17 жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийнхээ сар шинийн золголтыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн хамт олон хаврын эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр хийлээ.
Сар шинийн золголтыг нээж хэлсэн үгэндээ “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Уламжлалгүй шинэчлэл гэж байхгүйтэй адил нисэхийн салбарын 100 жилийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлье. Улиран одсон луу жилд Иргэний нисэхийн үндэсний төв нь олон улсад мөрдөгддөг зарчмын дагуу ИНЕГ-аас чиг үүргийн хувьд салж ТӨХХК-ийн зарчмаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шинээр томилогдсон удирдлагын зүгээс хүний нөөцийн бодлогод онцгой анхаарч ажилтнуудын цалинг нэмсэн. Цаашид ч анхаарч ажиллана. Төр, засгаас явуулж буй бодлого, шийдвэр, АНУ руу хийх шууд нислэгтэй холбогдуулаад сүүлийн жилүүдэд иргэний нисэхийн салбарт хийгдээгүй техник, технологийн шинэчлэлийг энэ ондоо эхлүүлж, ирэх жил үргэлжлүүлэн 100 хувь хийнэ. Мөн ашиглалтад оролгүй удаж буй Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн байрыг ашиглалтад оруулна. Хөдөлмөрч хүмүүст хайр ивээлээ өгдөг могой жил бид бүгдийн хийхээр төлөвлөн зүтгэж буй томоохон шинэчлэлийн ажлуудад маань ивээл буянаа хайрлах болтугай” хэмээн онцлон дурдлаа.
ИНЕГ-ын даргаар хоёр удаа томилогдон ажиллаж байсан С.Батмөнх, Нислэгийн хөдөлгөөний ахмад ажилтан, анхны эмэгтэй нислэгийн удирдагч нарын нэг С.Тунгалаг, ахмад тээвэрчин Д.Жанчив, Иргэний нисэхийн Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг нар хүрэлцэн ирж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн хамт олонтойгоо Модон могой жилийн сар шинийн золголтоо хийлээ.