Иргэний нисэхийн ахмадын хороо, ГТҮШХА-ны ахмадын зөвлөл хамтран тус албаны ахмад ажилтан Даригчийн Жанчив, Жанцангийн Цэгмид нарын Хөдөлмөрийн алдарыг тэмдэглэлээ.
Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат, өдгөө 82 настай Д.Жанчив гуай 1968 оноос ИАТУЕГ-ын автобаазад жолоочоор ажилд орж, тасралтгүй 27 жил ажиллан өндөр настны тэтгэвэртээ гарчээ. Тэрбээр өөрийн эзэмшиж байсан Зил-130 машиныг их засваргүйгээр 566.0 мянган км буюу эдэлгээний нормыг 206.0 мянган км илүү явуулсан байна. Засвар үйлчилгээг нь цаг хугацаанд нь тогтмол чанартай хийж, төлөвлөгөө нормоо байнга давуулан биелүүлэн социалист хөдөлмөрийн гавшгайч бригадын болзлыг 1 удаа, саятан бригадын болзлыг 2 удаа хангажээ.
Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, өдгөө 79 настай Ж.Цэгмид гуай 1985 оноос ИАТУЕГ-ын автобаазад ажиллажээ. Тэрбээр тус байгууллагад 20 жил ажиллахдаа өдөрт орон нутгийн 60 гаруй, олон улсын 3-4 нислэгийн хангалтыг түгээж, ирсэн бохирыг бэлтгэх цехед хүргэх ажлыг гүйцэтгэж байжээ.