Иргэний нисэхийн үндэсний төвийн Мэдээллийн технологийн хэлтсээс иргэний нисэхийн ахмадын хорооны гишүүдэд цахим ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Дэлхийн банк, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй сайн дурын оюутнуудын идэвх оролцоотойгоор ахмад настай иргэдэд цахим ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад ахмадын хорооны 32 гишүүн оролцон цахим иргэн, цахим ур чадварын тухай ойлголт, үндсэн ур чадварууд болон цахим хөгжлийг дэмжих багц хуулиудтай танилцан, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн талаар суралцлаа.
Сургалтыг 7 үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулснаас гадна сайн дурын оюутнууд сургалтын туршид ахмадуудад дэмжлэг үзүүлэн, зааж зааварлан, багаар ажиллуулан явуулав. Багш нар ухаалаг гар утасны хэрэглээ, интернэт болон харилцаа холбооны шинэчлэлт зэргийг гар утасны хувилбараар танилцуулан, ахмадуудын гар утсан дээр нь зааварчилгаа өгч, гар утсаараа хэрхэн төлбөр тооцоо хийх, контент бүтээх болон төрийн үйлчилгээг хэрхэн авах талаар зааж, харилцан уялдаатай сонирхолтой байдлаар сургалтыг зохион байгууллаа.