Ангилал
Хэзээ
2024-10-15
Үсгийн хэмжээ
AVAITION PHOTO NEWS XXXIV
AVAITION PHOTO NEWS XXXIV

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Барилга байгууламжийн ашиглалтын албаны хамт олон оролцлоо.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН АЛБА

 

ИНҮТ-ийн Барилга байгууламж, ашиглалтын алба ямар чиг үүргээр ажилладаг вэ? Албаны хамт олноо товч танилцуулна уу.

 

Ц.Болдсүрэн

/Барилга байгууламжийн ашиглалтын албаны дарга/

     Манай албаны ерөнхий чиг үүрэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудыг ая тухтай орчин нөхцөлд ажиллах боломжоор хангах юм. Барилга байгууламжийн засвар, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Манай албанд иргэний нисэхийн салбарт олон жилийн турш хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ажилтнууд олон байдаг. Мөн цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтын гэрээт ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын хэмжээнд нийт хэчнээн барилга байгууламж бүртгэлтэй байдаг вэ? Ашиглалтын байдлаар нь сонирхуулбал?

Иргэний нисэхийн ерөнхий газрын барилга байгууламжийн нэгдсэн бүртгэлд нийт 796 объект бүртгэлтэй байдаг. Оффисын барилга, нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, хол, ойрын чиглүүлэх станцын барилга, авто машины гарааш, агуулахын байр, харуулын байр, орон сууц зэрэг 340 барилгатай. Барилгын гадна инженерийн шугам сүлжээ, дулааны шугам, цэвэр, бохир усны шугам, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, шилэн кабель, бүх төрлийн хашаа, шатахууны агуулах, далан, гүүр хоолой, үерийн усны далан, суваг, шуудуу, гүний худаг, ачиж буулгах хатуу хучилттай тавцан гэх мэт 321 байгууламж бүртгэлтэй байдаг.

Нийтийн эзэмшлийн байгууламж 135 бий. Энэ нь авто машины зам, авто зогсоол, явган хүний зам талбай, сүүдрэвч, гадна гэрэлтүүлэг, хайс, хашлага, зүлэгжүүлсэн ногоон талбай, орчны тохижилт, мод, бут сөөг юм. Нийт барилга, байгууламжийн 273 нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд 523 нь хөдөө орон нутагт байна. Улаанбаатар хотод 273 барилга байгууламж байгаагаас барилга 115, байгууламж 114, нийтийн эзэмшлийн байгууламж 44, хөдөө орон нутагт 523 барилга байгууламж байгаагаас барилга 225, байгууламж 207, нийтийн эзэмшлийн байгууламж 91 байна.

Танай хамт олон ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байдаг. 2024 он гарсаар өнөөдрийн байдлаар хэчнээн объектод засвар, үйлчилгээ хийсэн бэ?

     Манай алба тохижилт, засвар үйлчилгээний 8 ажилтан, 3 инженертэй. Харьяа нэгж салбаруудын өгсөн хүсэлт, захиалгын дагуу засвар үйлчилгээний материал хэрэгслийн тооцоог гарган батлуулж, засвар үйлчилгээний ажлаа эхэлдэг. Энэ онд  29 засвар тохижилтын ажил хийгдсэн. Дотоод мэдээллийн IMCAA системийн цахим дуудлага 80-ыг хүлээн авч, цаг тухай бүрд нь шуурхай биелүүлэн, засвар үйлчилгээ хийн ажилласан. Томоохон ажлууд гэвэл Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хүндэт зочны танхимыг шинэчлэн засварласан. ИНЕГ-ын хойд талын хэсэгчилсэн фасад, ИНЕГ-ын дээврийн хэсэгчилсэн засварын ажлуудыг хийлээ.

Та бүхэн өөрсдийн үйл ажиллагаанаас гадна төсвийн болон урсгал зардлаар гаднын байгууллагаар хийлгэж буй ажлуудад ажлын тоо хэмжээ, төсвийг  боловсруулан, захиалагчийн хяналт тавин ажилладаг юм байна. Тухайлбал, энэ онд гаднын хэчнээн ажилд хяналт тавьж ажилласан бол?

     Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал нисэх буудлын барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Манай инженерүүд эдгээр нисэх буудлуудад томилолтоор очиж ажилласан. Мөн 250-р цэцэрлэгийн дээвэр болон дотоод засварын ажилд хяналт тавин ажилласан.

Албаны ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл ямар вэ? Хөндлөнгөөс харахад ачаалал өндөр, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа харагддаг?

Манай албаны гагнуурчин, слессарууд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг тул хуулийн дагуу хэвийн бус нөхцөлийн хөнгөлөлт үйлчилгээнд хамрагддаг. 2024 онд тохижилт, засвар үйлчилгээний ажилтнууд, механик, тоног төхөөрөмжийн инженер зэрэг 13 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл”-д ажиллаж байгаа нь тогтоогдсон. Хамтын гэрээний заалтын дагуу цалин хөлсний нэмэгдэлд хамрагдаж байгаа. Цаашид хөдөлмөрийн хэвийн  бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Салбараараа бахархах зүйл цөөнгүй байдаг байх?

 

М.Батсайхан

/Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн дарга/

Иргэний нисэхийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Ирэх онд манай иргэний нисэхийн салбарын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн бараг талд нь шахуу би мөнх хөх тэнгэрээ дээдэлдэг Монгол хүний хувьд энэ салбартаа ажиллажээ. Хамгийн их бахархдаг зүйл маань маш өндөр хариуцлагатай салбарт сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг ажилтан албан хаагчид маань юм даа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажил нэлээд байгаа байх?

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ болон ИНҮТ, БУОНБ-ын харьяа барилга байгууламжуудын дулаан сантехник, хөргөлт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжүүдэд урсгал болон их бага засваруудыг хийлээ. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь ханган ажиллалаа.  ЦТП-1-ийн гадна талын авто зам доогуурх дулааны шугам сүлжээг хэсэгчлэн солих ажлыг хийв. Аэродромын гадна талын дулааны болон цэвэр усны шугамыг хэсэгчлэн сольсон. А кемпийн гадна болон дотор шугам сүлжээг хэсэгчлэн засварлах ба бохир усны гадна шугам сүлжээг угаах ажлыг хийлээ. Жаргалант амралт болон БУОУНБ, ИНЕГ, ИНҮТ-ийн бохир усны сүлжээг угааж лайдах ажлыг мөн хийлээ. Үүнээс гадна дулаалгын ажлууд хийгдсэн.

Та бүхний ажлын ачаалал хэр байдаг вэ? Өөрийгөө хөгжүүлэхэд болон гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

Манай хэсэг нь ИНЕГ-ын харьяа нийт 183410 м3  эзлэхүүнтэй 20 гаруй барилга объект, үндсэн 2 дулааны төв, 20 дулааны төв узель, дулаан, сантехникийн систем тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган, засвар үйлчилгээг хариуцан ажил үүргээ гүйцэтгэж байна. Мөн барилга байгууламжуудын хөргөлт, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүдийг хариуцдаг. Өмнө нь манайх 50 ажилтантай алба байсан бол одоо 34 орон тоотой ажиллаж байна. Гэтэл  барилга байгууламжийн тоо нэмэгдсээр байгаа шүү дээ.

Олон жилийн ажлын туршлага, ажлын зохион байгуулалтаасаа хамаараад өөрийгөө хөгжүүлэхэд зохих хэмжээгээр цаг гаргадаг. Байгууллагаас спортоор хичээллэх бүх боломжоор хангаж өгсөн учир эрүүл мэнддээ анхаарч, усан бассейнд хичээллэдэг.

Энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь хэдэн хувьтай явж байна вэ? Онцлох ажлуудаасаа дурдвал?

Манай албаны хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд 95 хувийн хэрэгжилттэй байна. БОУНБ-ын хэрэгцээний халуун усны бойлерыг ялтсан бойлероор солих ажил зэрэг томоохон ажлууд хийгдсэн. Дашрамд дурдахад Дулаан сантехникийн бие даасан нэгж байгуулагдаад энэ онд 30 жилийн ой тохиож байна.  Мөн манай дулаан сантехник, агааржуулалтын хэсэг нь 10.500 дахь өдрөө үйлдвэрлэлийн осолгүй ажиллаж байгаа хамт олон. 10.000 дахь өдөр нь 2023 оны 4 дүгээр сард тохиож, осолгүй манлай үзүүлэлтээрээ бахархан тэмдэглэн өнгөрөөсөн. 

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

 

А.Цэрэндулам

/Гэрээт үйлчлэгч/

     Цэмцийтэл цэвэрлэсэн шал шат, хана хаалга, хөшиг цонх, ширээ сандал, шил толь гээд л албан байгууллагын хаалгаар ороход гял цал байх сайхан шүү дээ. Бидний ажил бол байгууллагаа өглөө ч, орой ч цэвэр цэмцгэр, сайхан байлгахын төлөө байдаг. Би нисэхийн хүн болоод 18 жил болжээ. Хэдийгээр гэрээт үйлчлэгчээр ажилладаг ч гэсэн өөрийгөө “Нисэхийн хүн” гэж бахархаж явдаг. Энд ажилладаг хүмүүсийг тухтай сайхан ажиллах боломжоор хангаж байдаг энэ ажилдаа дуртай. Хариуцаж цэвэрлэдэг газрынхан маань намайг үнэлж, урам өгч байдагт баярладаг.

Б.Жавзмаа

/Жижүүр/

 

С.Раашхорлоо

/Жижүүр/

     Бид байгууллагадаа 20-30 жил ажиллаж байна. Байгууллагынхаа аюулгүй байдлыг хамгаалан ажилладаг. Нисэхийн хэдэн барилга байшингийн хаана нь юу байгааг хамгийн сайн мэддэг хүмүүс бол бид юм. Хаана ямар эрсдэл үүсэх боломжтойг мэдэх хүмүүсийн хувьд ус алдах аюул, галын аюул, байгалийн эрсдэлт хүчин зүйлийн аюулаас өдөр бүр урьдчилан сэргийлж ажилладаг. Шинээр ажилд орж буй хүмүүстээ мэддэг бүхнээ зааж сургадаг. Олон жил ажилласан учраас нисэхийнхээ үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчдын бүгдийн танил хүмүүс шүү бид.

Таны мэргэжлийн онцлог юу вэ? Олон жил цэвэр, бохир усны шугам хоолойн бүх асуудлыг зохицуулдаг хүний хувьд хэлэх үг?

 

Т.Лхагвадорж

/Сантехникийн слесарь/

     Хүн бүрийн тэр болгон хүрч зүрхэлдэггүй засварын ажил бол сантехникийн ажил юм. Бидний мэргэжил хэрэглээний ус, гар угаах, усанд орох, бие засах, дулаан орчинд байх зэрэг хүний наад захын хэрэглээг хангахад хамгийн ойр байдаг. Эмч, цагдаа нар маань ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө байнгын бэлэн байдалд ажиллаж байдагтай адил сантехникч хүн ч иргэдийнхээ ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мөн л 24 цагийн турш бэлэн байдалд ажиллаж байдаг. Миний мэргэжил одоо хамгийн эрэлттэй мэргэжил болсон. Дашрамд хэлэхэд хүн бүр цэвэр усаа хэмнэж, эвдэрсэн, ус алдаж байгаа сантехникийн хэрэгслүүдээ засаж, өөрийн ашиглаж байгаа ариун цэврийн хэрэгслээ байгальд ээлтэй болгоосой гэж гэж боддог доо.

Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон Барилга байгууламжийн ашиглалтын албаны хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв