Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны 2024 оны жилийн эцсийн тайлангийн хурал 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Тайлангийн хурлыг албаны дарга Б.Сэр-Од нээж, үйл ажиллагааны тайлан, 2024 онд авч хэрэгжүүлсэн онцлох арга хэмжээнүүдийг нийт ажилтнуудад танилцуулсан байна.
Тус алба нь 2024 онд нийт 7 зорилт, 33 арга хэмжээ төлөвлөж, жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 96,1%-тай дүгнэгдсэн байна. Онцлох ажлуудаас дурдвал:
ИНД-140 “Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага”-ын гэрчилгээнийхээ хугацааг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2029 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл таван жилээр сунгуулжээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор нөлөө буурсан зэргээс шалтгаалан 2024 онд нислэгийн урсгал, ачаалал өсөн нэмэгдэж, өмнөх онуудтай харьцуулахад аюулгүй байдлын үзлэгийн үйлчилгээний тоо ойролцоогоор 3 дахин өссөн байна. Түүнчлэн Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Монгол Улсад зохион байгуулсан зааварлагч багш бэлтгэх сургалтад 6 ажилтан амжилттай хамрагдаж, 1 ажилтан Монгол Улсаас Америк руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Аляска мужийн “Тэд Стивэнс Анкорэйж” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах арга хэмжээнд оролцжээ.