Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) нь тус байгууллагад 2013 онд гишүүнээр элссэн бөгөөд тэдний зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөөнд идэвхтэй оролцож дэлхийн нисэхийн салбарын манлайлагчид, мэргэжилтнүүдтэй мэдлэг солилцон туршлага хуримтлуулж үр ашиг, аюулгүй байдлыг зогсолтгүй ахиулах шинэ арга барил, дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүртсээр ирсэн билээ.
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас 2025 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийн товч танилцуулгыг хүргэж байна.
1. The CANSO Operations Standing Committee (OSC) Annual Summit 2025
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын Үйл ажиллагааны байнгын хорооны (OSC) 2025 оны ээлжит чуулга уулзалтийг 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн NASA Ames судалгааны төвд зохион байгуулна. Нислэгийн хөдөлгөөний зохицуулалт (ATM)-ын салбарын тэргүүлэгчид, мэргэжилтнүүдийг цуглуулах ба үндсэн илтгэлийг NASA Ames судалгааны төвөөс тавих бөгөөд Complete Air Traffic System’s Concept of Operations (CATS CONOPS), Trajectory-Based Operations (TBO) болон Үйл ажиллагааны байнгын хороо (OSC)-ны ирээдүйн талаар мөн хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ингэснээр ATM-ийн ирээдүйн төлөвийг тодорхойлох хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, дэвшлүүдтэй танилцах боломж бүрдэнэ.
Энэхүү Үйл ажиллагааны байнгын хороо (OSC)-ны чуулга уулзалт нь ATM-д тулгарч буй асуудлуудыг тайлах, шилдэг практикийг хуваалцах зорилгоор техникийн болон зохицуулалтын мэргэжилтнүүдийг нэгтгэснээр нэгэн төрлийн хамтын платформийн үүргийг гүйцэтгэх юм. Арга хэмжээний үеэр нислэгийн урсгал төлөвлөлт, байгаль орчны нөлөө, дижитал өөрчлөлт, агаарын зайн оновчтой зохион байгуулалт зэрэг чиглэлийн CANSO-ийн ажлын хэсгүүд уулзаж салбарыг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж ажиллах юм.
2. CANSO 2025 Global Safety Conference 2025
2023 онд Дублин хотод амжилттай зохион байгуулагдсан тус арга хэмжээний дараа Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын Дэлхийн аюулгүй ажиллагааны нийгэмлэг энэ удаад Шинэ Зеландын Кристчерч хотод 2025 оны 3-р сарын 24-28-ны өдрүүдэд дахин хуралдах гэж байна.
Airways New Zealand-аас гардан зохион байгуулах дөрвөн өдрийн хурал нь нисэхийн мэргэжилтнүүдийг нэгтгэн хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдлэг хуваалцах зорилготой бөгөөд нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг сахин сайжруулахад чиглэнэ.
3. Airspace World 2025
Airspace World үзэсгэлэнг хамгийн анх 2023 онд зохион байгуулсан бөгөөд хоёр жилийн турш Швейцарийн Женев хотноо зохион байгуулжээ. Харин ирэх онд Португалийн Лиссабон хотноо 5-р сарын 13-15-ний өдрүүдэд товлож өмнөх хоёр удаагийн үзэсгэлэнгээс том талбайд зохион байгуулахаа мэдэгдсэн байна.
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ийн Борлуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майк Трейчер хэлэхдээ: "Airspace World 2025 бол нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэхийн хамт олон хуран цуглаж дэлхийн агаарын орон зайн нөөц бололцоог танин мэдэх дэлхийн хэмжээний арга хэмжээ юм.”
“Туршлагатай манлайлагчид мэтгэлцэж, агаарын орон зайн ирээдүйг тодорхойлохын зэрэгцээ салбарынхан маань өөрсдийн санаачилга, технологи, стратеги, итгэл найдвар, сорилт бэрхшээл, туршлага, шилдэг практик, кейс судалгаа зэргийг нислэгийн хөдөлгөөн зохицуулалт (АТМ) болон нисгэгчгүй агаарын хөлгийн системийн хөдөлгөөний зохицуулалт (UTM)-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн хүрээний үзэгчидтэй хуваалцах орон зай юм.”
4. Airspace Asia Pacific 2025
Airspace Asia Pacific 2025 оны 12-р сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Хонг Конг хотноо болох AsiaWorld-Expo үзэсгэлэнд болно.
Airspace Asia Pacific нь Ази, номхон далайн бүс нутгийн хамгийн том арга хэмжээ болох бөгөөд тус бүсийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалт (ATM)-ын ирээдүйг тодорхойлохоор мэргэжилтнүүд болон технологийн шинийг санаачлагчид уулзаж бүс нутгийн агаарын орон зайн дэвшил, сорилтуудыг хэлэлцэнэ.
Энэхүү арга хэмжээнд салбарын олон мянган тэргүүлэгчид, 100 гаруй оролцогчид, дэлхийн болон бүс нутгийн АТМ болон UTM салбарын шилдэг илтгэгчид оролцох төлөвтэй байна.