“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейт Улсын Засгийн газрыг төлөөлж, тус улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар энэ сарын 19-ний өдөр Эль-Кувейт хотноо гарын үсэг зурлаа.
Энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх агаад Монгол Улсын хувьд цаашид Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын логистикийн асуудлыг хөнгөвчлөх, экспортыг илүү тогтмол болгох эдийн засгийн чухал ач холбогдолтой.
Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар албан ёсны хоёр талын уулзалт хийлээ. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Зам, тээврийн салбар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс, суурь болж байдгийг тэмдэглэж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Кувейт Эйрвэйс болон Аль-Жазийра агаарын тээврийн компанитай энэ асуудлаар шуурхай уулзалт хийж, ойрын хугацаанд боломжийг судалж, хариу мэдэгдэхээр боллоо. Мөн хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах асуудлаар кувейтийн талын холбогдох байгууллагатай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдлээ.