Ангилал
Хэзээ
2024-06-27
Үсгийн хэмжээ
AVAITION PHOTO NEWS XXIX
AVAITION PHOTO NEWS XXIX

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын хамт олон оролцлоо.

“АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ГАЗАР”

ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар ямар чиг үүргээр ажилладаг вэ? Газрын хамт олноо танилцуулаач.

 

Я.Гантулга

/Агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын менежер/

 АБЧУГ нь Иргэний нисэхийн үндэсний төвийн ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175, ИНД-139, ИНД-141, ИНД-144 дүрмүүдийн гэрчилгээний хүрээнд харьяа салбар, нэгжүүдэд аюулгүй байдал, чанарын болон эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, ИНҮТ-ийн хэмжээнд дотоод хяналтыг хэрэгжүүлэн, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж,  үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлэн, эрсдэлийг бууруулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.  

Түүнчлэн нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах замаар удирдлага болон бусад хэрэглэгчдийг цаг үеэ олсон мэдээллээр хангаж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Бид ажилтан бүрийг аюулгүй байдал, чанарын удирдлагатай холбоотой ямарваа асуудал, бэрхшээлийг хөндөн гаргах үйл ажиллагааг дэмжин аюулгүй байдлын аливаа мэдээллийг бүх төрлийн сувгаар хүлээн авч шийтгэлгүй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн ИНҮТ-ийн хэмжээнд аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. 

Бидний гаргаж буй журам заавар хөтөлбөр зорилтууд нь чухал ач холбогдолтой хэдий ч ажилтнуудын маань дэмжлэггүйгээр аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлэх ИНҮТ-ийн хэмжээнд аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зорилго маань бодит биелэл болох боломжгүй юм.

Манай газар нь нийт 38 орон тоотойгоос одоогоор 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн гэрчилгээжсэн албадаас аюулгүй байдал, чанарын удирдлагаар мэргэшсэн ажилтнууд ирж нэгдсэнтэй холбогдуулан хоорондоо мэдлэг, туршлагаа байнга солилцох, бусдаасаа суралцах зорилгоор Open Office concept нэвтрүүлэн ажиллаж байна.

ИНҮТ-ийн үйл ажиллагаанд аюулгүй байдал, чанарын удирдлагын ямар ямар тогтолцоог нэвтрүүлсэн байдаг вэ? Эдгээр нь ямар ач холбогдолтой байдаг вэ?

 

Л. Бат-Оргил

/ Нислэгийн журмын үйлчилгээний хяналтын технологич мэргэжилтэн/    

ИНҮТ-ийн үйл ажиллагаанд аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ИНҮТ-ийн хүрээнд Аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ИНҮТ-ийн бүтцэд байгаа салбаруудын онцлогтой Аюулгүй байдал, чанарын тогтолцоонуудыг нэгтгэн удирдах, тэдгээр салбаруудын харилцан хамаарлыг тодорхойлон, нэгдсэн бодлого, зорилтуудыг тогтоох, харьяа газруудын Аюулгүй байдал, чанарын тогтолцооны хүрээнд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой болгон, холбогдох журам, заавруудыг боловсруулан ажиллаж байна.

ИНҮТ-д Аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр хүн, техник, технологи, байгууллага, удирдлага, зохион байгуулалт, хүрээлэн буй орчны хүчин зүйлс зэрэг нисэхийн аюулгүй байдлын бүх асуудлуудыг ИНҮТ-ийн салбар нэгжүүдийн үзүүлдэг нисэхийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудлуудтай нэгтгэн, өргөн хүрээнд шийдвэрлэн, зохицуулж ажиллана гэсэн үг.

АБУТ(SMS) нь аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэдэг бол ЧМТ(QMS) нь хэрэглэгчийн болон зохицуулалтын шаардлагыг хангахад чиглэдэг

Хэдийгээр Чанарын Менежментийн Тогтолцоо(QMS), Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо(SMS) нь зорилго, хамрах хүрээ, арга барил, соёл зэрэг хэд хэдэн зүйлээрээ ялгаатай боловч бие биеэ хэд хэдэн зүйлээр нөхөж чаддаг. Энэ хоёрыг нэг удирдлагын тогтолцоонд нэгтгэснээр үйл явц, нөөцийн давхардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлж, бодлого, үйл явц, практикийн уялдаа холбоог сайжруулахаас гадна эрсдэл, боломжийг илүү өргөн хүрээнд анхаарч үзэх, бүх үйл ажиллагааны гүйцэтгэлийг үр дүнтэй хянах, удирдах боломжийг олгох зэрэг ач холбогдолтой болох юм.

Үүнээс гадна SMS болон QMS нь агаарын тээврийн байгууллагуудад аюулгүй байдал, чанарын гүйцэтгэлийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, оролцогч талуудын сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг авчирдаг.

SMS болон QMS нь байгууллагуудад аюулгүй байдлын зөрчил, чанарын доголдлыг бууруулах, нөөцийг оновчтой болгох, ажлын урсгалыг оновчтой болгох, оролцогч талуудын хүлээлтийг хангах, нэр хүндийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

 Танай хамт олны энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх нь хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

 

Ч.Чулуунхүү

/Агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/

Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэн тэргүүнд Иргэний нисэхийн үндэсний төвд ИНД-ээр гэрчилгээжсэн үйл ажиллагааг нэгтгэх томоохон цар хүрээтэй ажлыг төлөвлөсөн хугацаандаа амжилттай хийж гүйцэтгээд байна. Үүний дараагаар Иргэний нисэхийн дүрмийн зохицуулалт болон албадын аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баримт бичиг тусдаа мөрдөгдөж байгааг нэгтгэх томоохон судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж, аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны баримт бичгийг боловсруулах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2024 оны III улиралдаа дуусгахаар үр дүнтэй ажиллаж байна. Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4 зорилт, 28  арга хэмжээний хүрээнд хагас жилийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 

 2024 оны хагас жилийн байдлаар ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийгдсэн үү? Энэ талаар.

 

Д.Уртнасан

/Ерөнхий менежер/

Иргэний нисэхийн үндэсний төв нь Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, түүний дагалдах  стандарт ISO 22301:2019, ISO 22320:2018, ISO 22395:2018, “Эрсдэлийн удирдлага” ISO 31000:2018 стандартуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх томоохон зорилтыг тавьж “Менежментийн тогтолцооны баталгаажуулалт болон магадлах аудит хийх, гэрчилгээ эзэмшүүлэх” гэрээг “МОНСЕРТФ” ХХК-тай 2022 онд байгуулан ажилласан. Гэрээний хүрээнд “МОНСЕРТФ” ХХК-ний зүгээс ИНҮТ-д зорилтот 5 стандартын хүрээнд аудит шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд хийж, аудитын үр дүнг харгалзан Иргэний нисэхийн үндэсний төвийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 22301:2019 Аюулгүй байдал ба уян хатан байдал, Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан анхдагч гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар олгосон.

“МОНСЕРТФ” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд ИНҮТ-ийн ISO стандартаар гэрчилгээжсэн үйл ажиллагаанд 2023 оны 6 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд ээлжит буюу 1 дүгээр шатны магадлах аудитыг хийж баталгаажуулсан байдаг. 

Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтцийн томоохон өөрчлөлттэй уялдуулан “МОНСЕРТФ” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд 2 дахь шатны магадлах аудитыг 2024 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд хийлээ. Тус магадлах аудит шалгалтад АБЧУГ-ын хамт олон амжилттай оролцож урьдчилсан дүгнэлтээр маш сайн үнэлгээг аудитын багаас танилцуулсан болно. 

ИНҮТ-ийн ISO стандартаар гэрчилгээжсэн үйл ажиллагаанд хийгдсэн 2 дугаар шатны магадлах аудитын дээрх үнэлгээ нь ИНҮТ-ийн бүтцийн шинэчлэл, шинээр зохион байгуулагдсан бүтцийн нэгжүүд, АБЧУГ-ын хамт олны ажлыг үнэлсэн үнэлгээ гэж бодож байна. Дашрамд дурдахад магадлах аудитын багийн зүгээс ИНҮТ-ийн хамт олон бүтцийн өөрчлөлттэй холбоотой өөрчлөлтийн удирдлага “Change management”-ыг маш үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн.

 Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоотой хамааралтай ямар шаардлага тавьдаг вэ?

 

Д.Эрдэнэбаатар

/Нислэгийн хөдөлгөөн, мэдээллийн үйлчилгээний аюулгүй байдлын технологич мэргэжилтэн/

Үйл ажиллагааны чиглэл, эрхлэн явуулах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаараад Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (SMS) эсхүл Чанарын менежментийн тогтолцоо (QMS) хэрэгжүүлэхийг шаарддаг. Тухайлбал Чикагогийн конвенцын Annex 15-д Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх стандарт, практик зөвлөмжүүд орсон байдаг. ICAO-аас чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх журам болон заавар материалуудыг агуулсан баримт бичгүүд болох PANS-Aeronautical Information Management - Doc 10066, Manual on the Quality Management System for Aeronautical Information Services - Doc 9839 боловсруулан гаргасан.   

Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд хэрэгжүүлэх Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт дэлхий даяар хангалтгүй байгаа бөгөөд тулгамдсан асуудлуудын нэг болсон тул ICAO-ын аудитын тусгай асуулга (PPQ 7.267) болгон оруулж хэрэгжилтийг хянадаг болсон. Өөрөөр хэлбэл бид нисэхийн мэдээллийн үйлчилгээндээ чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэхгүй бол ICAO-ын аудитад амжилттай дүн үзүүлэхгүй.  

Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн ИНҮТ-ийн нэгжүүд маань ICAO-ын стандарт, шаардлагыг биелүүлээд зогсохгүй, нэгдсэн удирдлагын тогтолцоо (SMS, QMS)-г хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж байгаа нь тун сайшаалтай. Бид энэ сайн туршлага, мэргэшсэн боловсон хүчин дээрээ тулгуурлан агаарын навигацийн үйлчилгээ болон нисэх буудлын үйлчилгээг хамарсан Аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог ИНҮТ-ийн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 Нислэгийн үйл ажиллагаанд гарсан аюул, эрсдэлийг та бүхэнд мэдээлснээр залруулах арга хэмжээг хэрхэн авч ажилладаг бол?

 

Н.Анхбилгүүн

/Нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн/

Харьяа алба, салбар нэгжүүдээс ирүүлсэн аюулгүй байдлын мэдээллийн дагуу мэдээлэл цуглуулж, мөшгөлт хийж, хариу арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна. Ирүүлсэн мэдээллийн нөлөөллийг үнэлэн, шаардлагатай тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах, залруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулан, төлөвлөгөөний дагуу эрсдэлийг арилгах, эрсдэлийн түвшнийг бууруулах үйл ажиллагаа явуулан ажилладаг. Мөн аюул, эрсдэл, гэмтэл саатлын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах зорилгоор аюулгүй байдлын мэдээллийг 24/7 хүлээн авах гар утсыг тус газрын ажилтнууд 7, 7 хоногоор ээлжлэн авч, ирүүлсэн мэдээллийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

 Та ажлын төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Өөрийн цагийн менежментийг хэрхэн хэрэгжүүлдэг туршлагаасаа хуваалцаач.

 

Ж.Баттунгалаг

/Нислэгийн журам, нисэхийн мэдээлэл үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/

Би ажлын төлөвлөгөөгөө ИНЕГ, ИНҮТ болон газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж гаргадаг. Энэ нь газар, нэгж, ажилтан хоорондын үйл ажиллагааг цэгцтэйгээр уялдуулж, хамгийн үр дүнтэй арга замаар зорилгодоо хүргэдэг гэж үздэг.  Яагаад бэ гэхээр төлөвлөгөөгөөр дамжуулан зорилтоо тухай бүр хэмжиж, зорилгын хэмжилтдээ мониторинг хийж тайлагнаж ажилладаг учраас ажил орхигдохгүй гэсэн үг. Мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй олон ажил мэдээж гарч ирдэг. Энэ ажлуудаа дэс дарааллаар бичээд яаралтай ажлаас нь эхлээд төлөвлөөд явдаг. Зарим ажил нь шуурхай биелэх, зарим нь хугацаа шаардсан болон төлөвлөгөө гаргаж ганцаараа болон олуулаа гүйцэтгэж ажиллах ч ажлууд бий. Хийж гүйцэтгэсэн ажлуудаа ерөнхийд нь хувь хүний гүйцэтгэлийн тайланд тусгаад удирдлагуудаараа үнэлүүлээд явдаг. 

Цагийн менежментийн хувьд: Би өөртөө байгаа цагийг аль болохоор үр бүтээлтэй хуваарилж, зөв цагт зөв зүйлээ хийж, цагаа дээд зэргээр ашиглахыг зорьж, төлөвлөж ажилладаг. Мэдээж хүн бүр л ажлаа үр бүтээлтэй төлөвлөөд, зорилго тавиад түүндээ хүрч үү гээд явдаг байх. Миний хувьд ажлаа чухал болон шаардлагатай байдлаар ангилаад хамгийн чухал ажлууд хамгийн их анхааралд байж хэзээ хийж дуусгах ёстой бэ гэдгээ тодорхойлоод явчихдаг. 

 Иргэний нисэхийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Салбарынхаа юугаар бахархдаг вэ?

 

Г.Энхболд

/Аэродром,гэрэл суулт,цахилгааны аюулгүй байдлын технологич мэргэжилтэн/

Миний бие 1992 оноос эхлэн МИАТ нэгтгэлийн Холбоо навигацийн  албаны Цахилгааны хэсэгт цахилгаанчнаар ажилд орсноос хойш ИНЕГ-ын ХНАА-нд гэрэл суултын техникч, инженер, ахлах инженер, навигацийн инженер, ИНҮТ-ийн аэродром, гэрэл суулт, цахилгааны аюулгүй байдлын технологич  мэргэжилтнээр одоог хүртэл 30 дахь жилдээ ажиллаж байна. 1991 онд “Буянт-Ухаа” ОУНБ-ын аэродромд  Чех улсын  гэрэл суултын  Д-3 систем шинээр ашиглалтад орж, миний бие анхны шинэ тоног төхөөрөмжүүдэд ажиллах завшаан тохиолдсон билээ.

             Монгол Улс газар нутаг нь өргөн уудам, газар зүйн хувьд далайд гарцгүй онцлогтой тул Монгол улсын тээврийн салбарт иргэний агаарын тээвэр чухал байр суурийг эзэлдэг гэж би боддог.

Шөнийн болон өдрийн цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан үед агаарын хөлгийн буулт хөөрөлтөд нисгэгчид ил харааны мэдээллийг өгдөг гэрэл суултын системүүдийг төв болон орон нутгийн нисэх буудлуудад суурилуулснаар нислэгийн тогтмол үйл ажиллагаанд маш чухал байр суурь эзэлдэг. Одоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 14 нисэх буудалд Чех, Бельги, Австрали, Солонгос улсын гэрэл суултын болон ил харааны ойртолтын налууг заагч PAPI системийг нислэгт ашиглаж байна.

Агаарын хөлгийн  нислэгийг өдөр шөнийн аль ч үед агаарын навигаци, аэродромын байнгын бэлэн байдлыг ханган ажилладаг мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаад үргэлж бахархаж явдаг билээ. Миний ажлын гарааг эхлүүлэхэд ажлын дадлага туршлага, олж авсан мэдлэг боловсрол, зөвлөгөөг чин сэтгэлээсээ харамгүй өгч байсан Н.Батхүү, А.Амгалан, Д.Бадрах, П.Баатар ах нартаа талархаад баршгүй билээ.

Аливаа байгууллага, нэгжийн ажлын бүтээмжид хамт олны уур амьсгал чухал нөлөө үзүүлдэг. Та бүхэн дотоод уур амьсгалаа сайжруулахад хэрхэн анхаардаг вэ?

 

Э.Хулан

/Хяналт-шинжилгээ, үнэлгээ, чанар, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн/

Байгууллагын хөгжил болон амжилтад хамт олны харилцаа, уур амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Стрессгүй, аз жаргалтай, үр бүтээмжтэй таатай ажлын орчныг бүрдүүлэх нь ажиллаж буй хүмүүстээ ээлтэй төдийгүй байгууллагын ирээдүйн амжилтад нөлөөлөх болов уу гэж бодож байна.

Манай хамт олны хувьд өглөө ажил эхлэхийн өмнө цайны ширээндээ цугларч кофегоо уунгаа хийх гэж байгаа болон хийсэн ажлуудаа энгийн яриагаар эхлүүлдэг. Энэ нь хамт олны харилцааг сайжруулах бас нэг хэлбэр байх. Аюулгүй байдал, чанарын удирдлагын газарт шилжиж ажиллаад хэдий удаагүй ч энэ хамт олонтой хэзээний л хамт байсан мэт санагдаад байдаг /инээв/.

Ер нь байгууллагын уур амьсгал, харилцаа хандлага сайн байх нь бие биедээ хүндэтгэлтэй хандаж баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэрэглэж хэвших зэрэг энгийн зүйлээс эхлэх болов уу. 

 Нисэхийн салбарт ажиллана гэдэг бахархалтайн дээр асар их хариуцлага байдаг. Энэ салбарт ажиллах хүсэлтэй оюутан, залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

 

Б.Түвшинбат

/Нислэгийн хөдөлгөөн, мэдээллийн үйлчилгээний аюулгүй байдлын менежер/

Нисэхийн салбарт ажиллана гэдэг бахархалтайн дээр түүнийгээ дагаад асар их хариуцлага байдаг миний бие 1992 онд Нисэхийн тусгай дунд сургуульд орж 1993 онд төгсөөд Дорноговь Аймгийн нисэх буудалд бүсийн нислэгийн удирдагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш одоог хүртэл нисэхийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж байна. Нисэхийн энэ сайхан салбарт ажиллах хүсэл сонирхолтой залууст зөвлөхөд өөрийн хичээл зүтгэл,ажлаа гэсэн итгэл сэтгэлтэй байхад өөрийн зорьсон зорилго мөрөөдөл ойрхон байдаг гэж боддог.

Танай газраас 2024 оны хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү.

 С.Батзул

/Нисэх буудлын үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба нэгжүүд бие даан Иргэний нисэхийн дүрмийн хүрээнд гэрчилгээжиж, дүрмийн хүрээний хариуцлагын зааг Иргэний нисэхийн үндэсний төвөөс тусдаа байж, төв зөвхөн ИНД-141, ИНД 144-ийн дагуу гэрчилгээ эзэмшиж байсныг Зохион байгуулалтын бүтцэд нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 оны эхний хагас жилд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр Иргэний нисэхийн үндэсний төв гэрчилгээ эзэмших үйл ажиллагааг тус газраас зохион байгуулж дүрэм тус бүрээр ИНҮТ гэрчилгээ эзэмшсэн, мөн ИНД-144-ийн гэрчилгээг сунгуулаад байна.

Мөн 2024.06.24-ний байдлаар ISO 9001:2015, ISO22301:2019, ISO31000:2020 –ийн магадлан аудитад амжилттай хамрагдсан. Одоогоор Иргэний нисэхийн үндэсний төвийн ерөнхий журмын боловсруулалтыг хийж байна.

 Шувууны аюулаас сэргийлэх үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдээс дурдаач?

 

М.Баясгаланцэлмэг

/Нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн/

 Миний хувьд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Унгар улсын MATE /former SZIE/ сургуулиудад шувуу судлалаар магистрын зэргээ хамгаалсан. Иргэний нисэхэд шувууны аюулаас сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан ажиллахад дотоод болон гадаад хүчин зүйлээс шалтгаалсан олон бэрхшээл үүсдэг. Эдгээрээс дурдвал аэродром орчмын барилга байгууламж, хогийн цэг, карьерын байгууламж, ус цэвэрлэх байгууламж зэргээс шалтгаалан шувуу, мал, амьтны амьдрах таатай орчин бүрдэж, цуглах, бөөгнөрөл үүсэж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэл үүсдэг.

Энэ аюулаас сэргийлэхэд мэргэжлийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлага жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч зардал өндөр тул шийдвэрлэгдэхгүй хойшилдог. Манай орны хувьд аэродромуудын байршил, байгаль орчны нөхцөл, түүнд бүртгэгддэг шувуу, мал, амьтны зүйлүүд харилцан адилгүй тул эрсдэлийн үнэлгээг аэродром бүрээр гаргахаар төлөвлөж, анхан шатны дата өгөгдөл үүсэж байгаа хэдий ч мэргэжлийн шувуу судлаач бага тул хүндрэл үүсдэг.

 Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын хамт олондоо баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
0
0
0
0
0
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ
© 2024 Иргэний Нисэхийн Үндэсний Төв