Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд манай улсад айлчилж байгаа юм.
Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлнэ.
Хурлыг нээж ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл үг хэлэхдээ “Эрхэм ноён Ван Бинээр ахлуулсан БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчдийг Монгол Улсад тухлан саатаж, бидний цаашдын хамтын ажиллагаанд энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой байж, хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна” гэдгийг онцоллоо. Харин ноён Ван Бин хэлсэн үгэндээ “биднийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархаж байна. Хурлын үеэр бид хүссэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Ийнхүү зохицуулах хурал “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн гэрээг шинэчлэх, шийдвэрлэх” хэлэлцүүлгээр эхэллээ.