллагад ажил амьдралаа холбоод 34 жил болсон байна. Энэ хугацаанд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хувьд хөгжил дэвшлийн он жилүүд байсан бөгөөд Европ азийг холбосон томоохон агаарын орон зайд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй, шинэ техник технологид суурилсан, орчин үеийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын бат бэх гүүрийг үе үеийн мэргэжил нэгт нөхдийн хамт бүтээлцэж ирсэндээ баярлаж, бахархаж явдаг юм.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний удирдлага үйлчилгээний нэг онцлог бол ээлжийн зохион байгуулалт бүхий тасралтгүй үйл ажиллагаа бөгөөд энэхүү үйлчилгээг явуулахад мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин шаардлагатай байдаг. Нарийн  мэргэжлийн боловсон хүчнийг ихэвчлэн гадаад улс оронд бэлтгэдэг бөгөөд ОХУ, БНХАУ, Тайландын вант улс, БНСУ, Украйн, Англи, Швед, Австрали, Франц, Герман гэх мэтчилэн улс оронд нислэгийн хөдөлгөөний удирдагч, нислэгийн аюулгүй ажиллагаа болон бусад мэргэжил эзэмшсэн залуус маань олон улсын соёлыг албан дээр таниулж, бие биеэсээ суралцаж байдаг нь миний нэг бахархал байдаг.

Түүнчлэн нислэгийн хөдөлгөөний удирдлага бол багийн ажиллагаа байдаг бөгөөд ухамсартай, хариуцлагатай, эрч хүчтэй мэргэжлийн багийн нэг гишүүн болж явдгаараа бахархаж явдаг.

 

 

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Та өөрийн ажлын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

Б.Ганбаатар

/Нислэгийн удирдагчдын холбооны тэргүүн, БУҮХ-ийн ЭЕНХУ/

Миний бие БУҮХ-т ээлжийн ЕНХУ-аар ажилладаг. Бүсийн удирдлагын үйлчилгээний тухайн ээлжийг хариуцан ажиллах өндөр хариуцлагатай ажил хийдэг тул дүрэм журамд заагдсаны дагуу ээлжээ хүлээн авах, нэг ээлжинд ажиллах нислэгийн хөдөлгөөний удирдагчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйд анхаарал хандуулах, ажлын байрны тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах зэргээр ажлын өдөр эхэлдэг. Миний хувьд ажлын байранд бүтээмжээ дээшлүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллахын тулд цагийн зохион байгуулалтаа зөв хийж, ажлын ачааллаа зөв хуваарилж ажиллах зарчмыг баримталдаг. Түүнчлэн шөнийн ээлжинд ажилладаг болохоор ээлжийн өмнөх амралтаа зөв эдлэх хэрэгтэй байдаг. Иймээс ажлын бус цагаар гэр бүлтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн ном сэтгүүл унших, туршлага судлах зэргээр амралтаа өнгөрүүлдэг.

 

 

Ээлжийн амралтаа хэрхэн өнгөрүүлсэн бэ? Аяллын сонин сайхан болон туршлага болох зүйлээ хуваалцана уу.

В.Ганжигүүр

/ЗХНСХ-ийн Сургалтын ахлах мэргэжилтэн/

Энэ жил 8 дугаар сард ээлжийн амралтаа авсан. Зуны урин дулаан цаг учраас амрахад таатай сайхан цаг ууртай байсан болохоор Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд амьдардаг малчин ахындаа гэр бүлээрээ зочилсон. Хүүхдүүдээ өв уламжлал, Монгол ахуйтай танилцуулж, малчны хотонд тоглуулж сайхан амарсан.

Хүүхэд байхдаа малчин эгчийндээ очдог байснаас хойш малчны хотонд очоогүй удсан тул бүх зүйл сонирхолтой байсан. Өглөө хурга, ишигний цангинасан дуунаар цэнгэг агаарт сэрэх мэдрэмж үнэхээр сайхан байсан.

Ээлжийн амралт авч гэрээсээ гарахгүй унтах нь амралт биш тул орчноо өөрчилж амралтаа сонирхолтой, тааламжтай өнгөрүүлэхээр төлөвлөөрэй.

Монгол орон минь байгалийн үзэсгэлэн бүрдсэн олон сайхан газартай билээ.

Малчин айлд зочлох, байгалийн үзэсгэлэнт газарт зүгээр л зүлгэн дээр майхнаа бариад амрах, нуурын эрэгт галын дэргэд суух, ууланд алхах нь сэтгэлийг тэтгэж сайхан амралт болдог шүү.

 

 

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Хамт олондоо санал болгох зөвлөгөө юу байна вэ?

M.Тамир

/БУҮХ-ийн БАНХУ/

Миний бие нислэгийн хөдөлгөөний удирдагчаар 14 жил ээлжинд ажиллаж байна.  Миний хувьд чөлөөт цаг гэдэг нь гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хугацаа байдаг. Гэр бүлийн хамт уул усаар аялах, спорт тоглоомоор тоглох, соёл урлагийн тоглолт, музей үзэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Энэ нь миний зүгээс үр хүүхдүүдээ эрүүл зөв амьдрахад сургах, гэр бүлийн хүмүүжлийг олгох зэрэг аав хүний хувьд хэрэгжүүлэх ёстой үүрэг хэмээн ойлгодог. Хамт олондоо зөвлөхөд бидний ирээдүй болсон үр хүүхдэдээ, гэр бүлдээ илүү цагийг зориулж байгаарай.

 

 

Ажил мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?

Л.Батзаяа

/БУҮХ-ийн БАНХУ/

Би Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд бүсийн ажиглалтын нислэгийн удирдагчаар ээлжийн системээр ажилладаг. 2022 оныг НХҮА-наас хувь хүний хөгжлийн жил болгосонтой уялдуулан албаны хүн тус бүрийг мэргэжлийн хувьд хөгжүүлэх, ажлын байрандаа бүрэн тэнцсэн ажилтан бий болгох зарчим барьж байгаа бөгөөд энэ зарчмын дагуу би ээлжийн системээс өдрийн 8 цагийн ажлын байранд түр хугацаагаар шилжиж, технологи үйл ажиллагааны хэсэгт олон улсын бичиг баримтын заалтууд дотоодын бичиг баримтад хэрхэн туссан болон тэдгээрийн зөрүүтэй байдлыг судлах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ингэснээр нислэгийн удирдагч мэргэжлийн хувьд үйлдвэрлэлийн туршлагаас гадна бодлогын түвшний бичиг баримтуудыг судалж, бичиг баримт, стандартуудын мэдлэг туршлага хуримтлуулж байна. Аливаа зүйлийг сайтар ойлгож эзэмшихэд үйлдвэрлэлийн ажлын туршлага болон онолын бичиг баримтын хэмжээнд ажиллаж практик болон онол хослуулсан туршлага хуримтлуулах нь чухал гэж үздэг.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
13
0
0
0
0
1
0
3
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв