“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Завхан аймаг дахь “Тосонцэнгэл” нисэх буудлын хамт олон оролцлоо.
ТОСОНЦЭНГЭЛ НИСЭХ БУУДАЛ
“Тосонцэнгэл” нисэх буудлынхаа үүх түүхээс бидэнтэй хуваалцаж, хамт олноо танилцуулаач?
П.Энхболд
/Нисэх буудлын дарга/
Миний бие нисэх буудалдаа 2003 онд холбооны инженерээр анх орж, 2015 онд Нисэх буудлын даргаар томилогдсоноос хойш өнөөг хүртэл 21 дэх жилдээ ажиллаж байна. Нисэх гэх том өрх айлд орсноор ажлыг төлөвлөж хийх, хариуцлагатай байх гэх мэт олон зүйлийг сурч мэдэж авсандаа үргэлж баярлаж, бахархаж явдаг. Би нисэхийнхнийг тэнгэрлэг заяатай хүмүүс гэж боддог.
Тосонцэнгэл суман дахь нисэх буудал анх 1961 оны 12 дугаар сард Завхан-Улаанбаатар-Тосонцэнгэл гэсэн маршрутаар аймаг хоорондын агаарын тээврийг 2 гэртэй, РСБ станц, Л-2 мотортойгоор эрхлэгч холбоочин Цэвээндорж, моторчин Б.Сэрээж нарын 2 орон тоотой, 7 хоногт 2 удаа АН-2 онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Манай нисэх буудлын анхны барилга 1962 онд ашиглалтад орж, 1963 онд 1 айлын сууц, мотор, агуулахын байрыг барьж, 1975 онд ХИШЗ-ны эргэн тойронд хамгаалалтын торон хашаа барьсан байдаг.
Анхны эрхлэгч холбоочноор 1961-1962 онд Цэвээндорж, 1963-1965 онд Жамьян, 1966-1972 онд Дашдондог, Батбаатар, 1973-1996 онд Сэрээж нар ажиллаж, 1983 оноос Улаанбаатар-Тосонцэнгэлийн чиглэлд АН-24 онгоцоор зорчигч, шуудан тээвэрлэж эхэлсэн түүхтэй.
Байгуулагдсан цагаасаа хойш Завхан аймгийн Агаарын тээврийн газрын харьяанд ажиллаж байгаад 1993 оноос бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээр буудлын анхны даргаар 1993-1994 онд Г.Дарамсүрэн, 1994-2007 онд Б.Балгансүрэн, 2007-2008 онд Н. Баатархүү, 2008-2015 онд Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж, 2015 оны 02 дугаар сараас П.Энхболд удирдан ажиллаж байна.
Манай нисэх буудалд 1993 онд өргөтгөл хийж, шинээр 150 хүний багтаамжтай зорчигчийн заал бүхий аэровокзалыг “Баянбүрд” ХХК-аар гүйцэтгүүлж, нислэг хөдөлгөөн удирдах цамхаг, экипажийн амрах байр, ачаа тээш хүлээн авах, олгох, аюулгүй байдлын үзлэг хийх өрөө тасалгаа бүхий 3 давхар байрыг ашиглалтад оруулж, уг барилгад 2005, 2008 онуудад их засвар хийгдсэн.
1997 онд аэродромын хөөрч буух шороон зурваст 3,4 сая төгрөгийн, 1998 онд 12,1 сая төгрөгөөр 35:70 м харьцаатай агаарын хөлгийн бетон зогсоол хийгдсэнээр АН-24 маягийн 3 агаарын хөлөг нэг зэрэг үйлчлүүлэх боломжтой болсон. Өнөөгийн байдлаар тус нисэх буудал нь үндсэн 17, улирлын чанартай гэрээт ажилтан 2 нийт 19 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Нислэг хөдөлгөөн техник хангалтын хэсэг, Аэродром газрын үйлчилгээний хэсэг, Аюулгүйн хамгаалалтын хэсэг, Захиргаа, аж ахуйн хэсэг гэсэн бүтэц зохион байгуулалтын 4 нэгжтэйгээр нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нисэх буудлын барилга байгууламжийн засвар арчлалтаас эхлээд ямар ажлууд хийгдэж байна вэ?
Ч.Төмөрбат
/Үйлчлэгч/нярав, сахиул/
Миний бие нисэх буудалдаа 2004 онд харуул, талбайн журам сахиулагч гэсэн албан тушаалаар анх ажилд орж, 2019 оноос үйлчлэгч/нярав, сахиул/ гэсэн албан тушаалд томилогдон, 20 дахь жилдээ ажиллаж байна.
Манай байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд халаалтын зуух болон сантехникийн засвар үйлчилгээг дулааны улиралд засаж сайжруулсан. Объектуудын хаалга, цонхнуудыг дулаалж, гадна, дотор засвар үйлчилгээ, дулаалгыг хийснээр дулаан алдагдалгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар 30 тонн нүүрс, 15 машин галын мод худалдан авч, нөөцөлснөөр өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагдаад байна.
Хэдхэн хоногийн өмнө ИНЕГ-ын даргын тушаалын дагуу навигацийн төлөвлөгөөт шалгалт хийгдсэн. Энэхүү шалгалтад та бүхэн хэрхэн хамрагдав?
П.Энхболд
/Нисэх буудлын дарга/
Тиймээ. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ИНЕГ-ын даргын тушаалын дагуу ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Г.Мөнгөнхуяг даргаар ахлуулсан баг навигацийн төлөвлөгөөт шалгалт хийсэн.
Навигацийн шалгалт нь өвлөөс зунд, зунаас өвөлд шилжих бэлтгэл ажлын биелэлт болон үйл ажиллагааг шалгадаг томоохон шалгалтын нэг юм. Ер нь аливаа шалгалт ирснээр бичиг баримт болон үйл ажиллагаа, аюулгүй байдал улам эмх цэгцтэй болж илүү сайжирдаг, болж байгаа, болохгүй байгаагаа хэлэлцэж, мэдэж авч, нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж дүгнүүлээд зөвлөгөө авчихдаг давуу тал их байдаг. Манай нисэх буудлын хувьд хийсэн ажлаа амжилттай дүгнүүлж, цаашид анхаарах ажлуудын талаар үнэтэй зөвлөгөө авсан үр өгөөжөө өгсөн шалгалт боллоо.
“Тосонцэнгэл” нисэх буудал жилд дунджаар хэчнээн агаарын хөлөгт навигацийн үйлчилгээ үзүүлдэг вэ? 2024 онд хэчнээн агаарын хөлөг хүлээн авч, газрын үйлчилгээ үзүүлсэн бэ?
Л.Бямбажаргал
/Цаг уурын техникч, Нислэгийн мэдээллийн ажилтан хавсран гүйцэтгэгч/
Лхагвадорж овогтой Бямбажаргал миний бие 2013 онд нисэхийн салбараас ажлын гараагаа эхэлж, өнөөг хүртэл 12 дахь жилдээ ажиллаж байна.
Манай нисэх буудал 2024 он гарснаас хойш өөрийн аэродром дээр нийт 35 агаарын хөлөг хүлээн авч, бэлтгэл аэродромоор нийт 42 удаа сонгогдож, баруун болон төвийн аймгуудын өнгөрөлтийн нислэгт бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн 2024 онд өөрийн аэродром дээрээ 35 агаарын хөлөг, Архангай аймгийн Чулуут суманд тусгай үүргийн агаарын хөлөг, Ховд аймгийн Дөргөн нуурын орчимд тусгай үүргийн агаарын хөлөгт тус тус газрын үйлчилгээ үзүүлэн ажилласан.
Мөнх хөх тэнгэр нь цэлмэг байж, Мөнгөн цагаан хөлгүүдийн буулт хөөрөлтийн тоо тэнцүү байг ээ.
Нисэхийн салбарт, тэр дундаа үүх түүх арвинтай орон нутагтаа ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Энэ талаар?
Х.Батцоож
/Агаарын хөлгийн техникч/
Х.Батцоож миний бие 2009 онд анх Тосонцэнгэл нисэх буудалдаа галчаар ажилд орж байсан. Ингээд 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр агаарын хөлгийн техникчийн албан тушаалд томилогдож, 15 дахь жилдээ ажиллаж байна. Ирэх жил гавьяаныхаа амралтад гарна.
Ажиллаж байх хугацаандаа орон нутгийн аэродром дээр буусан бүх л агаарын хөлгийн техникийг угтан авч, үдэн гаргах техникийн үйлчилгээг үзүүлж, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Мөн Увс, Хөвсгөл, Баянхонгор, Отгонтэнгэр нисэх буудлуудад нөхөн хангалтаар ажиллаж байсан.
Би нисэхийн салбарт ажиллаж, маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Мөн жаргал зовлонгийн аль ч үед үргэлж хамт байж, тусалж дэмжиж чаддаг, эерэг хандлагатай олон сайхан залуустай мөр зэрэгцэн ажиллах мөн ч сайхан даа. Хоёр дахь гэр минь болсон халуун дулаан уур амьсгалтай энэ сайхан салбарт ажиллаж байгаагаараа маш их бахархаж явдаг даа.
Жилийн ажлаа дүгнэх оны сүүл үе ойртож байна. Танай хамт олны 2024 онд өмнөө тавьсан зорилго, төлөвлөсөн ажлууд хэр ахицтай явж байна вэ? Он гарсаар хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа дурдвал?
П.Энхболд
/Нисэх буудлын дарга/
2024 онд Тосонцэнгэл нисэх буудал эрх Зүйн баримт бичгийг боловсронгуй болгох зорилго тавьж, 5 зорилтын хүрээнд 25 арга хэмжээг төлөвлөсөн. Одоогийн байдлаар төлөвлөсөн ажил, арга хэмжээнүүдийн хэрэгжилт 77,6 хувьтай явж байна.
Орон нутгийн бусад нисэх буудлуудаас “Тосонцэнгэл” нисэх буудлын ялгарах онцлог гэвэл?
Б.Ням-Очир
/Аэродромын техникч/
Нисэхийн салбарын нийт хамт олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Б.Ням-Очир миний бие тус нисэх буудалдаа 2020 онд томилогдон орж, 4 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.
Манай нисэх буудал 63 жилийн түүхтэй. Төвийн болон баруун бүсийн нислэгүүдэд бэлтгэл аэродромоор ажилладаг. Монгол орны хамгийн хүйтэн цэгт байрладаг. Өвөлдөө -53 градус, зундаа +38 градус хүрдэг, сумын төвөөс 1,9 км зайд Монголдоо томоохон голын нэгэнд тооцогддог Идэр голын хөвөөнд байрладгаараа онцлог юм.
Тосонцэнгэл суманд нэрс, аньс, хад, үхрийн нүд, тошлой зэрэг зэрлэг жимс ургадаг. Мөн Хожуулын рашаан амралт, Зартын халуун рашаан амралт зэрэг эрүүл мэндэд ашиг тустай рашаан амралтуудтай. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй тул аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтойгоороо онцлог юм.
Та нисэх буудалдаа хэдэн жил ажиллаж байна вэ? Нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон түүхээсээ бидэнтэй хуваалцаач.
Б.Энхгэрэл
/Нислэгийн мэдээллийн ажилтан/
Миний бие Тосонцэнгэл нисэх буудалд 2019 онд ажилд орсон. Нисэх буудалтайгаа ажил амьдралаа холбосон түүх минь их сайхан. Аав, ээж 2 маань тус нисэх буудалд 1989-2019 он хүртэл ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Хүүхэд насны минь дурсамж бүхэн энэ байгууллагатай салшгүй холбоотой. Бага наснаасаа аав ээжийнхээ мэргэжлээр бахархаж, нислэгийн удирдагч ах эгч нар маань их сайхан, гоё хүмүүс харагддаг байж билээ. Нислэгийн мэдээллийн ажилтны сургалт 2019 онд хичээллэж, энэ мэргэжлээр ажиллах завшаан олдсонд баяртай байдаг. Энэ салбарт ажиллаж буй бүх ажилтнууд болон ахмадууддаа цаашдын амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Завхан аймагтаа Тосонцэнгэл сум хүн ам хамгийн олонтой нь. Тэгэхээр иргэдийн дунд тогтмол нислэгтэй болох хэрэгцээ шаардлага их байдаг байх. Энэ талаар таны бодол?
Б.Должинсүрэн
/Нисэх буудлын үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч/
Тосонцэнгэл сум нь нийт 9713 хүн амтай томоохон сумдын нэг. Улаанбаатар хотоос баруун тийш 850 км зайд оршдог. Сумаас хот ороход хот хоорондын шугамын автобус хамгийн багадаа 16 цаг, хувийн жижиг машин 10-12 цаг явдаг. Мөн сумын нэгдсэн эмнэлгээр тойргийн сумдын ард иргэд ихээр үйлчлүүлдэг. Хүнд өвчтэй яаралтай төв эмнэлэгт хүргэгдэх иргэд гардаг. Энэ үед хурдан шуурхай хүргэхийн тулд агаарын хөлгийн нислэг нэн шаардлагатай байдаг.
Мөн Тосонцэнгэл суманд баруун 5 аймгийг цахилгаан, дулаанаар хангах хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно. Станцыг дагаад үйлдвэрүүд баригдах, хөгжил цэцэглэлт нэмэгдэх давуу талууд бий болно гэж харж байна. Ард иргэдийн дунд тогтмол нислэгтэй байх эсэх талаар судалгаа авахад судалгаанд хамрагдсан иргэдийн 60 хувь нь тогтмол нислэгтэй болох нь зүйтэй гэсэн санал өгсөн байна. Эдгээрээс дүгнэн үзвэл тогтмол нислэг зайлшгүй шаардлагатай болоод байна.
Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон “Тосонцэнгэл” нисэх буудлын хамт олон та бүхэндээ баярлалаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.