Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид өнөөдөр буюу 2024.10.14-ний өдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
“Монгол-Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ын хүрээнд БНХАУ-ын зочид төлөөлөгчид манай улсад 5 хоногийн хугацаанд айлчилж байгаа юм. Тус хурлын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.