Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны хэлтэс, Хуулийн хэлтэстэй хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-ийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдвээр зохион байгууллаа. Тус сэдвээр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Мэдээллийн цаг”-т танхимаар болон цахимаар хамрагдсан ажилтнуудад сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн ослын мэдээллийг хүргэн, тус ослуудын шалтгаануудыг тайлбарлахдаа “Нийт ослын 97,1% буюу 111,757 нь жолоочийн алдаатай үйлдлээс, 2% буюу 2208 нь явган зорчигч болон үлдсэн 0,1% нь буюу 290 осол нь замын нөхцөл байдлаас шалтгаалан үүсэж байдаг” гэдгийг онцолсон. Мөн автомашины хурдыг хэрхэн зөв тохируулах, аюулгүй байдлаа ханган, хамгаалалтын бүс хэрэглэх, жолооны ард согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд суухгүй байх, гар утас хэрэглэж сэрэмж, анхаарлаа алдахаас сэргийлэх, хэт ядарсан, нойрмог үедээ жолоо барьснаар үүдэх эрсдэл, холын замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хэрхэн зөв үйлдэх, ослын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, гэрлийн гялбаанаас сэргийлж, гэрлээ байнга шилжүүлэх, бага насны хүүхэд автомашинд хэрхэн зөв тээвэрлэх болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг мэдээллийг өгч, ажилтнуудтай нээлттэй ярилцан, тэдний сонирхсон асуултуудад хариулт өглөө. Ажилтнууд замын хөдөлгөөний үед осол гарсан тохиолдолд даатгалын байгууллагатайгаа болон цагдаагийн албан хаагчидтай хэрхэн хамтран ажиллах талаар болон ямар арга хэмжээнүүд авах шаардлагатай талаар илүүтэй сонирхон асууж байлаа. Мөн сургалтын төгсгөлд согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолооч автомашин жолоодох чадвараа хэрхэн алдах эрсдэлтэй талаар туршилт хийн, мэдээлэл өглөө.