ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс ээлжит мэдээллийн цаг арга хэмжээг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ удаад “Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдол” сэдвийн хүрээнд өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эхэн үед нь оношлуулахын давуу тал, ач холбогдол болон эрүүл зөв хооллолтын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хариуцсан их эмч Б.Сүхбаатар, Хоол зүйч эмч н.Наранжаргал нар мэдээлэл өглөө.
Орон даяар явагдаж буй урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь 0-5 нас, 6-17 нас, 18-30 нас, 31-45 нас, 46-60 нас, 61-ээс дээш насны ангиллаар явагдаж, тухайн насны бүлэгт тохирсон үзлэг, оношилгоог хийдэг байна. Эрт илрүүлгийн гол ач тус нь өвчлөл эхлэхээс урьдчилан сэргийлэх болон өвчлөлийн эхэн үед нь оношилж эмчлэн тухайн хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад оршдог. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хугацаагаар хамрагдаж байхыг их эмч Б.Сүхбаатар зөвлөлөө.
Мөн хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэм бодисоо хоол хүнсээр дамжуулан хэрхэн зөв авах, хооллолт болон хоол хүнсээ сонгохдоо анхаарах зүйлсийн талаар хоол зүйч эмч дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулсан юм.
ИНҮТ-өөс нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн ИНҮТ-өөс ажилтнуудынхаа эрүүл мэндээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дэргэдээ “Сэргээн засах клиник” байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сэргээн засах үйлчилгээг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгааг сургалтын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга С.Батхуяг танилцууллаа.
Тус сургалтад ИНЕГ, ИНҮТ түүний харьяа салбар, нэгжийн болон орон нутгийн нисэх буудлын ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдав.