Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойг угтан Нисэхийн түүхийн музейгээс “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг зохион байгууллаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдыг оролцуулсан тус өдөрлөгийн үеэр нисэх хүчний түүхэн замналын талаар болон нисэх хүчний залгамж халаа болсон залуу эмэгтэй нисгэгчийн ажил амьдралын талаар танилцууллаа.
Өдөрлөгт “Хүннү эйр” ХХК-ийн эмэгтэй залуу нисгэгч Х.Энхжин уригдан оролцож, нисгэгч мэргэжил сонгосон түүх болон нисгэгчийн ажил амьдралын талаар мэргэжлээ сонгох түүхэн хариуцлагатай үед ирсэн дүү нартайгаа сонирхолтой яриа өрнүүлсэн байна.
Канад улсын Сенека коллежийг нисгэгч мэргэжлээр төгссөн Х.Энхжин 2017 оноос эхлэн “Хүннү Эйр” ХХК-ийн хамтран нисгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд С-172, Р-44, ATR-72, ERJ-190 агаарын хөлгийн нисгэгчээр ажиллажээ. Энэ хугацаанд нийт 2500 орчим цагийн нислэг үйлдсэн байна.